Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Даваа гаригт хэлэлцэхээр болж хойшлууллаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.10.10/ хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцсэн ч шийдвэр гаргасангүй. Ажлын цаг дууссан, мөн Засгийн газрын хувь заяаны асуудал яригдаж байгаа тул УИХ дахь намын бүлгүүдэд дээрх асуудлыг ярих боломж олгох үүднээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулж, ирэх долоо хоногийн Даваа гаригийн 11:00 цагаас үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир мэдэгдлээ.
Л.Оюун-Эрдэнэ: Улсаасаа том компанитай болсон бол улсынхаа нэрийг MCS гэж өөрчилье
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд асуулт тавин хариулт авч байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Засгийн газар Биржийн хуулийн журмыг УИХ-ын бүрэн эрхэд халдахгүйгээр хийх боломж байсан. Наймдугаар сарын байдлаар улсын төсөв 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. АМНАТ-ийг маш бага хэмжээгээр тогтоосон хугацаанд 3.4 сая тонн нүүрсийг экспортод гаргасан. Энэ хууль зөрчсөн АМНАТ-ийн дагуу цаасанд зурагдсан нүүрсийг гаргахын тулд эдийн засгаа сүйрүүлдэг бодлого хэрэгжүүлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-100 хоногт ажилласан сайд нар учиргүй төрөл арилжаад хиймэл оюун ухаантай шинэ сервүүд болсон гэж бодохгүй байна. Одоо хэдүүлээ тойрч худлаа яриад яах вэ. Энэ АМНАТ- тэй холбоотой асуудлыг Ж.Оджаргал захирал дандаа лоббиддог байсан. Уг нь манайд Сангийн сайд Б.Жавхлан ноён нуруугаа хугалчихалгүй над дээр орж ирээд ийм дарамтад ороод байна, шахаад байна, байнга уулзаад байна, гүрийгээд яваад байна л гэдэг байдаг байсан. Б.Жавхлан сайд энэ дээр саналаа өгөөгүй юм уу гэж ойлгосон. Одоо хэдүүлээ худлаа яриад яах вэ. Улсаасаа том компанитай болсон юм бол улсынхаа нэрийг MCS гэж өөрчилье. Одоо нэг компанид давуу тал олгосон зүйлийг шийдсэн гэсэн үг. Энийг нуугаад байх шаардлага байхгүй.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Ашигт малтмалын тухай хуулиар төрийн өмчит компаниуд заавал биржээр нүүрсээ зарна хувийн хэвшил заавал зарах юм байхгүй, энийг мушгиж тайлбарлаж болохгүй П.Сайнзориг гишүүн ээ.
Сая тоо ярилаа, наймдугаар сард төсөв 52 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Биржээр арилжих нүүрсний хэмжээ 132 мянган тонн болж буурсан байсан бол есдүгээр сард 1.1 сая тонн болж 8 дахин өссөн. Энэ шийдвэртэй холбоотойгоор биржээр арилжих тоо өссөн.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхий сайдад асар том эрх мэдлийг өгсөн. Энэ нь Засгийн газрын гишүүдээ Ерөнхий сайд өөрөө томилох, чөлөөлөх, огцруулах эрхийг өгсөн. Та 115 хоногийн өмнө үнэхээр авлига хээл хахууль, хулгайтай тэмцэнэ гэсэн байсан бол УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг тухайн үед яагаад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилоогүй юм. Намын даргын өрсөлдөөн явагдаж байгаа үед Б.Энхбаярыг гэнэт одоо байгаа Л.Мөнхбаатар сайдад хэлэхгүйгээр нэг өдөр өрөөнөөсөө мэдэгдэл хийсэн. Тэгэхдээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайтай холбоотой байсан гэж ярьсан. Танд яг одоо УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой гэх нотлох баримт байна уу. Таны хувьд 5, 6 жил УИХ-ын дарга хийсэн хүн.
Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож үл болно гэдгийг хэнээр ч заалгуулахгүй мэдэж байгаа.
Тийм байхад УИХ-ын даргыг тогтоогдоогүй, хэрэг үүсгээгүй байхад нь ямар ч нотлох баримт цагдаа, прокурор, АТГ-аас шалгагдаагүй байхад ингэж хэлсэн юм бэ. Энэ дээр нэг тайлбар өгөх хэрэгтэй. Бортээгийн уурхайн лиценз хэнд байгаа юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд байгаа юм уу, "Админерал" гэдэг компанид нь байгаа юм уу. Энэ уурхай хэдэн тонн нүүрс гарсан юм. Монгол Улс яаж хохирсон юм. Энэ асуултад хариулж өгнө үү.

Ерөнхий сайд Г.Занданшатар:
– Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх эрх мэдлийг Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх болгосон. Энэ заалтыг хэрэгжүүлэх шаардлага нь тэр үеийн зургадугаар сард эв нэгдэл зөвшилцлийг баримталж, холбогдох байгууллагуудын хооронд кординаци хийж төрийн институцыг тогтвортой ажиллуулахын тулд үндсэндээ зөвшилцлийн гэх хэлж болохоор Засгийг газрыг зөвлөлдөж, зөвшилцөж танхимаа бүрдүүлсэн. Бортээгийн хувьд УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор түр хороо байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудлыг шалгасан. Тэр үед гудамжинд ямар жагсаал болсныг та бүхэн сайн мэдэж байгаа. 2022 оны шахмал түлш арилжих гэрээ, 400 мянган тонн хагас коксон түлш, 100 мянган тонн нунтаг кокс нийлүүлэх асуудал байсан. Би ганц баримт хэлье. Хэрэг бүртгэх ажлын нууцыг үзээгүй, мэдэхгүй.
Гэхдээ 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр Германы нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан даргатай холбоотой ноцтой авлигын мэдээлэл цацагдсан.
Одоо энэ мэдээллийн хэрэгслүүдэд байгаа. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол хэн нэгнийг үндэслэлгүйгээр хүний эрхийг зөрчиж, гүтгэж хэрэгт холбож цоллохгүй. Тийм хуультай улс. Энэ үнэхээр гүтгэсэн байлаа гэхэд өнөөдрийг хүртэл яагаад няцаалт өгөөгүй юм. Энэ чинь Монголд төдийгүй, дэлхийд зарлагдсан байна. Үүнийгээ няцаах хэрэгтэй гэж байгаа. Би зөвхөн нэр холбогдлоо гэж хэлсэн шүү.
Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэдэг заалт бол жирийн иргэнийг төрийн дарамтаас хамгаалсан заалт.
Харин төрийн өндөр албан хаагчид бол жирийн иргэн, хувь хүн биш төрийн нэр хүндийг авч байгаа инстуци, субьект учраас төрийн нэр холбогдсон бол заавал шалгуулж нэрээ цэвэрлэх ёстой гэж үздэг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, УИХ-аар батлагдсан. Энэ бол төрийн нэр хүндээ хамгаалах шаардлагатай юм.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Уул уурхай, хуулийн салбар хоёрыг хайр найргүй улс төрд ашиглаж, нүддэг юм байна. Ингэж нүдэж байх ёстой салбар биш. Уул уурхайн салбарынхан мөнгөтэй учраас сайд нарынхаа хажууд суугаад учраа олдог юм шиг байна. Улс төрийн асуудалд хуулийн салбарыг үлдэх зүйлгүйгээр шороотой хутгаад дууслаа. Шударга ёсонд итгэх иргэдийн хамгийн сүүлийн итгэл найдвар хуулийн салбар байдаг. Ерөнхий сайдаас тодруулахад, та энэ олон жил улс төрд байсан хүн атлаа яагаад хуулийн салбарын сайдыг солихоор хэрэг шийдэгддэг гэдэг ойлголттой байдаг юм бэ. Үнэхээр энэ олон жил улстөрчид хэргийн хувь заяанд нөлөөлдөг байсан юм уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Үндсэн хуулийн дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж төрийн эрх мэдлийг хуваарилдаг. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх, хууль биелүүлэх үүрэгтэй субьект. Энэ хууль биелүүлэх үүргийг Хууль зүй дооод хэргийн сайд хэрэгжүүлдэг. Хууль биелүүлэх үүрэг бол хүний эрхийг ч хамгаалах нөгөө талдаа гэмт хэрэгтэй ч тэмцэнэ.
Монгол Улсын эдийн засгийн сүүдэр бол бүх шатанд байгаа хулгай дээрэмтэй эрс шийдэмгий тэмцэхийг бүх судалгаа харуулж, шаардаж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанид гурван сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, хулгайг таслан зогсооход үр ашиг яаж дээшилж, эдийн засаг яаж сэргэж болохыг тоо баримт нотолж байна.
Тоо худлаа хэлдэггүй, тоо бол бодит нотолгоо нь. Энэ чиглэлээр хийж байгаа ажлыг эрчимжүүлэх нь харин ч хүмүүст нэр төрөө цэвэрлэх боломж олгох, харилцан тэсвэртэй хяналттай, хууль хэрэгжүүлэх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг мөн учраас бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй дотоод хэргийн сайдыг энэ чиглэлээр ажиллуулах шийдвэр гаргаж, есдүгээр сарын 30-нд УИХ-д танилцуулахаар хүргэсэн. Одоог болтол УИХ-д танилцагдаагүй байна, энэ бол Ерөнхий сайдын хууль хэрэгжүүлэх эрхээ биелүүлэхэд саад учруулж байна гэж үзэж байна.
Хууль зүй дотоод хэргийн сайд бол улсын прокурор яллагч биш, нүүрсний сонсголыг зохион байгуулсан мэдээлэлтэй хүн учраас нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг бодитой хийж хар цагааныг дэнсэлж нэр төрөө цэвэрлэх боломж олгох, нөгөө талаас буруутай бол нүүрсний хулгайтай тэмцэх эдийн засгийн зайлшгүй шаардлага болоод байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдрийг хүртэл надтай холбоотой олон гүжир гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар асар их мөнгө зарж явууллаа. Улстөрч өрсөлдөгчөө намнадаг ийм арга хэлбэр байдгийг би бас өнөөдрийг хүртэл мэдэхгүй явж ирлээ. Өөрийн бие дээр тохиолдохоор аргагүй ойлгодог юм байна. Хууль хяналтын байгууллага, улс төрийн дарамт дарангуйлал гэж юу байдаг юм бэ гэдгийг ойлгож мэдэрч байна.
Миний хувьд парламентын ардчиллыг дэмжих, парламент дахь улс төрийн намуудын оролцоог бодитой бий болгох, парламентад байгаа улс төрийн намууд нь институци байж, бодлогын өрсөлдөөн хийдэг, улс орны өнөөдрийн маргаашийн хөгжлийг бодлого болгож төлөвлөж чаддаг байх тэр төвшинд хүрэх ёстой гэдэг зорилгоор ажиллаж ирсэн.
Түрүүн Г.Занданшатар сайд хэллээ, гадаадын сайт гээд.
Германд бүртгэлтэй мөртлөө хаана байдаг нь тодорхойгүй хуурамч мэдээлэл дамжуулдаг хэрэгсэлд 50 мянга гаруй ам.доллар төлж намайг 37 сайтаар гүтгүүлсэн.
Тагнуулын байгууллагад гаргасан гомдлын дагуу тагнуулын байгууллагын шинжээч ажиллаад ийм хуурамч сайтаар мэдээлэл тарааж гүтгэсэн байна гэдэг шинжээчийн дүгнэлт ирүүлсэн.
“Адменирал” гэнэ үү, Бортээг гэнэ үү миний мэдэхгүй, миний оролцоогүй надад огтоос байгаагүй, цаашдаа ч байхгүй зүйлээр намайг гүтгэсэн. Энэ ауудлаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж, намайг гүтгэсэн мэдээллийн сайттай шүүхдэж ялалт байгуулсан, мэдээлэл нь тогтоогдоогүй. Энэ мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд халдаж араас нь албан тушаалаасаа огцор гэдэг гүжир гүтгэлэг шаардлага тавьж байгаад би гайхаж байгаа.
Би Ардчилсан Монгол Улсын иргэн гэж өөрийгөө бодож явдаг. Буруугүйгээ нотол гэж шаарддаг, огт шалгагдаагүй хэргээр өөрийгөө буруугүй гэдгээ нотол гэдэг шаардлагыг тавьдаг энэ нийгэм 21 дүгээр зуун биш гэж би боддог.
1937 он байсан бол магадгүй намайг гаргаж аваачаад буудчих юм шиг байна.
Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаанд хүний үндсэн эрхэнд гэм буруутай нь аль нэг шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим байдаг. Гэтэл ямарваа нэг хуулийн байгууллагаар шалгагдаагүй намайг аливаа нэг шүүүх байгууллагаар таслагдаагүй намайг гэм буруутай гэж үзэж, огцор гэдэг шаардлага тавьж байгаа улс төрийн энэ үйлдлээсээ ичих хэрэгтэй.
Тогтоогдсон бол би юм ярихгүй, ёс суртахууны хариуцлага хүлээгээд асууалд нээлттэй хандаад явах эр зориг, ёс суртахуун надад хангалттай байгаа.
Харамсалтай нь, хэвлэлээр яллаж байгаад чи албан тушаалаасаа чөлөөлөгдөж шалгуул гэдэг зүйл 21 дүгээр зууны ардчилсан Монгол Улсад байхгүй зарчмаар шахаж байгаа учраас би дуугаа өргөнө.
Нэг хүний удирдлагатай нийгэм биш. Нэг хүний удирдлагаар хуулийн байгууллага нь ажиллаж хэн нэгнийг улс төрийн ялтан болгодог нийгэмд амьдраагүй. Энэ бол харамсалтай байна, ичих хэрэгтэй.
Г.Занданшатар: ҮАБЗ-өөс оффтейк гэрээ байгуулах шийдвэр гаргаагүй, би харж ч байгаагүй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үргэлжилж, гишүүдийн асуултад Ерөнхий сайд хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
-Гадаа эмч, багш нар цалин хөслөө нэмэгдүүлье гээд жагсаж байна. Цалин нэмье гэхээр татвараа нэмэгдүүлэлтэй нь биш төрд нүүрлэсэн хулгайтай л тэмцэх шаардлагатай байх. Хулгайтай тэмцэх гэж байгаа үед огцруулах асуудал тавигдсаныг та юу гэж харж байна вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Засгийн газрын гарааны гурван сар эдийн засгаа өөд нь татаж, эдийн засгийн уналтаас сэргийлэхийн тулд баялгийн хулгайтай тэмцэж, сэргээсэн өдрүүд байлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнгөрсөн долдугаар сарын 9-нд Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт сарын 1.7 сая тонноос 2.7 сая тоннд хүрч өслөө. Валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ. Ингэснээр валютын ханш 4000 төгрөгт хүрэх, инфляцийг хоёр оронтой тоо руу алдахаас сэргийлж чадсан. Биржийн арилжаа 8.1 дахин өслөө. Энэ бол бодитой хулгайтай тэмцэж, "Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоосноор сар бүр алдагдалтай гарч байсан улсын төсөв наймдугаар сард тодорхой ашигтай гарч экспортын орлого хоёр сарын дотор 513.8 сая ам.доллар болж өссөн. Эдийн засгийн бодит тоогоор сайн ажилласан нь харагдаж байгаа.
Би Засгийн газрыг огцруулах гэж байгаа үндэслэлийг хайгаад олоогүй сүүлийн гурав хоног. Эдийн засаг ийм хүнд байх үед Засгийн газар огцрох бол үндэслэлтэй шалтгаан гарах ёстой.
Энэ бичиг хэдэн удаа толгой нь солигдсон, хэдэн удаа гишүүд шаардсан. Бид энэ бичигтэй танилцаж байж хариуг нь өгөх ёстой. Гэтэл өнөөдөр л огцруулах саналыг харж байна. Ийм учраас асуудлуудыг үнэн бодитой эдийн засгийн үндэслэлтэй хэлэлцэх ёстой. Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх бодит боломжийг эрэлхийлэх нь бүх шатанд байгаа хулгайтай тэмцэж байж эдийн засаг сэргэх юм билээ. Энэ намын Бага хуралтай ч хамаагүй. Засгийн газрын хуулиар хүлээсэн үүрэг нь. Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ тууштай хэрэгжүүлж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Ерөнхий сайд та хэдээс хэдэн оны хооронд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргаар ажилласан бэ. Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаа суудаггүй байсан юм уу. Ил болгочихсон оффтейк гэрээг л ил болголоо гээд байх юм. Төмөр зам байгулах шийдвэрийг хэн гаргасан юм, төмөр зам барих мөнгийг хаанаас гаргая гэж шийдсэн юм. Шийдвэрийг яагаад нууцалсан юм. Тэр нууцалъя гэдэг шийдвэрийг хэн гаргасан юм. Протколыг нь ил гаргамаар байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн та ч бас хариул. 2019-2022 оны хооронд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэр байна лээ. Нүүрсний 30 хэдэн гэрээ байгаа юм.
АМНАТ хууль зөрчсөн л байна ш дээ. Яагаад бусдад ийм давуу байдал үүсгэж байгаа юм. Төсвийн алдагдлыг хэн нөхөх вэ, 200 тэрбум гэж яриад байгаа?
-Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Б.Баярбаатар гишүүн та төрийн түшээ хүн хуулиа сайн судлах хэрэгтэй. ҮАБЗ оффтейк гэрээ юм уу, гүйцэтгэх засаглалын шийдвэр гаргадаггүй, зөвлөмж гаргадаг.
ҮАБЗ-өөс ямар ч оффтейкийн гэрээ байгуулдаггүй, би лав оффтейкийн гэрээ байгуулах нь битгий хэл барьж үзээгүй, харж ч үзээгүй. Сая л гэрээг ил болоход нь харлаа.
Яг ийм хэл ам маргаан нүүрсний жагсаалын дараа гараад УИХ -ын гишүүд нууцтай танилцах бүрэн эрхийнхээ хүрээнд танилцах чиглэл өгөөд гишүүд уншиж үзээд ҮАБЗ -ийн зөвлөмжийг үзээд оффтейкийн гэрээ ҮАБЗ -өөр батлагдаж байгаагүй юм байна. Харин улс үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд шаардлагатай томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарч байсан байдаг. Зөвлөмжтэй танилцчих хрээгтэй. Тэнд байгаа нарийн ширийнийг хууль хяналтын байгууллага тогтоох хэрэгтэй байх. Шийдвэрүүд бүгд баримттай нотолгоотой ил тод болох ёстой. Н.Номтойбаяр гишүүн шаардаад байсан ш дээ. Оффтейк гэрээний нүүрийг нь үзүүлчихээд гэрээ нь байхгүй байна, ил тод болгооч ээ гээд шаардсан. Тэр хүсэлтийн дагуу л ил тод болгосон. Албан бичиг ч зөндөө ирсэн.
АМНАТ тооцох журам бол хууль зүйн үндэслэлтэй. Засгийн газрын 55 дугаар тогтоол бол Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхайн биржийн тухай хуультай бүрэн нийцсэн. Үндсэн хуулийн зөрчил үүсгээгүй, УИХ -ын Татвар тогтоох эрхэд халдаагүй.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ:
-Дуугай л яваад байсан юм. Ил тод ярилцах цаг нь болж байна. МАН 2024 оны сонгуульд дэлхий дээр ганцаарахнаа олонхийн санал авсан нам болсон. Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд анхаарах ёстой байсан. Хармсалтай нь, сандал суудлын асуудлаа тэргүүнд тавиад хамтарсан Засгийн газраа тараасан.
Олон улсын хувьд ч, олон нийтийн хувьд ч онигоотой байдалд орж байна.
Төрийн ажил бол Үндсэн хуулийн дагуу баримтад тулгуурлаж ярих ёстой болохоос цуу яриа огт худлаа мэдээллээр цахимаар дамжуулж биенээ харлуулах байдлаар явуулж болохгүй.
Нүүрсний оффтейк гэрээтэй холбоотой асуудал яагаад үүссэн бэ гэхээр 2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум болсон. Тухайн үед Эдийн засаг хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байсан. С.Бямбацогт сайд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль санаачилж батлуулаад тэр эрх зүйн хүрээнд Эдийн засаг хөгжлийн сайд томилогдсон. Гааль дээр нүүрсний бүрдүүлэлт экспорт байгаа хэрнээ валют орж ирэхгүй байгаа асуудлыг Ч.Хүрэлбаатар сайд анх олж харсан. Оффтейк буюу урьдчилан зарсан нүүрсээ хилээр гаргаад валют олж ирж байгаа нүүрсээ гаргахгүй байгаагаас асуудал үүсэн, валютын нөөц багасаж, ханш алдсан гэдэг дүгнэлт хийсэн.
Ингээд оффтейк гэрээг 2022 онд ил болгосон, өчигдөр яригдаад байгаа зүйлээс нэмж ил болсон зүйл юу ч байхгүй.
ҮАБЗ-тэй холбоотой шийдвэр гардаг нь үнэн. Тендерийн тухай хуульд энэ зөвлөмж хамаарахгүй гэдэг шийдвэр гаргадаг. Нэг үгээр хэлбэл, шууд гэрээ хийх худалдан авалттай холбоотой асуудлыг Тагнуулаас бичиг авахын тулд ийм зөвлөмж гаргадаг. Энэ нь өөрөө шууд гэрээ хийгддэг, тагнуул нууц гэж үздэг. Тийм учраас энэ зөвлөмжийг ч гэсэн ил болгох шаардлагатай.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Оффтейк гэрээг ҮАБЗ байгуулсан гээгүй, байгуулах эрхийг хэн олгосон юм бэ, яагаад нууцад авах болсон юм бэ гэж Ерөнхий сайдаа би танаас асуусан. Гэхдээ та зөвлөмж дээр үндэслээд энэ гэрээнүүд явсан юм аа гэж хариуллаа. Тэгэхээр та товч хариулчихаач?

Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Хуулиа уншаад хүний үгийг бүрэн ойлгооч гэж хэлэх байна. Тагнуулын ерөнхий газрын шийдвэрийг үндэслэж Засгийн газар төрийн нууцад авах шийдэр гаргадаг. УИХ -ын дарга гүйцэтгэх засаглалын ажил хийдэггүй. Хууль тогтоох эрх мэдлээ л хэрэгжүүлдэг. Зөвлөмжүүдтэй танилцах эрх нь танд нээлттэй.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ:
-"Бодь" группын энэ оффтейк гэрээ явж байхад Г.Занданшатар дарга та Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан, би танаас ажлыг нь авч байсан. Энэ гэрээтэй холбоотой асуудлыг нүүрсний сонсгол дээр хамгийн их ярихаар Загийн хоолойтой холбоотой Норинкогийн асуудал, “Бодь” групптэй холботой хоёр том оффтейкоос болж валютын нөөц яаж багасаж байна вэ гэдгийг нүүрсний сонсгол дээр ярих зорилготой ажлын хэсэг байгуулагдаад Б.Энхбаяр гишүүн ахалсан. Гэвч тэр нь “Бодь”-ийг тойрч, тойрч Бортээг болсон. “Бодь”-той холбоотой асуудлыг ярих цаг нь болсон. Г.Занданшатар дарга та өөрийнхөө хийсэн ажлыг ярих цаг болсон. Яагаад өргөн цариг тавьсан юм ярих хэрэгтэй.
ТББХ: Ерөнхий сайд аа та өрсөлдөгчөө хулгайчаар дуудаж байгаа нь хэр зохистой вэ?
Завсарлагын хугацаа дууссанаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ асуудалтай холбогдуулж гишүүд асуулт тавьж, Ерөнхий сайд хариулт өгч эхэллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Ерөнхий сайд аа, та яагаад намын зовлонг төрийн зовлонг болгочих вэ. Намын даргын сонгууль болсон юм шиг байна лээ ш дээ, Бага хруал хуралдсан. Тал бүртээ хүмүүсээ оруулсан тооллогын комисс гаргаад тооллогын дүрмээ тохироод бүгдээрээ батлаад нэг тал нь ялсан юм билээ. Хэрэвзээ та 56 хувийн санал авч ялалт байгуулаад хамтдаа баталсан дүрмийнхээ дагуу дараагийн шатны сонгууль нь болоод гуравны хоёрын саналаа аваад намын даргаар бүртгүүлэх гээд явж байсан бол өнөдөр ийм асуудал болох уу. Манай төрийн зовлон өнөөдөр намын даргын суудлаас боллоо.
Та ялагдчихаад тахимаа өгч чадахгүй өрсөлдөгчөө хүнээр дамжуулан болон өөрөө хулгайчаар нь дуудаж байгаа нь хэр зохистой вэ.
Би таныг хүндэлдэг, таныг УИХ-ын дарга байхад би Үндэсний статистикийн хорооны дарга байсан. Маш олон ажил хийсний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Харамсалтай байна. Өдий олон жил албан тушаал дээр байж олон ажил хийчихээд намын даргын сонгуулиас болж, өрсөлдөгчөө та хулгайч гэсэн. Таныг ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ гэхэд нь “Сайхан өрсөлдлөө, ялагдлаа. Улс орны байдал хүнд байна, хамтарч ажиллая” гэх болов уу гэтэл тэгсэнгүй?

Ерөнхий сайд Г.Занданшатар:
-А.Ариунзаяа гишүүн ээ, энэ бол намын байгуулалтын хэлтэс биш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.
Та Тусгаар тогтнолын ордонд биш, Төрийн ордонд байна. Намын асуудлыг Төрийн ордонд хэлэлцэх ёсгүй.
Би анхнаасаа Ерөнхий сайдын хувьд улс төр биш урдах ажлаа хийх зарчим барьж Засгийн газрын нэрийг ашиглаж байгаагүй. Би нүүрсний хулгай, дээрмийг таслан зогсоох ажлыг анхнаасаа ярьж байсан. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг. Тийм учраас намын даргын асуудлыг энд ярих нь зохисгүй.
Бидний хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн нам дотоод ардчилалтай, зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн байх Үндсэн хуулийн заалтыг оруулсан. Үүний дагуу Улс төрийн намын тухай хуулийг баталсан. Улс төрийн намын эрх барих дээд байгууллага нь Их хурал. Их хурлаас намын даргыг сонгоно гэж заасан. Намын дарга орон гарвал намын Бага хурлаар нийт гишүүдийнхээ гуравны хоёсроор намын даргыг сонгоно гээд дүрэмдээ хуульчилсан. Хууль хэрэгжүүлэх нь бүх хүний үүрэг. Тийм учраас намын асуудлаа цагаан байрандаа яръя.
Засгийн газрын тэргүүний хувьд эдийн засгийг сэргээх асуудлыг яръя. унаж байгаа эдийн засгийг яаж босгох вэ энэ асуудлыг ярихад нүүрсний хулгайг яаж таслан зогсоох вэ гэдэг асуудалтай л холбогддог.
Энэ зөвхөн улс төрийн асуудал биш хууль эрх зүйн асуудал юм. Ийм сонголтын өмнө ирчихсэн байна.
Байнгын хорооны хуралдааныг 30 минутаар завсарлууллаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал эхлээд байсан ч Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай үндэслэлээ танилцуулж дууссаны дараа хуралдааныг 30 минутаар түр завсарлуулж байгааг хуралдаан даргалагч мэдэгдлээ.
ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхэлснээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай саналыг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь нийт 32 гишүүнтэй бөгөөд ирц 50 хувийн босго давснаар ийн эхэлж байна.
Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан үндэслэлээ УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах болсон үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав.
1.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд мэдэгдэл хийхдээ “Онцгой бүрэн эрхийнхээ дагуу “Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэр бүхий гишүүнийг томиллоо” гэж албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгч танилцах бүрэн эрхтэй байна. Нөгөө талаар томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргахаасаа өмнө УИХ-д болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүргийг Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад хүлээлгэжээ. Үндсэн хууль, аливаа хуулийн “Үг, өгүүлбэр төдийгүй, цэг таслал нь хүртэл утгын нарийн уялдаатай.” Үндсэн хуулийг жижгээр зөрчих, томоор зөрчих гэдэг ойлголт байдаггүй бөгөөд бүгд Үндсэн хуулийн зөрчилд хамаардаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг Монгол Улсын Ерөнхий сайд зөрчсөн үйлдэл гэж үзэж байна хэмээн танилцууллаа.
2.Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож үл болно…”, 49.2 дахь хэсэгт “…Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг тус тус зөрчиж, Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэсэн.
3.Монгол Улсын Засгийн газар 2025 оны наймдугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа АМНАТ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулсан. Ингэснээр тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болоод байна.
“Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг баримтлан Үндсэн хуульт ёсыг хамгаалж, төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага болох парламентын дархлааг бэхжүүлэх нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг юм. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна" хэмээв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатараас гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 20 гаруй гишүүд оролцож байна.
Г.ХОРОЛ
3,607.57



















































Холбоотой мэдээ