niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 08:00 UTC Source: https://news.mn/r/2901399/ a425092169e3cb9b… ← back to niitlelch.mn

“Ухаалаг төмөр зам ба инженерчлэл-2026” эрдэм шинжилгээний хурал болж байна

“Ухаалаг төмөр зам ба инженерчлэл-2026” эрдэм шинжилгээний хурал болж байна

“Ухаалаг төмөр зам ба инженерчлэл-2026” эрдэм шинжилгээний хурал болж байна

Төмөр замын тээврийн салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх, олон улсын стандартад нийцүүлэх зорилготой “Ухаалаг төмөр зам ба инженерчлэл-2026” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.11.25/ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хуралд Зам, тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК болон Төмөр замын дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаач, инженер техникийн ажилчид, оюутан залуус өөрсдийн судалгааны бүтээлээр оролцож байгаа юм. Хуралд нийт 70 гаруй бүтээл ирүүлснээс шилдэг 15 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлж байна. Энэхүү хурлын гол зорилго нь Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт судалгаа, шинжилгээнд суурилсан дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэхэд оршино. Түүнчлэн салбарын өрсөлдөх чадвар, тээвэрлэлтийн үр ашиг, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх шийдлүүдийг эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Ингэснээр техникийн баримт бичиг, норм, стандартыг шинэчилж, олон улсын жишигт хүргэх чухал ач холбогдолтой юм.


Зам, тээврийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.БОЛОР-ЭРДЭНЭ:

-Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яам болон хэрэгжүүлэгч агентлаг болох төмөр замын байгууллагууд, их, дээд сургуулиуд хамтран “Ухаалаг төмөр зам ба инженерчлэл-2026” эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төмөр замын сүлжээ өргөжин тэлж, зөвхөн төрийн өмчийн төдийгүй хамтарсан болон хувийн хэвшлийн олон төмөр замын компани, тээвэрлэгчид шинээр бий боллоо. Үүнтэй зэрэгцэн төмөр замын бүтээн байгуулалтад шинэ техник, технологи нэвтрүүлэх, эдийн засгийн үр өгөөж болон хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилгоор залуу эрдэмтэн, судлаачдын дунд энэхүү хурлыг анхлан зохион байгуулж байгаа бөгөөд нийт 70 гаруй бүтээл ирүүлээд байна.

Өнөө үед төмөр зам, тээврийн салбарт техник, технологийн олон дэвшил гарч, тэр дундаа их өгөгдөл, хиймэл оюун ухаан хүч түрэн орж ирж байна. Тиймээс энэхүү эрдэм шинжилгээний хуралд шалгарсан шилдэг бүтээлүүдийг бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд шууд нэвтрүүлж ашиглах нь салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна.

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Тээврийн удирдлагын газрын Вагоны аж ахуйн хэлтсийн технологийн инженер Б.МЯГМАРСҮРЭН

-Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд төмөр замын эргэдэг хагас угсраат бүтээлээрээ оролцож байна. Уг бүтээлийн гол онцлог нь Монгол Улсад галт тэрэг хөмрөгчөөр нүүрс буулгах үед галт тэрэгний вагоныг хооронд нь салгахад нийт таван минут зарцуулдаг байсан бол бидний нэвтрүүлж буй эргэдэг авто угсрааны тусламжтайгаар вагоныг нэг бүрчлэн салгах шаардлагагүй болж байгаа юм.

