Монголын Залуучуудын Эвсэл төрийн бус байгууллагын ерөнхий захирал Т.Амарзаяатай ярилцлаа.
-УИХ ирэх 2026 оны төсвөө арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталсан байх ёстой. Гэтэл төрийн түшээд хоёр талцаж, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд анхаарч байна. Иргэний нийгмийн төлөөллийн зүгээс энэ улс төрийн процессыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Эхэндээ МАН-ын дотоод сонгууль явж байна гэдэг байдлаас хандаж байлаа. Дараагаар нь олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хувааж, элдэв тоо баримт дэлгэж эхэллээ. Бидний зүгээс Монгол төрийн үйл ажиллагааны тогтвортой байдалд санаа зовниж сууна. Ялангуяа Засгийн газрын тогтвортой байдал маш чухал. Одоо ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж буй цаг үе. Эмч, багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, Төв талбай дээрээ жагсч байна. Эрүүл мэндийн даатгалын сан нь хоосорч, гадаа өвлийн улирал эхэлж байна. Иргэд өвөл түлэх нүүрсээ яаж худалдаж авах юм, хүүхдүүд нь ханиад томуугаар өвдвөл яах вэ гээд энэ бүх асуудалд зориулсан төсөв мөнгөнд анхаарах шаардлагатай байдаг.
Бидний зүгээс улсын төсвийн хуваарилалтыг хэрхэн хийж, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын төсөвт иргэдийн саналыг хэрхэн тусгаж байгаа эсэхэд анхаарал хандуулмаар байна.
Манай төрийн бус байгууллагаас бүх яамдын хэлэлцүүлэгт оролцож, саналаа өгсөн. Гэтэл улсын төсөв хэлэлцэх ёстой УИХ-ын гишүүд энэ асуудалд огт анхаарч, төвлөрч өгөхгүй байна. Иргэдийн хувьд ч үнэхээр урам хугарч байна.
Улсын төсвийн батлахдаа үнэхээр иргэдийн оролцоог хангахаар хичээсэн бол мэдээллээ өгч, дараа дараагийн хэлэлцүүлэг рүүгээ орох цаг нь хоолой дээр тулчихсан байна. УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг гэж бий. Тэд төрийн индэр дээрээс тангараг өргөдөг учраас өөрсдийн үндсэн үүргээ санаж байдаг байх. Ихэнх нь зарчим ярьсан мөртлөө тэрийгөө зөрчсөн байр суурь, мэдэгдлүүдийг илэрхийлж байгаа нь маш харамсалтай санагдаж байна.
-Засгийн газар улсын төсвөө боловсруулахдаа анх удаа иргэдээс санал авсан. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар анх удаа төсвийг таван үе шаттай хэлэлцэх болсноороо онцлог. Гэтэл зарим хөндлөнгийн судлаачид иргэдийн саналыг тусгасан нэртэй улсын төсөв хэлэлцэж байна гэж шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Улсын төсвийг батлахдаа иргэдийн саналыг авсан нь сайшаалтай. Энэ ажлыг буруушааж болохгүй. Анхны оролдлого гэхэд олон иргэнийг хамруулж чадсан. Нэгдүгээр, И-Монголиа системийг ашиглан санал авсан бол салбар яамдууд дээр холбогдох мэргэжилтэн, судлаач, төрийн бус байгууллагын төлөөлөл гэх мэт талуудад багцалсан дүн бүхий мэдээллийг танилцуулсан. Гэхдээ иргэдийн оролцоог оромдох, саналыг нь авсан юм шиг ажиллаж, иргэдийг тайвшруулж, иргэдээр гоёл чимэглэл хийж оролцуулсан оролцоо болсон гэж харж байгаа. Салбар яамдууд дээр хийсэн хэлэлцүүлгээр гарсан санал, цахим системээр авсан иргэдийн саналын дүнг нэгтгэж, улсын төсөвтөө тусгаж, танахыг нь танаж, нэмэх шаардлагатай төсвийг нэмснээр иргэдийн оролцоо утга учиртай болно. Олон нийтийн хэлэлцүүлэгт танхимаар болон цахимаар 250 орчим мянган хүн оролцож давхардсан тоогоор 8.8 мянган санал гаргасан. Тэдний 100 мянга орчим нь 18-34 насныхан байсан.
Үүний цаана цахим систем ашиглаж чадахгүй, биелэн хэлэлцүүлэгт оролцож чадахгүй, мэдээлэлд ойр биш иргэдийн бүлэг гэж бий. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид зэрэг бүлгийн хүмүүсийг санал оролцоог цэвэр орхигдуулсан.
3,607.57






















































Холбоотой мэдээ