Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураах эрх зүйн орчин бүрдэх юм. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан ч хууль бусаар олсон хөрөнгийг хураан авах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр тусгажээ.
Мөн авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах, хууль бус хөрөнгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх төв ажиллуулах, хураан авсан хөрөнгийн сан байгуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Уг сангийн хөрөнгийн 65 хувийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох, үндэслэлгүй хөрөнгөжих зөрчлийг шалгах журмыг хуулиар зохицуулах зэрэг асуудлыг тусгасан байна.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээлэхдээ, Төрийн нууцын тухай хууль, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтийн тухай хууль, Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль, Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох хуулийг батлах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгааг онцлов.