УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "УИХ-ын тогтоолын төсөл дээр Үндэсний эвслийн дөрвөн гишүүн гарын үсэг зурсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр яригдаад байгаа асуудлууд хамгийн гол нь хуульд нийцсэн үү гэдгийг шалгаж, тогтооё гэдэг зорилготойгоор тогтоолын төсөл дээр гарын үсэг зурлаа. Үүнийг тун удахгүй өргөн барина. Хоёрдугаарт, олон нийтийн яриад байгаа үндэслэлээс гадуур дөрвөн зүйлийг тооцож Үндэсний эвслийн гишүүд Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн.
Нэгдүгээрт, намынхаа дотоод асуудлаар зохицуулагддаг дүрмээс халиад, намын асуудлыг төрийн зовлон болгоод, одоо төсвийн улмаар эдийн засгийн зовлон болгох нь бодитой болчихлоо. Яах гэж хууль дүрэм, журам байдаг юм бэ?. Аливаа асуудлуудыг зохицуулах гэж үүнийг баталдаг. Гэтэл баталсан дүрэм журмаасаа халиад, өөрт таалагдахгүй шийдвэр гарахаар эсэргүүцдэг үзэгдэл МАН-ын түүхэнд хоёрдох удаагаа тохиолдож байна.
Хоёрдугаарт өчигдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар маш ноцтой мэдэгдэл хийсэн. Ерөнхий сайд Хууль зүй дотоод хэргийн сайдаасаа хууль бус үйлдэл хийхийг шаардсан, үүнийг нь сайд нь зөвшөөрөөгүйн улмаас түүнийг өөр хүнээр орлуулсан гэсэн асуудал хөндөгдөж байна. Би нэг зүйлийг маш тодорхой хэлье. Энд хэн нэгэн хүний асуудал гэдэг өнцгөөр огт хандаж болохгүй. Хуулиа л дээдлэх ёстой. Надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан. Улмаар хуулийн байгууллагаас намайг шалгаж эхэлсэн. Сүүлдээ хонгилоор чирээд явчихсан. Гэтэл дараа нь явж явж Улсын дээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Тэгэхээр энэ зовлонг мэддэг хүний хувьд хууль шүүхийн байгууллагыг бороохой болгож, улс төр хийж, хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэхийг би хүлээн зөвшөөрөхгүй.
Гуравдугаарт, яах аргагүй нийгэм, эдийн засгийн асуудлуудаа харах хэрэгтэй байна. Засгийн газар үйл ажиллагаа явуулаад 100 гаруй хонож байна. Энэ бол асар их хугацаа. Ядаж л цаашдаа сайн ажиллаж чадах юм байна гэдэг итгэл төрөхгүй байна шүү дээ.
Дөрөвдүгээрт Засгийн газрын бүрэлдэхүүн үнэхээр чадамжгүй байна. Тэр ч утгаараа Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Чаддаг хүмүүс нь ажиллах хэрэгтэй. Бид ч бас орж ажиллая гэдгээ нуугаад байх зүйл алга. Би чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
3,607.57



















































Холбоотой мэдээ