Хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзултай ярилцлаа
-Монгол Улс сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой улсуудын тоог тэргүүлэх болсон. Үүний улмаас эрүүл мэндийн индексийн үзүүлэлт буурах боллоо. Агаарын бохирдол хүүхэд, ахмад настнууд, жирэмсэн эхчүүдэд хэрхэн нөлөөлөх вэ. Түүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Галлагааны улиралтай зэрэгцээд агаарын бохирдлын түвшин эрс нэмэгддэг. Агаарын бохирдол судалдаг хүмүүс арваннэгдүгээр сараас тавдугаар сарыг галлагааны улирал гэж үзээд, тусд нь авч судалж үздэг. Үүнтэй зэрэгцээд эрүүл мэндэд нөлөөлөх асуудлууд үүсч эхэлдэг. Нэг үгээр утаа гаргадаг бүтээгдэхүүн хэрэглэж байгаа тохиолдолд агаарын бохирдол тэр хэмжээгээр бий болж нэмэгдэнэ гэсэн үг. Тухайлбал, сайжруулсан шахмал түлш, коксон түлш хэрэглэсэн ч тоосонцрын хэмжээ агаарт дэгдэж байдаг. Сүүлд сонсоход сайжруулсан шахмал түлш, коксон түлш агаарын бохирдлыг 40-50 хувь бууруулна гэж үзсэн байсан. Энэхүү арга нь агаар, орчны бохирдлыг бууруулах алхмуудын нэг болж таарсан байна. Агаарын бохирдлоос иргэн бүр өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Өнгөрсөн жилийн хугацаанд сайжруулсан түлштэй холбоотой угаарын хийн хордлого, нас баралт өндөр гарч байсан. Эдгээр шалтгааныг судалж үзэхэд өрхийн зуухны стандарт алдагдсан, өрхөө бүтээгээд унтсан гэх шалтгаанаас үүдэлтэй угаартах, угаарын хийн хордлогод орсон байв. Энэхүү угаарын хийн эрсдэлийг бууруулах боломжтой. Нэгт, өрхүүд угаар мэдрэгч төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал болон зайг нь сайн шалгах хэрэгтэй. Хоёрт, зуух яндангийн битүүмжлэл. Гуравт, хэрэглэж буй түлшний төрлөөс хамаарч эрсдэл үүсэх магадлалтай.
-Агаарын бохирдолоос хамаарч сүүлийн жилүүдэд нас баралтын хэмжээ эрс нэмэгдэх болсныг судлаачид хэлэх болсон. Судалгаанаас авч үзвэл гэр хорооллын иргэд агаарын бохирдол эрсдэлтэй хэсэгт орсон уу?
-Агаарын бохирдол нэмэгдэхээр нийгмийг хамрах өвчлөл ихэсдэг. Үүнийг олон улсын судлаачид болон Монгол Улсын судлаачид баталсан байдаг. Монгол орны хувьд тоос, тоосонцрын хувь хэмжээ өвлийн улирал хэт өндөр гардаг. Нэг үгээр шаталтын бүтээгдэхүүнээс үүдэлтэй тоосонцор гэж ойлгож болно. Харин гадны орнуудад хийн бохирдол өндөр үзүүлэлтэй байдаг. Монгол Улсад гадаад ба дотоод орчны агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын түвшин 100,000 хүн амд 215 байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өдөр байна. Тархины цус харвалт, зүрхний шигдээс өвчний шалтгаант нас баралтын 39 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж байна. Мөн тоосонцрын хэм хэмжээ нэмэгдэхээр бага насны хүүхдэд амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж, ахмад настануудын хувьд зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг. Бага насны хүүхдийн нас баралтын 40-50 хувь нь гадаад ба дотоод орчны агаарын чанараас хамааралтай байдаг.
Тийм учраас айл өрхүүд улирал солигдож байгаа үед гэр дотор агаараа цэвэршүүлэх хэрэгтэй. Амьсгалын замын өвчин дэгдэх, хүндрэх үед агаарын бохирдол шууд нөлөөлдөг. Тиймээс амьсгалын замаар халдварладаг томуугийн дархлаажуулалтад бага насны хүүхэд, ахмад настангууд заавал хамрагдах ёстой. Яагаад гэвэл ханиад хүрсэн тохиолдолд хүндрэх нөхцөл даамжрахаас урьдчилсан сэргийлдэг.
-Агаарын бохирдол өвлийн цагт нэмэгддэг. Сүүлийн үеийн үзүүлэлтээр Монгол Улс агаарын бохирдлын хэмжээ аюултай орны тоонд дөрөвдүгээрт жагсаж байсан. Үүнээс хамаарч өвчлөл даамжрах, улирал хооронд шилжих тохиолдол байдаг уу?
