Одоогоос нэг сар гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт өргөн мэдүүлж байв. Угтаа энэ жил анх удаа төсвөө УИХ-аар таван шатны хэлэлцүүлэг өрнүүлж, чамбай сайн хэлэлцэж батлахыг зорьж УИХ-ын нэгдсэн чуулганыг есдүгээр сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Монгол Улсын нэгдсэн төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны өдөр гэхэд баталж, ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж мөрдөх хуулийн зохицуулалттай.
Гэсэн ч өнөөдөр эргээд харахад Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслөө татаж, дахин чамбайруулж оруулж ирэх ёстой гэдэг дээр зарим гишүүд хэлэлцэж эхэлсэн өдрөөс нь эхлэн шүүмжилсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Энэ төсөвт ямар ч шинэчлэл алга. Татвар, хураамж нь пуужиндсан, тэгэж дээрэмдсэн мөнгөө тарааж үрсэн, цемент блок болгосон яг хэвээрээ. Зах зээлээ тэлэх, өрсөлдөөнийг дэмжих, ажлын байр нэмэх, өрхийн амжиргааг тэтгэх ямар ч бодлого байхгүй байна" гэх шүүмжлэлийг хэлж байсан юм.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөсөн.
Ирэх жилийн төсвийн бодлого макро түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хүрсэн түвшнээс бууруулахгүй, улмаар ахиулан сайжруулахад чиглэгдэж байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх үедээ онцолж байсан. Мөн нийт иргэд, бизнес эрхлэгчдийн 3-4 их наяд төгрөгийн татварын дарамтыг бууруулахад чиглэж, төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлж, дэмжих төсөв гэдгийг тодотгож байсан юм.
Монгол Улсын хувьд төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн найдвар тавьдаг салбар бол уул уурхайн салбар юм. Энэ утгаараа 90 сая тонн нүүрс экспортлоно гэх өөдрөг төсөөллийг дэвшүүлсэн.
Ингэхдээ ирэх онд зэс, нүүрсний экспортоос төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн нийт орлогын гурваас дээш хувийг бүрдүүлэхээр тооцсон бөгөөд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 8,341.8 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 133.7 ам.доллар байхаар төсвийн төсөлд тусгасан. Тэгвэл зарим эдийн засагчид болоод судлаачид уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болоод экспортын хувь хэмжээг хэт өөдрөг төсөөлсөн гэдэг шүүмжлэлийг хэлж буй. Өнгөрсөн жилүүдэд буюу 2023, 2024 онд нүүрсний экспортын хэмжээ эрс нэмэгдсэн. Нүүрсний экспортын хэмжээ 2022 онд 28.2 сая тонн байсан бол 2023 онд 61.7 сая, 2024 онд 76.9 сая тонн болсон. Харин энэ онд 85 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Одоогийн байдлаар 50 гаруй сая тонн нүүрс экспортлоод буй. Өөрөөр хэлбэл, үлдэж байгаа гурван сарын хугацаанд 30 гаруй сая тонн нүүрс экспортолж байж тавьсан зорилтондоо хүрэх бололцоотой. Тэгэхээр сардаа 10 сая тонн буюу нэг долоо хоногтоо 2.5 сая тонн нүүрс экспортолсон байх ёстой. Ингэхийн тулд тээвэр, ложистик, төмөр зам, авто замаар нэвтрүүлэх гаалийн боомтын хүчин чадал бүрэн гүйцэт тогтвортой хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхээс дээрх зорилт биелэх эсэх нь шууд хамаарахаас гадна Хятадын талаас манай нүүрсийг хүлээн авах эрэлт болон үнийн түвшин, хил гаалийн боомтын хүчин чадал зэргээс шалтгаална.Нүүрсний эрэлтийн хэмжээ ийм ээдрээтэй байхад ирэх 2026 онд Монгол Улс ирэх онд 90 сая тонн нүүрс экспортлоход шаардлагатай дэд бүтэцийн бий болгож чадах эсэх нь ч бас эргэлзээ дагуулж буй.
Хэдийгээр хил боомтуудын хүчин чадал,нүүрс тээвэр, ложистик тал дээр зарим төрлийн дэд бүтцийн шинэчлэл сайжруулалт хийгдэж байгаа ч Гашуун сухайт-Ганц боомтын төмөр замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгдсөний дагуу 2027 онд дуусах учраас 2026 оны нүүрсний экспортын хэмжээнд төдийлөн нөлөөлж чадахгүй гэсэн болгоомжлол буй.
Харин сүүлийн өдрүүдэд МАН-ын даргын сонгуулиас үүд улс төрийн үйл явц хурцдаж, төсөв хэлэлцэж буй байнгын хороодын чуулганд тогтож суудаг Засгийн газрын гишүүд бүү хэл УИХ-ын гишүүд ч ховор болсон. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авах, УИХ-ын нэгдсэн чуулганы танхимыг орхиж гарах зэргээр бойкот үзүүлсээр буй.
3,607.57






















































Холбоотой мэдээ