Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээнд зориулж, мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, жимс, жимсгэний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, малчид, хоршоологчид, үйлдвэрлдэгчдийн бэлтгэсэн, өрхийн хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс хэрэглэгчид шууд хүргэх, борлуулалтыг өргөжүүлэх зорилготой “Өвлийн идэш 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлүүлээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд дөрвөн өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд эхний өдрийн байдлаар 21 аймаг, нийслэлээс 15 компани, есөн хоршоо, 73 малчин оролцож мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнээ нийслэлчүүдэд худалдаалж байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай байгааг зохион байгуулагчид онцлов. Үзэсгэлэн худалдаанд үхрийн мах нэг кг нь 22000-24000, адууных 17500, хониных 18500, ямааных 12600 төгрөгийн ханштайгаар борлуулж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон аймаг, орон нутгийн ЗДТГ, ХХААГ-рууд хамтран зохион байгуулж буй энэхүү өргөтгөсөн худалдаа нь нийслэлийн иргэдийг хөдөө, орон нутагт явж цаг зав, шатахуун үрэхгүйгээр хотын төвд, ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр, өргөн сонголтойгоор шууд худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой ажээ.
“Өвлийн идэш 2026”-гаас 21 аймгаас ирсэн малчид, хоршоологчдын гарал үүслийн гэрчилгээтэй үхэр, хонь, ямаа, адууны гулууз мах болон үйлдвэрийн ангилж савласан махан бүтээгдэхүүн, уламжлалт дайвар бүтээгдэхүүн, ааруул, ээзгий, өрөм, шар тос, хөлдөөсөн сүү, зөгийн бал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг орон нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой юм байна.