-Агаарын бохирдол Монгол оронд өвлийн улиралд буюу арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарыг дуустал байдаг. Лос-Анжелес хотын сургууль, Эх нялхасын эрдэм шинжилгээний хэлтэстэй хамтарсан судалгаагаар агаарын бохирдлыг дөрөв дахин бууруулж чадвал ураг зулбах байдал тав дахин буурах боломжтой. Монгол Улс хүн амаа өсгөх бодлого баримталдаг. Гэтэл агаарын бохирдол нь жирэмсэн эх зулбахад шууд нөлөөлж байгаа нь Монгол оронд хийгдсэн судалгаагаар батлагдсан. Нөгөө талаараа агаарын бохирдол эрс нэмэгддэг саруудад эмэгтэйчүүд жирэмсэлсэн тохиолдолд зулбах эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Харин ургийн гажиг тогтоох шинжилгээг хийж үзэхэд галлагааны улиралд ургийн гажигтай хүүхэд оншлогдох нь өндөр байсан. Агаарын бохирдол өндөр үед залуу хосууд гэр бүл төлөвлөлт болон жирэмслэхээс аль болох татгалзах хэрэгтэй.
-Өвлийн саруудад агаарын бохирдлын түвшин хүндэрч амны хаалт зүүх болдог. Амны хаалт агаарын бохирдлогоос хэдэн хувь хамгаалж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд хамаарах уу?
-Улаанбаатар шиг агаарын бохирдол өндөр хот болон агаарын бохирдлыг голомт хэсэгт амьдарч байгаа бага насны хүүхдүүд, эрсдэлт бүлгийг иргэд N95 маскийг хэрэглэх хэрэгтэй. Энэ нь агаар дээр хөвж байгаа хатуу биетийг 95 хувь шүүдэг амны хаалт. Мэдээж ямар ч амны хаалтыг хэрэглэсэн битүүмжлэл сайн байх хэрэгтэй. Олон улсын судалгаагаар амны хаалт гадаад болон дотоод бохирдлыг 30-60 хувь гэх тооцоолол байдаг.
Амны хаалт зүүхээс гадна утааны улирал эхэлж байгаатай холбогдуулан гадуур гаралтын бууруулах хэрэгтэй. Нэг үгээр гадуурх ажлууддаа төлөвлөж хоёр өдөр амжуулах ажлыг нэг өдөр болгож зохицуулах гэх мэтээр агаарын бохирдлоос өөрийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Мөн гэртээ байгаа үедээ агаарын чанараа хэмжих хэрэгтэй. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн н.Мөнх-Эрдэнэ багшийн хийсэн судалгаагаар гэр хороололд амьдарч буй хүүхдийн шээснээс хүнд металл буюу хар тугалга илэрсэн байдаг. Энэ нь зөвхөн агаарын бохирдлоос дан ганц хамаардаг асуудал биш. Гэр хорооллын хөрс ихээхэн бохирдолтой байдаг учир харилцан нөлөөлсөн. Үүнээс гадна гадаа байгаа бохирдлыг хүүхдийн биеэс таслах хэрэгтэй. Цэцэрлэг сургуульд явдаг цагийг бохирдол өндөртэй цагаас өмнө юм уу, хойно дагуулж явбал эрсдэл буурдаг. Дотор орчинд агаар цэвэршүүлэгчийг тогтмол хэрэглэж чадвал сайн.
Жишээ нь, цэцэрлэгийн өрөөний дотор агаарыг хэмждэг болох, хүүхдүүдийг цэвэр агаараар амьсгалах боломжоор хангаж байж ирээдүйн эрүүл боловсон хүчнийг бий болгоно.
-2012 онд Мянганы сорилтын сантай хамтраад гэр хорооллын иргэдэд сайжруулсан зуух тарааж байсан. Зуухыг гэр хороололд тараасны дараа агаарын бохирдол гурван жилд дараалан буурсан байдаг. Тухайлбал, 2012, 2013, 2014 онуудад өмнөх жилүүдээс агаарын бохирдол мэдгэхүйц буурсан амжилт гарсан ч 2015 оноос эхэлж утаа болон агаарын бохирдол нэмэгдэж эхэлсэн. Тухайн үед сайжруулсан зуух, сайжруулсан түлштэй хамт гарч ирэх ёстой байсан ч санхүүгийн асуудал үүссэний улмаас урд хойноо орсон. 2019 оноос сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ нь тоосонцрын бохирдлыг буруулсан ч хийн бохирдлын хэмжээг эсэргээрээ нэмэгдүүлсэн байдаг. Нөгөө талаасаа дотоод орчны агаарын чанар муудах хүрсэн. Иймд угаарын хийн хордлого гарч ирсэн. Энэ жилээс коксон түлшийг хэрэглээнд оруулахыг мэдэгдэж борлуулж эхэлсэн байх. Энэ нь агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулна гэж тооцоолсон байх.
3,607.57






















































Холбоотой мэдээ