-Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын легимт шинж чанар алдагдахын хэрээр Их хурлаасаа МАН-ын даргаар сонгогдох магадлалтай хүнээр Х.Нямбаатар нэрлэгдэж буй юм-
МАН-ын тамганы зодоон хурцдаж, УИХ болон Засгийн газар гэх төрийн институци хоорондын хагарал болж томорлоо. Үндсэндээ Монгол Улсын ҮАБ-д ан цав гарсан гэсэн үг.
Ардчилсан намын бүлгээс авлига, хулгайн нэр холбогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ёс зүйн хариуцлагаа хүлээж, гэм буруугүйгээ шүүхээр тогтоолгох хүртэл УИХ-ын чуулганы хуралдааныг даргалахгүй байх зарчмын шаардлага тавилаа.
Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилсноор эсрэг талын фракциас байнгын үйл ажиллагаатай парламентыг гацааж улстөржив. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын хамаарал бүхий хүмүүсийн авлига, хулгай, луйврыг илчилснээр үүрийг нь эвдсэнд эгдүүцсэн жоомнууд энд тэндгүй язганалдаж байна.
МАН-ын Хяналтын хорооноос Б.Энхбаярыг хөөх шийдвэр гаргаснаар зодоон улам ширүүсэв. Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах операцийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ч.Номин нар ахлаж, УИХ-ын гишүүдийн кнопны ханш 100-300 мянган ам.долларт хүрсэн гэх албан бус мэдээ Төрийн ордны “тамхины цэг”-ийн хачир болж байна.
МАН дахь энэхүү иргэний дайнд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын аль ч ялах боломжгүй. Д.Амарбаясгалан ёс зүй талаасаа УИХ-ын даргаас де-факто огцорсон. Г.Занданшатар Их хурлаасаа намын тамгаа авч чадахгүй бол Ерөнхий сайдын легитм шинжээ алдана. Үнэндээ Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын нарын зодооны ялагч нь Л.Оюун-Эрдэнэ болж байна.
Тэрбээр анхнаасаа л Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын аль нэгэнд тамгаа өгөх зорилгогүй байсан нь тодорхой байв.
“МАН-ын дүрмийн 20.3.7 Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно…” гэж заасан. Атал Л.Оюун-Эрдэнэ Бага хуралдаа өргөдлөө өгөөгүй, цаг хугацааны хувьд нөхөж бичсэн болохыг тооллогын комиссын дарга Ж.Бат-Эрдэнэ өөрийн амаараа баталсан.
Эндээс харахад Л.Оюун-Эрдэнэ ийм маргаан гаргахыг хүссэн, Д.Амарбаясгаланг УДШ ч бүртгэж авахгүй гэдгийг тооцоолсон байх. Л.Оюун-Эрдэнэ гэж энэ бүгдийг тооцоолсон хүн нь Х.Баттулга. Х.Баттулгын ард З.Энхболд байгаа нь ойлгомжтой. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёроос ийм “стратеги” гарахгүй. Энэ бүхнийг хөшигний ард зурж өгөөд сууж байгаа хүн бол УИХ-ын дарга асан З.Энхболд юм. Үндсэндээ ээждээ загнуулсан ч чуулгандаа суудаггүй байсан Х.Баттулга шиг баяр хөөртэй яваа хүн Төрийн ордонд алга.
Л.Оюун-Эрдэнийн тооцоолсноор Их хурал хүртэл тэрбээр УДШ-д бүртгэлтэй даргаар явна. Их хурлаараа тэрбээр Х.Нямбаатарыг намын дарга болгохоор уулзалт, тохироо хийж яваа бололтой. Учир нь, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын легимт шинж чанар алдагдахын хэрээр Их хурлаасаа МАН-ын даргаар сонгогдох магадлалтай хүнээр Х.Нямбаатар нэрлэгдэж буй юм.
Л.Оюун-Эрдэнийн хувьд анд нөхөр Д.Амарбаясгалан нь мөнхийн өрсөлдөгч байсан. Тиймээс ч мөнхийн өрсөлдөгчөө дарж авах дараагийн тактик нь “Админерал” гэдгийг олж харсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа АТГ-ын дарга З.Дашдаваад үүрэг өгч хэргийг нь захиалж боолгуулсан гэдэг нь Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлснээр батлагдсан. Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын суудлаас 2028 оны сонгуулийн өмнө авч хаяхаар төлөвлөж байсан Л.Оюун-Эрдэнийн тактик өнөөдрийн зодооноор улам тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн тооцсончлон тавьсан хавханд өөрөө гүйгээд орчихсон хэрэг.
Д.Амарбаясгалангийн нүүрсний дуулиан томрох тусам Л.Оюун-Эрдэнийн “Шанель”-ийн хулгай мартагдаж байна. Үүнийг л Л.Оюун-Эрдэнэ хүссэн хэрэг.
3,607.57






















































Холбоотой мэдээ