Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг хүчингүй болговол барилгын салбарт далд эдийн засаг цэцэглэж, тэр хэрээр татвараас зугтах нөхцөл бололцоог олгоно гэх асуудал хөндөгдөж эхлээд байна.
Хуульч О.Батхүү үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах өргөдөл ирүүлснийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өнгөрсөн есдүгээр сард хэлэлцээд дэмжсэн. Тэгвэл дээрх асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2025.10.01/ хэлэлцэх үеэр үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох нь татвараас зугтагчдад боломж олгоно гэж үзэж байна. Статистик мэдээгээр 2024 онд улсын хэмжээнд 41049 үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулснаас 32933 нь орон сууц аж. Үүнээс 93.7 тэрбум төгрөг орон сууц худалдан борлуулсан хоёр хувийн татвараар төвлөрчээ.
Байнгын хорооны хуралдаанаас товчоор хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Заяабал:
-Өргөдлийн агуулгаас харахад тодруулах хэд хэдэн зүйл байна. Хүмүүс орон сууцыг ихэвчлэн зээлээр авдаг гэсэн байгаа. Бүгдээрээ зээлээр орон сууц авдаг гэсэн үг биш. Цаана нь хөрөнгө оруулалт хэлбэрээр авдаг, татвараас зугтах зорилгоор байр авдаг тохиолдлууд орхигдоод байна. Жилд хэчнээн байр зарагддаг вэ, зах зээлийн үнэлгээгээр үнэлгээг нь үнэлж чаддаг уу. Үл хөдлөх хөрөнгийг зах зээлийнх нь үнээр бүртгэж авах ёстой гэдэг зохицуулалт бий. Манайх шиг хөрөнгийн зах зээл хөгжөөгүй улсад мөнгөтэй хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг. Манай бизнесүүдээс орон сууцны зах зээлд хамгийн их далд эдийн засаг оршдог. Иргэн өөрийнхөө газар дээр 100 айлын орон сууц бариуллаа, энэ байрны ордерыг нь өөрийнх нь нэр дээр гаргуулчихаж болно. Барьсан өртгөө багаар тооцож, НӨАТ -аа маш багаар төлөх, дээрээс нь энэний цаана орон сууцаа зарахдаа хоёр хувийн татвараас зугтах зорилгоор үнэлгээгээ багасгадаг юм цаана нь бий. Хоёр хувийн татварыг байхгүй болговол барилгын зах зээлд далд эдийн засаг цэцэглэчих юм биш үү?
-Сангийн яамны Татварын бодлогын хэлтсийн дарга Б. Тэлмүүн:
-Бидний яг санаа зовж байгаа асуудлыг та хэллээ. Ихэвчлэн байраа зээлээр авдаг гэдгийг татварын системээр шууд гаргаж чадахгүй. Яагаад гэхээр тэр хүмүүс орлогоо нотолсон баримт нь банкинд байдаг. Банкны зээлээр авсан орон сууц, банкны зээлээр аваагүй орон сууц гэдгээр татварын бүртгэл тусдаа хийдэггүй. Тэгэхээр Үл хөдлөх хөрөнгийн датанаас энэ тухай мэдээллийг дэлгэрэнгүй шүүж үзэх шаардлагатай байгаа. Ажлын хэсэг дээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн датаг нэлээн задалж харахгүй бол болохгүй гэдгийг ярьсан. Банкны зээлээр бус байр авч байгаа иргэд байхыг үгүйсгэхгүй. Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 41049 үл хөдлөх хөрөнгө борлуулснаас 32933 нь орон сууц.
Нийт 5.7 их наядын үл хөдлөх хөрөнгө борлуулсан байдаг. Үүнээс 4.6 их наяд нь орон сууц. Үл хөдлөх хөрөнгөөс 115.4 тэрбум төгрөгийн татвар төлөгдсөнөөс 93.7 тэрбум нь орон сууц борлуулсантай холбоотой татвар юм.
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ Хөрөнгийн татварын хувьд тулгамдсан асуудал байдаг. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт бүртгэгдсэн үнэлгээг шууд автоматаар Татварын албан дээр татаж, татварын ногдуулж байгаа.
Хөрөнгийн бүртгэл өөрөө илүү шударга байх зорилгоор Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Бүртгэл дээр өөр үнэ байдаг ч худалдахаар үнэ нь бууж, төлж байгаа татварын хэмжээ нь бага үнээр яваад байдаг. Үүнийг өөрчил гэдэг зохицуулалтыг хуульд оруулсан. Үүнтэй холбоотой зарим нэг заалт нь зөрчил байна гэж үзээд өөрчлөгдсөн асуудал байгаа. Гэхдээ татварын байгууллага үл хөдлөх хөрөнгийг худалдсан, барьцаалсан тохиолдолд үнэлгээ бол автоматаар шинэчлэгдээд явах гэсэн байдлаар хууль хэрэгжээд явж байгаа.
Байраа зах зээлийн үнээр зарж, тэрхүү үнээр татвар авч чадаж байна уу гэж та асуулаа.
Нийт 41 мянган үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдол болгоныг хойноос нь нягтлаад хянаад явах боломжгүй.
Тухайн үл хөдлөх хөрөэнгийг худадан авсан, худалдсан хоёр иргэний нотариатаар баталгаажуулсан худалдаа, худалдан авсан гэрээний үнийн дүнгээс татвар тооцогдоод явж байгаа. Энэ дунд татвараас зайлсхийх, хэт бага үнээр орон сууцыг үнэлсэн тохиолдол гардаг.
Иргэн өөрийн газар дээр байр бариад гэрчилгээгээ өөр дээрээ гаргадаг гэдэг асуудлын тухайд, газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэл тусдаа яваад байдаг. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар дээр Газрын тухай хуулийг боловсруулж байхдаа салж болшгүй үл хөдлөх хөрөнгийг цэгцлэх асуудлыг ярьж байсан. Энэ асуудал Газрын тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулиар цэгцрэх юм.
Статистикаас үзэхэд 663 мянган иргэн ямар нэгэн хэмжээгээр орон сууцны бүртгэлтэй байна. Хамтран, ганцаарчилсан гэсэн хэлбэрээр. Хамтрангаар гэр бүлийн бүх гишүүд ч орж болно. Татварын албанд бүртгэлтэйгээр 539 мянган иргэн нэг орон сууцтай, харин хоёр орон сууцтай 101 мянган иргэн бий.
Татвараас зайлсхийх сэдэл санаатайгаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг олон хүн дээр шилжүүлдэг тохиолдлууд бий.
Гишүүдийн зүгээс үл хөдлөхийн үнэлгээний асуудлыг үнэн бодитоор үнэлдэг болоход анхаарч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талд анхаарах. Иргэд амьдрах орчноо сайжруулах зорилгоор байраа борлуулж байгаа бизнесийн зорилгоор худалдаалж байна уу гэсэн тооцоо судалгааг нарийн гаргах шаардлага байна гэж үзэв. Эцэст нь иргэдээс гаргасан өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудалтай холбогдох хуулийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллана.
Г.ХОРОЛ
3,607.57





















































Холбоотой мэдээ