Монгол Улсын хэмжээнд 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгодог гэх судалгаа бий. Хүүхдийн мөнгөн хөтөлбөр бол улс орны ирээдүй болсон хүүхдэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Гэвч сүүлийн жилүүдэд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд тэгш олгохоос илүү амьжиргааны түвшнээс нь хамаарч өгөх нь зөв гэх асуудал ч яригдах болсон. Нэг талаараа сайд дарга нарын хүүхэд хүүхдийн мөнгөнөөс хүртэх эрхгүй мэтээр авирлах болсон нь үнэн. Гэвчиг дэлхийн 23 улсад хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшин, өрхийн орлогоос үл хамаарч олгож ирсэн байдаг.
Монгол Улсын хувьд анх 2007 онд хүүхдийн мөнгөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр 0-18 насны хүүхэд бүрд төрөөс 3000 төгрөг олгож эхэлсэн юм.
Түүнээс хойш жил бүр хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх асуудал яригдаж, 20 мянга болгосон бол 2019 онд Засгийн газраас өрхийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд 100 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн. Ингэхдээ өрхийн орлогоос хамаарч хүүхдэд 100 мянган төгрөг олгоно гэж мэдэгдэж байсан ч ялгаварлахгүйгээр 0-18 насны хүүхэд бүрд олгохоор шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын эдийн засаг, инфляцийн түвшин 21 аймаг 330 сумын хувьд харьцангуй өөр байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэж байсан. Жишээ нь, Улаанбаатар хотод инфляци 9.5 хувьтай байхад орон нутагт 8 хувьтай гарсан. Энэ нь өрхийн орлого, өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлж байгааг давхар дурдаж байсан юм. Төрөөс олгож буй хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг өрхүүд улсын хэмжээнд цөөнгүй бий. Үүнийг дагаад хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгодог болсноор хөдөлмөр эрхлэлт буурсан, халамж хүсэх иргэд ихэссэн гэх нь ч бий. Гэхдээ дэлхийн олон орон Монгол Улсыг эцэг, эхийнх нь орлогоос үл хамааран хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгож байгааг сайшааж ирсэн.
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь хүүхдийг ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг ба хүүхдийн эрх, нэр хүндэд халдахаас хамгаалж, тэгш байдлыг үүсгэсэн юм. Нөгөө талаараа өрхүүдэд олгож байгаа аливаа мөнгөн тэтгэмж эргээд эдийн засгийн эргэлтэд орж өсөлтийг нэмэгдүүлдэг тохиолдол бий.
Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Хүүхдийн мөнгийг больё гээд хэлчих зоригтой хүн байдаггүй. Үүнд зарцуулж буй нэг их наяд төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байгаа. Энэ нь иргэдэд сайхан харагдаж байгаа ч өнөөдөр өгч буй 100 мянган төгрөгөөр дараа жил бараа, бүтээгдэхүүн худалдан авахаар ороход тор ч дүүргэж чадахгүй. Ийм л хиймэл мөнгө бид тарааж байгаа шүү дээ. Хүмүүст таалагдахгүй ч үүнийг бодитоор хэлээд зөв зам руу явахгүй бол манай улс Венесуэл шиг боллоо. Бүгд л зээлээр, хөнгөлөлттэй өгье гэх нэг л сайхан сэтгэлт, өгөөмөр төсөл хэрэгжүүлдэг улс. Гэтэл зах зээлийн хүүг бид хуурамчаар тогтоох боломжгүй. Иргэдэд бодитоор хэлдэг байх ёстой” гэх асуудал хөндөж тавиад буй.
Өрхүүдийн дийлэнх буюу 70 хувь нь дундаж орлогоос доогуур хэсэгт хамаардаг. Инфляци өсөж буй энэ үед өрхүүдэд олгож байгаа 100 мянган төгрөгөөр чанартай хувцас, гутал худалдаж авах хүндрэлтэй. Ийм байхад хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх ёстой атал бууруулж, цуцлах асуудал яригдах эхэлсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Нөгөөтэйгүүр төрөөс олгож буй 100 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулж буй өрх байхыг үгүйсгэхгүй. Харин нөгөө талд хүүхдийн мөнгөөр хуримтлал үүсгэж ирээдүйд хүүхдэд тохиолдол эрсдэлийг буруулах арга хэмжээг авч байдаг. Судалгаанаас авч үзэхэд хүүхдэд олгож буй мөнгөний 67 хувь бэлнээр авч ашиглаж буй бол 33 хувь нь хадгаламжид байршуулж байна. Өрхүүд хүүхдийн мөнгөн хөтөлбөрийг нэмэгдүүлсэнд сэтгэл ханамжтай байдаг.
Нийт өрхийн 98 хувь хүүхдийн мөнгө авч эхэлснээр ажил хийхээ болих, ажлын цагийг бууруулах шалтгаан болохгүйг илэрхийлж байв. Иймээс хүүхэд бүрт сард 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж өгөх нь залхуурлыг нэмэгдүүлж, цалинтай ажил хөдөлмөр эрхлэх явдлыг бууруулж, ядуурлыг бууруулахад гарсан ахиц дэвшлийг ухрааж байна гэх асуудлуудыг нотлох бэлэн баримт нотолгоо алга байна.
3,607.57






















































Холбоотой мэдээ