Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг өнөөдөр /2025.10.10/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс хойш хэлэлцэхээр тов тогтоогоод буй.
Гэвч УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг одоог болтол УИХ-ын гишүүдэд тараагаагүй нь санал дүгнэлт гаргах боломжийг хааж байна гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүр номоороо дамжуулан мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр “Засгийн газрыг огцруулах УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна. УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын даргын Тамгын газар биш. УИХ дахь намын бүлгүүд, ард түмний төлөөлөгч УИХ-ын гишүүд, ард иргэдэд уг асуудлын улс төр, эрх зүй, эдийн засгийн үндэслэл, тооцооллын талаар судалж санал, дүгнэлт гаргах, байр сууриа үндэслэлтэй илэрхийлэх боломжийг шууд хааж байна. Дэгийн хуулиар хэлэлцэж буй асуудлыг урьдчилж гишүүдэд тараадаг хуультай. Олон намын төлөөлөлтэй, олон ургальч үзэл уралддаг ард түмний төлөөллийн байгууллагыг дүрэмгүй, дэггүй, намын хурал баздаг шигээ даргалдаг байдал төгсөх болтугай" гэв.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг өчигдөр мэдээлэл хийх үеэрээ "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санаачлага гаргасан акцыг дэмжсэн гишүүдэд маань дарамт шахалт маш ихээр ирж байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад хандан "миний өгсөн огцруулах албан бичгийг байнгын хорооны хурал эхлэхэд тараагаач ээ, тэгэхгүй бол эдгээр гишүүдийг зүгээр байлгахгүй байна гэдэг хүсэлт өгсөн. Маш хэцүү байна" гэж мэдэгдсэн юм. Иймээс эл асуудлаас болж дээрх бичгийг тараахгүй байгаа бололтой.

Сануулахад, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 08:30 цагт, үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 10:00 цагаас эхлэн хэлэлцэх тов гаргасан байсан ч хуульд заасан 72 цаг гүйцэхгүй болж хууль зөрчих болсон тул үдээс хойш болгон өөрчлөөд байна. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах санал УИХ-д өргөн мэдүүлэгдсэн бол гурав хоногийн дараагаас буюу 72 цаг гүйцсэний дараа УИХ хэлэлцэж эхлэх дэгтэй юм.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