
ЭМГЭНЭЛ
ХАЖИДСҮРЭНГИЙН ТЭГШЗАЯА
/1973-2025/
Бидний хайрт ээж, халамжит хань, элбэрэлт эмээ, хайртай охин, энхрий дүү, ачлалт эгч Хажидсүрэн овогтой Тэгшзаяа 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Миний ээж Х.Тэгшзаяа нь 1973 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрж, 1991 онд 10 жилийн 36-р сургууль, 1997 онд Сурган хүмүүжүүлэх ухааны коллеж, 2000 онд Удирдлагын академи, 2012 онд “Шинэ иргэншил” дээд сургуулийг боловсролын удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, арга зүйч мэргэжилтэй, улсад нийт 34 жил ажилласан.
Ээж минь 1991-2011 он хүртэл 15, 33, 27, 143 дугаар цэцэрлэгт 20 жил багшаар, 2011-2014 онд 143 дугаар цэцэрлэгт, 2015 оноос өнөөг хүртэл 54 дүгээр цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж, өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ хүүхдийн төлөө зориулж, эцэг эх, хамт олны дунд нэр хүндтэй, хариуцлагатай ажиллаж ирсэн.
Миний ээжийн авьяас билэг, хүч хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж МУЗН-ийн “Нигүүсэл” медаль, МҮЭ-ийн “Өргөмжлөл, “Хүндэт тэмдэг”, ХЗГ-ын “Шилдэг залуу” алтан медаль, НБГ-ын “Арга зүйч” багш цол тэмдэг, “Ахлах багш” цол тэмдэг, “Багшийн алдар” медаль БСШУЯ-ны “Жуух бичиг”, 2011 онд ЗГ-ны шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2016 онд Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнасан.
Мөн хамт олныг төлөвшүүлэх, хүүхэд багачуудыг сурч хөгжихөд нь ихээхэн анхаарч ажилласны үр дүнд 2013 онд “Шилдэг зохион байгуулалттай байгууллага”, 2016 онд “Шилдэг менежменттэй байгууллага”, 2024-2025 оны хичээлийн жилд дүүргийн шилдэг “Мэргэжлийн багш нарын бүлэг”-ээр шалгарсан нь багш хамт олноо удирдан зөв чиглүүлж, дэмжин тусладаг удирдагч байсныг илэрхийлж байна.
Ээж минь боловсролын байгууллагад цуцалтгүй хөдөлмөрлөж, цаг наргүй ажиллах хугацаандаа хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан “Танин мэдэхүйн” цуврал ном, “Сэтгэн бодохуй 5-6 нас”, ”Шүлгийн түүвэр”, “Зугаатай дасгалууд”, “Та хүүхэдтэйгээ хамтдаа хөгжөөрэй” цуврал гарын авлага боловсруулан гаргаж, хамт олныхоо сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байсан.
Сайхан ээж танаараа бид бахархаж, буянд тань залбирч, таныхаа нэр төр, их ачийг бодон, үр хүүхэд биднийхээ зүрх сэтгэлд үргэлжлэх болно.
Ээж минь, та түмний буян, уул ус, тэнгэр бурхандаа үргэлж залбирдаг байсан. Одоо та минь тэнгэр боллоо. Бурхан боллоо. Дарь эх боллоо. Ээж таныгаа бид шүтэж явна. Тандаа цай сүүнийхээ дээжийг өргөж явнаа. Гэр бүл, төрөл төрөгсөд нь.
Ум ма ни бад мэ хум
3,607.57





















































Холбоотой мэдээ