УИХ-аар Г.Занданшатарын танхим огцрох эсэх асуудлыг шийдвэрлэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн өгөх саналаас ихээхэн хамаарах болоод буй.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь нийт 42 гишүүнтэй бөгөөд тэднээс Х.Баттулга, Г.Очирбат, О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, Л.Гантөмөр, Э.Одбаяр, Ц.Туваан, С.Ганбаатар, Ө.Шижир, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа нар Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан тухай мэдээлэл цахим орчныг түймэрдэж байна.
УИХ –ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргаж, УИХ-д саналаа хүргүүлсэн. УИХ-ын нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ нийт 50 гаруй гишүүний гарын үсэгтэй Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай хүсэлт УИХ-д ирсэн байгаа. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хэлэлцэх товыг тогтооно гэж мэдэгдсэн. Иймээс дээрх гарын үсэг зурсан 50 гаруй гишүүд дунд УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын фракцынхан нэгдсэн байж мэдэхээр буй. Тэдний хувьд Г.Занданшатарын танхимыг унагах сонирхол их байгаа нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын Төгрөг нуурын ордоос эхлээд олон ноцтой асуудал нь хуулийн байгууллага дээр шалгагдах болсон тул аль болох саад хийж, Засгийн газрыг унагах нь чухал болж хувирсан гэх мэдээлэл бий.
Гэхдээ хуульд зааснаар УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах асуудал орж ирэхэд хамгийн багадаа 64 гишүүн дэмжиж гэмээнэ огцрох болзол хангана. Тодруулж хэлбэл, 63 гишүүн Засгийн газрын тэргүүнийг огцруулах кноп дарвал танхим хэвээрээ үлдэнэ. Иймээс ирэх хоёр хоногт хагарал зөрчил нь дээд цэгтээ тулаад байгаа МАН-ын гишүүдийн нэг хэсэг нь Засгийн газраа хамгаалж үлдэхийн төлөө ажиллах бол мөн нэг хэсэг нь Х.Баттулга нартай хүч хавсран танхимаа унагахын төлөө нойроо хугаслах болж байна.
Ирэх Баасан гаригт Төрийн ордонд “газар хөдөлж” мэдэхээр байна.
Г.ХОРОЛ
3,607.57















































