niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 06:31 UTC Эх: https://news.mn/r/2828925/ 098538953feffce5… ← niitlelch.mn руу буцах

Д.Амарбаясгалан: Ажлаа өгч байгаад илүү хүчтэй тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2025.10.16-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: Ажлаа өгч байгаад илүү хүчтэй тэмцэнэ

Д.Амарбаясгалан: Ажлаа өгч байгаад илүү хүчтэй тэмцэнэ

НЭМЭЛТ:

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсний дараа дараах мэдэгдлийг хийлээ.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Эрх чөлөөт ардчилсан Монгол улсын ард иргэд ээ. Өнөөдөр Монгол улс эрх чөлөөт ардчилсан засаглалтай байх уу? эсвэл хэсэг бүлэг хүмүүс төрийн эрх мэдлийн механизийг ашиглаж парламентыг барьцаалж, хүч хэрэглэн дарангуйлалд шилжих үү? гэдэг салаа замын уулзвар дээр бодитой ирээд байна. Энэ эрсдлийг тооцож миний бие Үндсэн хуулиндаа олон намын тогтолцоо бүхий 126 гишүүнтэй парламентийн холимог тогтолцоог санаачилж, улс төрийн намуудтай зөвшилцөн батлуулж, хэрэгжүүлж эхлэсэн билээ.

Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө, улс төрийн намууд нэг хүний өмч биш хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө, Парламентын засаглалаа төгөлдөржүүлэн, ардчилал, эрх чөлөөг хамгаалахын төлөө МАН-ын даргад өрсөлдсөнийг та бүхэн мэдэж байгаа. Ингэхдээ ямар том эрх ашгийг сөрж, эр зориг гаргаж, энэхүү шийдвэр гаргасныг сүүлийн хэдэн хоногт өрнөж буй үйлдлүүд нотлож байгаа гэдэгт итгэж байна.

Энэ бүхний цаана парламентын засаглал, төрийн институцийг тогтворгүй болгох, ард түмний итгэлийг сулруулж, ардчилалыг үгүй хийж, дарангуйлалын хар сүүдэр бий болгох зорилготой байгаа гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна.

Харин МАН-ын өрсөлдөөнд ялагдсан Ерөнхий сайд Г.Занданшатар болон зарим нөхөд маань эхлээд намын дүрэм, бага хурлын гишүүдийнхээ дийлэнх олонхийн гаргасан шийдвэрийг үгүйсгэж, одоо бүр эрээ цээргүйгээр УИХ-ын тухай хуулийг зөрчихийн зэрэгцээ,  гадаадын нэр бүхий хэвлэлд ор үндэслэлгүй мэдээлэлийг төлбөр төлөн байршуулж, түүнээс эх сурвалж болгож гүтгэн харлуулсанаа ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өөрийн биеэр нотлосон.

Тэдний цахим орчинд хийж байгаа гүтгэлэг нь төр засагт ажиллаж байгаа хэнийг ч итгэж дэмжих боломжгүй болтол хараар будаж, өнөөдөр энэ асуудал хил хязгаараасаа давж, Монгол Улсын тусгаар тогтнол алдагдах аюул нүүрлэж байна.

Энэ асуудал засаглалын хямралд хүргэх хүртлээ нэгэнт хүндэрч, Засгийн газар нь парламентынхаа дээр гарч байгаа хууль бус үйл явдал болж байна. Бидний зорьж тэмүүлж, бүтээж ирсэн ардчилсан парламентын засаглал цөөн хүний эрх ашгийн явцуу үйлдлүүдээс болж сорилтод орох хүртлээ хэврэг боллоо. Иймээс  энэ үед надад албан тушаалтай зууралдан суух эрх,  ёс зүй алга. Намайг УИХ-ын даргын албан тушаалтай байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр удлаа. Өнөөдрийг хүртэл хийсэн хэрэг, шалгуулсан асуудал надад байхгүй. Яг энэ цаг үед би бүрэн итгэлтэйгээр УИХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж байгаа албан ёсоор мэдэгдэж байна.

Цаашид надруу чиглэсэн гүтгэлэг, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө сэргээх болно. Нөгөө талаас олон нийтийн өмнө ил харагдахгүй ч хөшигний ард олон үйл явдал хөвөрч байна. Ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд эрсдэл ч бодитоор учирч, хүмүүс үгээ цэгнэн, бодлоо нуух хэмжээнд очжээ.

Цаашдаа монгол төрийн бүх үйл ажиллагаа хуулийн дор явагддаг байх ёстой. Иймээс хуулийг уландаа гишгэсэн, улайран эрх мэдлийн төлөөх тэмцэл удаа дараагийн увайгүй үйлдэл үргэлжилж байгаад цэг тавих ёстой.

Энэ шийдвэр бол Монгол Улсын парламентын тогтолцоог эрхэмлэн дээдлэх ёс зүй, шударга ёсны төлөөх хийж буй тэмцэлийн эхлэл юм.

Монгол Улсад хүн биш хууль засагладаг байх эрх зүйт төрийн төлөө, парламентын нэр хүндийг сахин хамгаалж, улс төрийн дарангуйлалын хар сүүдрийн хөрс суурийг бий болгохоос сэргийлж гаргаж байгаа шийдвэр юм. Эцэст нь Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд Монгол төрийн үйл ажиллагаа тогтвортой, саадгүй хэвийн үргэлжлүүлэх үүднээс хоёулаа хамт огцрох нь зүйтэй гэж үзэж байна.  Бусад улс төрийн дотоод асуудлаа МАН-ын Их хурлаараа хэлэлцэж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна хэмээлээ.

-Та ТББХ-ны өглөөний хурал дээр огцрохыг дэмжээгүй санал өгсөн. Та хоёр тохиролцсон уу?

-Үгүй ээ. Улс  төрийн үйл явц тийм амар тохиролцооны хэлбэрээр явдаг байж болохгүй гэдэг байр суурийг эхнээсээ барьж ирсэн. Ер нь ардчилсан Монгол Улсад аливаа түвшинд улс төрийн нам, парламентын түвшинд олонхын саналаар асуудлаа шийддэг зарчмаар явж байх учиртай. Харамсалтай нь энэ зарчим алдагдаж, өнөөдрийн нөхцөл байдал үргэлжилж байгаад харамсч байна. Ялж, ялагдах нь цаг үеийн асуудал. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг хувь хүний асуудал. Энэ хувь хүний байдал нь Монголын төрөөр тоглох хэмжээнд хүрч байгаад харамсч гүнээ ухамсарлаж энэ шийдвэрийг гаргаж байгаа.

Мөн дээрээс нь АН-ын бүлэг бас хуралдаж, бүх гишүүд нь Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах хатуу байр суурьтай байна гэж илэрхийлсэн нь миний шийдвэр гаргалтад нөлөөлсөн.

Ардчилсан нам сөрөг хүчний хувьд үүргээ гүйцэтгэж байна. Энэ бол маш зөв. Энэ 126 гишүүнтэй парламент амьтай байж асуудлыг шийдвэрлэж чаддаг байх ёстой. Парламентын үйл ажиллагаа доголдолгүйгээр Засгийн газарт хариуцлага тооцох ажлыг бодитой хийж чаддаг байх ёстой. Харамсалтай нь Засгийн газар парламентын үйл ажиллагааг бойкотлож, хэвийн ажиллах байдлыг хангахгүй байна. УИХ-ын гишүүдэд дарамт үзүүлж, гадаад явуулж, хуулийн байгууллагад шалгаж байгаа асуудлаар нь дарамталж, саналаа өгөх үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь цаашид парламентын засаглал тогтвортой байх уу гэдэг эрсдэлтэй тулгарч байна. Тийм учраас улс төрийн дарангуйлалд парламентыг автуулахгүй. Надаар дамжуулж парламентын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг огцруулахаар нэр бүхий 67 гишүүний гарын үсэгтэй шаардлага ирсэн. Энэ хуулиараа үндэслэл бүхий шаардлагыг хүлээн авч, огцорно гэсэн байдаг. Гэтэл үндэслэл хангахгүй байгаа. Яагаад гэхээр Д.Амарбаясгалан нэр холбогдсон асуудлаа УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуул гэсэн. Хуулиараа УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулах гэсэн хуулийн заалт байдаггүй. Энийг мэдсээр байж надад шаардлага тавьж, эний хэрэгжүүлээгүй учраас огцруулна гэж гарын үсэг зурсан. Өнөөдрийн төрийн түвшинд шударга ёсыг тогтоож, жинхэнэ утгаараа парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө тэмцэхийн төлөө хувийн хүсэлтээ гаргасан юм.

УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАХ БОЛЖЭЭ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөх хүсэлт гарган нэр холбогдоод буй асуудлаараа хуулийн байгууллагад шалгуулах болно гэдгээ мэдэгджээ. Энэ цаг мөчид Төрийн ордонд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байна. Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг өнөөдөр зарласан. Тэгвэл дээрх хуралдаанд УИХ-ын дарга оролцох үеэрээ чөлөөлөгдөх хүсэлт гаргана гэдгээ мэдэгджээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Бортээгийн ордтой холбож, энэ асуудлаараа шалгуулах ёстой гэх асуудлыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдэж ирсэн. Үүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан няцаалт хийж ирсэн ч МАН-ын даргад өрсөлдсөн цаг үеэс энэхүү асуудал улам хүчийг авсан. Тэрбээр энэ асуудлаар  “Өнөөдрийг хүртэл надтай холбоотой олон  гүжир гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар асар их мөнгө зарж явууллаа. Улстөрч өрсөлдөгчөө намнадаг ийм  арга хэлбэр байдгийг би бас өнөөдрийг хүртэл мэдэхгүй явж ирлээ. Өөрийн бие дээр тохиолдохоор аргагүй ойлгодог юм байна. Хууль хяналтын байгууллага, улс төрийн дарамт дарангуйлал гэж юу байдаг юм бэ гэдгийг ойлгож мэдэрч байна. Миний хувьд парламентын ардчиллыг дэмжих, парламент дахь улс төрийн намуудын оролцоог бодитой бий болгох, парламентад байгаа улс төрийн намууд нь институци байж, бодлогын өрсөлдөөн хийдэг, улс орны өнөөдрийн маргаашийн хөгжлийг бодлого болгож төлөвлөж чаддаг байх тэр төвшинд хүрэх ёстой гэдэг зорилгоор ажиллаж ирсэн. Германд бүртгэлтэй мөртлөө хаана байдаг нь тодорхойгүй хуурамч мэдээлэл дамжуулдаг хэрэгсэлд 50 мянга гаруй ам.доллар төлж намайг 37 сайтаар гүтгүүлсэн. Тагнуулын байгууллагад гаргасан гомдлын дагуу тагнуулын байгууллагын шинжээч ажиллаад ийм хуурамч сайтаар мэдээлэл тарааж гүтгэсэн байна гэдэг шинжээчийн дүгнэлт ирүүлсэн. “Адменирал” гэнэ үү, Бортээг гэнэ үү миний мэдэхгүй, миний оролцоогүй надад огтоос байгаагүй, цаашдаа ч байхгүй зүйлээр намайг гүтгэсэн. Энэ ауудлаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж, намайг гүтгэсэн мэдээллийн сайттай шүүхдэж ялалт байгуулсан, мэдээлэл нь тогтоогдоогүй. Энэ мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд халдаж араас нь албан тушаалаасаа огцор гэдэг гүжир гүтгэлэг шаардлага тавьж байгаад би гайхаж байгаа.

Би Ардчилсан Монгол Улсын иргэн гэж өөрийгөө бодож явдаг. Буруугүйгээ нотол гэж шаарддаг, огт шалгагдаагүй хэргээр өөрийгөө буруугүй гэдгээ нотол гэдэг шаардлагыг тавьдаг энэ нийгэм 21 дүгээр зуун биш гэж би боддог. Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаанд хүний үндсэн эрхэнд гэм буруутай нь аль нэг шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим байдаг. Гэтэл ямарваа нэг хуулийн байгууллагаар шалгагдаагүй намайг аливаа нэг шүүүх байгууллагаар таслагдаагүй намайг гэм буруутай гэж үзэж, огцор гэдэг шаардлага тавьж байгаа улс төрийн энэ үйлдлээсээ ичих хэрэгтэй. Тогтоогдсон бол би юм ярихгүй, ёс суртахууны хариуцлага хүлээгээд асууалд нээлттэй хандаад явах эр зориг, ёс суртахуун надад хангалттай байгаа. Харамсалтай нь, хэвлэлээр яллаж байгаад чи албан тушаалаасаа чөлөөлөгдөж шалгуул гэдэг зүйл 21 дүгээр зууны ардчилсан Монгол Улсад байхгүй зарчмаар шахаж байгаа учраас би дуугаа өргөнө. Нэг хүний удирдлагатай нийгэм биш. Нэг хүний удирдлагаар хуулийн байгууллага нь ажиллаж хэн нэгнийг улс төрийн ялтан болгодог нийгэмд амьдраагүй. Энэ бол харамсалтай байна, ичих хэрэгтэй" гэж мэдэгдэж байв.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаад УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай саналыг Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай хамтад нь хэлэлцээд явах ёстой. Мөн хэнийг нь ч хамгаалахгүй, хоёуланг нь огцруулах ёстой" гэх байр сууринд нэгдсэн байдаг.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж