МАН-ын даргыг сонгох сонгуулиас эхтэй зөрчилдөөн эцэстээ Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг албан тушаалаас нь огцруулах асуудал болж өргөжөөд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн бол энэ долоо хоногт УИХ-ын гишүүн З.Мэндсайхан тэргүүтэй 67 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан огцрох ёстой гэдэг саналыг УИХ-д мөн мэдүүлээд буй.
Хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах санал УИХ-д өргөн мэдүүлэгдсэнээс хойш гурав хоногийн дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, 10 хоногт багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэр гаргасан байх учиртай. Иймээс Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал энэ долоо хоногт шийдвэрлэгдэх болж байна. Харин УИХ-ын даргыг огцруулах асуудал УИХ-д өргөн мэдүүлэгдэхэд хэлэлцэх хугацааг тодорхой заагаагүй. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дээрх хоёр асуудлыг хамтад нь хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж үзэж буй. Иймд энэ долоо хоногийн VS буландаа Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцруулах үндэслэлүүдийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын санаачилсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай үндэслэлд:
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг “томиллоо” гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид урьдчилж танилцуулах нь төрийн эрх мэдлийн салаа мөчир болох институц хоорондын харилцаа төдийгүй, төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцэлтэй байх зарчмыг хангаж байгаа явдал юм. Үүнийг үл ойшоон Ерөнхий сайдын “онцгой бүрэн эрхийнхээ” хүрээнд “Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “…Монголын Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэснийг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэснийг тус тус зөрчин бусдын гэм бурууг тогтоосон агуулгатай мэдэгдэл хийснээрээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна.
Тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн агуулгатай түүний мэдэгдэл нь Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн, шударга ёсны зарчмыг өөртөө ашигтай байдлаар сонгож ашигласан /selective justice/, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрхэд хамаарахгүй ажил үүргийг хариуцуулах шинжтэй байна. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь парламентын засаглалтай Үндсэн хуульт ёсыг гажуудуулах, “хүн” биш “хууль” засагладаг байх нийгмийн хүсэл зоригийн эсрэг жишиг болж үлдэх эрсдэлийг бий болголоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна.” гэж заасантай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэхгүй байна. Иймээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргасан болно.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нарын УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах үндэслэлд:
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр хэсгийн хоёр дахь хэсэгт "Ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж хуульчилсныг үндэслэн УИХ-ын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод буй нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээрээ сайн дураараа түдгэлзэн шалгуулах, хуулийн байгууллагыг хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангах ёс зүйн шаардлагын Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан танд хүргүүлсэн.
Гэвч дээрх шаардлагыг хүлээн авалгүй, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж, ард түмний элчийн хувьд улсын эрх ашгийн соснирхлыг эрхэмлэн төрт ёс, уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига албан тушаалын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөсөн УИХ-ын гишүүн бид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Иймд таныг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, огцруулах саналыг үүгээр гаргаж байна гэв.
3,607.57






















































Холбоотой мэдээ