Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл, зөв хооллолтын дадал төлөвшүүлэх, хүнсний аюулгүй байдлын мэдлэгийг нэмэх аяныг өрнүүлж байна.
“Хүүхдийн төлөө-Хүнсний аюулгүй байдалд ЗА гэж хэлье” нөлөөллийн аян нь сургуулийн орчны хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой юм. Улсын хэмжээнд аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулж буй тус аяныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын хэлтсээс санаачилжээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Нэг эрүүл мэнд” төслийн баг, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд хамтран хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Улиастай сумын Чандмань-Эрдэнэ сургууль дээр өдөрлөг зохион байгуулж, дөрөв, тавдугаар ангийн сурагчдад хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт, нөлөөллийн хичээл оржээ. Мөн мэдлэгийг нь бататгах зорилгоор “ЗА эсвэл ҮГҮЙ” сорилт, танин мэдэхүйн тэмцээн, тоглоом зохион байгуулж, оролцогчдод батламж гардуулсан байна.
Хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүний шошго, найрлага, тэжээллэг чанар, сахарын агууламж, хадгалах хугацааг шалгах, эрүүл хүнс сонгох, зөв хадгалах, малын гаралтай бүтээгдэхүүний ашиг шимийн талаар мэдлэг олгож байна. Түүнчлэн багш, сургуулийн хоол үйлдвэрлэлийн ажилтан, тогооч, хоол зүйч, эцэг эхийн төлөөлөл, хүнс бэлтгэн нийлүүлэгчид болон сургууль, цэцэрлэгийн ойролцоо хүнсний худалдаа эрхлэгчдийг аянд хамруулж буй юм.
Тухайлбал, “Шошгоо шалгая – эрүүл мэндэд ЗА гэж хэлье”, “Цэвэр гар, зөв хадгалалт – хордлогоос хамгаална”, “Сахарын илүүдэлд ҮГҮЙ, цэвэр усанд ЗА гэж хэлье” зэрэг сэдвээр нөлөөллийн контент хүргэжээ.
Түүнчлэн аяны хүрээнд сургуулийн хоол үйлдвэрлэл, хүнс бэлтгэн нийлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж болон сургууль, цэцэрлэгийн орчмын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлага, хадгалалт, шошго, гарал үүслийг шалгаж байна. Илэрсэн зөрчил, эрсдэлийг арилгуулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахад энэ аяны гол зорилго юм.
ХХААХҮЯ-ны мэдээлснээр аяны хүрээнд улсын хэмжээнд 2000 орчим хүүхэд хамрагдсанаас 90 орчим нь Завхан аймгийн хүүхдүүд байна. Хүнсний аюулгүй байдал нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүний чанар, стандартын асуудал бус хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, ирээдүйн амьдралын чанартай шууд холбоотой.
Тиймээс хүүхдэд багаас нь хүнсээ зөв сонгох, шошгыг унших, эрүүл ахуйн шаардлага хангаж хэрэглэх дадал төлөвшүүлэхийн зэрэгцээ сургууль, цэцэрлэгийн орчинд эрүүл, аюулгүй хүнсний хүртээмжийг бүрдүүлэхэд байгууллага, эцэг эх, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо чухал байгаа талаар Завхан аймгийн ХХААГ-аас мэдээллээ.