Ингэснээр таван минут зарцуулдаг байсан буулгах ажиллагааг нэг минутын дотор гүйцэтгэх боломжтой болж байна. Энэ нь иргэдийн логистикийн зардлыг бууруулахаас гадна ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Олон улсад эргэдэг авто угсрааг БНХАУ болон Европын зарим оронд ашиглаж байна. Харин Монгол Улсад ашиглаж буй угсраанууд нь эргэдэггүй хийцлэлтэй байдаг. Тиймээс Тавантолгой төмөр зам ХХК 2025 онд энэхүү ажилд зориулан эргэдэг угсраатай ачааны хагас вагон ашиглаж эхэлсэн. Үүний гол онцлог нь эргэдэггүй хагас вагонтой давхар холбогдох боломжтой юм.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Суурь бүтцийн газрын Замын аж ахуйн хэлтсийн дарга Э.БАДАМРАГЧАА:

-Эрдэм шинжилгээний хуралд нийт найман бүтээл ирүүлснээс манай байгууллагын хоёр бүтээл шалгарч, энэ удаа танилцуулагдаж байна. Энэ удаагийн хуралд танилцуулж буй судалгааны ажлыг Английн Pandrol компанитай хамтран 2026 оны II улиралд туршиж, үр дүнг нь гаргасан. Гэхдээ энэхүү судалгааны ажил зөвхөн 2026 онд хийгдсэн ажил биш юм. Өнгөрсөн жилүүдэд үе шаттайгаар хийгдсэн бөгөөд зарим судалгаа нь 5-10 жилийн хугацаанд үргэлжилсэн. Иймээс уг технологийг шууд ашиглалтад нэвтрүүлэх боломжтой гэсэн үр дүн гарсан. Монгол Улсад хүнд даацын галт тэрэг зорчиж байгаа нөхцөлд энэхүү технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэхүү бүтээлийн онцлог нь төмөр замын дэрний уланд уян зөөлөвчийг шууд суурилуулахаас гадна үйлдвэрлэлийн явцад дэрний уланд нь нааж, бэхлэх зориулалттайд оршино.

Үйлдвэрлэлийн шатанд уг шийдлийг нэвтрүүлснээр ашиглалтад оруулах үед нэмэлт ажиллагаа шаардахгүйгээр шууд ашиглах боломжтой юм. Харин өмнө нь ашиглалтад орсон төмөр замд уг технологийг нэвтрүүлэхэд хүндрэл гарахаас илүүтэй тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдана. Учир нь хуучин төмөр замын дэрийг авч, уланд нь уян дэвсгэр наах ажиллагаа хийх шаардлагатай. Тиймээс энэ ажлыг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Нөгөө талаас уг технологийг ашиглалтад нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, төмөр замын ашиглалтын хугацаа уртасна. Мөн замын элэгдлийг бууруулах ач холбогдолтой. Урт хугацаандаа анхны хөрөнгө оруулалтаа нөхөх бүрэн боломжтой гэж үзэж байна.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн замын технологи хариуцсан инженер Ү.ОЧИР-ЭРДЭНЭ:

-Монголын төмөр зам ТӨХК-аас хоёр эрдэм шинжилгээний өгүүлэл боловсруулж, энэ удаагийн хуралд оролцож байна. Тодруулбал, эхний өгүүлэл нь “Уулзваргүй төмөр замын дулааны хүчдэлийг нэмэгдүүлэх менежмент” сэдэвтэй бол хоёр дахь өгүүлэл нь “Төмөр бетон дэрэн доорх уян дэвсгэрийг Монголын хүнд даацын төмөр замд нэвтрүүлэх технологийн шийдэл” сэдэвтэй юм. Эдгээр хоёр бүтээлийн нэг нь ханын постер хэлбэрээр танилцуулагдахаар шалгарсан бол нөгөө нь эрдэм шинжилгээний илтгэл хэлбэрээр танилцуулагдаж байна.

Монгол Улсын төмөр замын сүлжээ сүүлийн 5-6 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Үүнийг дагаад олон улсад болон төмөр замын салбарт ашиглагдаж буй дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлж, хэрэглээг нь нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд зохион байгуулагдаж буй “Ухаалаг төмөр зам ба инженерчлэл-2026” эрдэм шинжилгээний хурал нь төмөр замын салбарын инженер, мэргэжилтнүүдийн хувьд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж