ТББХ өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 16.00 цагт уг асуудлыг хэлэлцэх тов тогтсон байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад /2025.10.07/-ны өдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатарыг огцруулах бичиг өргөн барьсан юм. Үндсэн хуулийн 33.1-т Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тиймээс хуулийн дагуу процесс үргэлжилж уг асуудлыг өнөөдөр хэлэлцэх юм.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл.
101.2. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.
101.3. Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.
101.4. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
101.5. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
101.6. Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
101.7. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.
101.8. Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргасан бол энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
3,607.57






















































Холбоотой мэдээ