ГӨЛГӨӨГИЙН ЭРДЭНЭЦЭЦЭГ
(1966-2025)
Бидний хайрт ээж, охин, эгч, дүү, дотны анд, сурган хүмүүжүүлэгч багш, номын зохиогч Гөлгөө овогтой Эрдэнэцэцэг 2025 оны 9-р сарын 28-ны өдөр таалал төгсөж, гэр бүл, төрөл садан, найз нөхөд, эрдмийн хамт олон, шавь нарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Бидний ээж Г.Эрдэнэцэцэг нь 1966 онд Улаанбаатар хотод мэндэлж, 1983 онд нийслэлийн 2-р дунд сургууль, 1988 онд Москвагийн Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, референт, багш мэргэжлээр төгссөн. Монгол Улс зах зээлийн тогтолцоо руу шилжсэн үе буюу мэргэжлийн англи хэлний салбарын мэргэжилтнүүд дутагдалтай байсан тэр цаг үед эх орондоо эргэн ирж, тухайн үеийн Гадаад хэлний дээд сургууль буюу одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багш, тэнхимийн эрхлэгч зэрэг албан тушаал хашиж, дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэхэд ухамсарт бүхий л амьдрал, мэдлэг ур чадвараа зориулсан билээ.
Тэрбээр дээд боловсролын салбарт 37 жил ажиллахдаа англи хэлний мэргэжилтнүүд, багшлах боловсон хүчнийг Монгол Улсдаа бэлтгэх, англи хэлний заах арга зүй сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулах, бүх нийтийн англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал, гадаад хэлний багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлд манлайлан олон улсын төслүүдэд зөвлөх, шинжээч, үндэсний сургагч, англи хэлний сурах бичгийн зохиогчоор ажиллан, Англи хэлний багш нарын холбоог үүсгэн байгуулалцаж, олон арван ном сурах бичиг, сургалтын хөтөлбөр стандартыг зохиосон шилдэг, тэргүүний эрдэмтэн багш байлаа. Түүний бүтээл туурвил, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, төр засгийн шагнал, одон медалиар шагнаж байсны зэрэгцээ түүний хамтран зохиосон ЕБС-ийн сурагчдад зориулсан үндэсний анхны сурах бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч “Оны шилдэг сурах бичиг” өргөмжлөл, ИБУИНВУ-ын British Council байгууллага “The Eltons-2009 Award for Innovations in International Category” шагналаа хүртээсэн юм.
Хайрт ээжийн минь бэлтгэсэн үе үеийн олон мянган шавь нар нь Монгол Улсын боловсрол, хүмүүнлэг, иргэний нийгэм, төр засаг, бизнес зэрэг олон салбарт хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллаж, улс эх орны хөгжилд хувь нэмрээ оруулж яваа нь түүний эрдэм мэдлэг, сурган хүмүүжүүлэх арга барил, мэргэжлийн ур чадварын өндөр чансааг илтгэж буй билээ.
Амьдралынхаа туршид эцэг эх, үр хүүхэд, ах дүү нартаа хайр халамж, ухаан сургуулиа харамгүй хайрлаж, хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч хичээнгүй зангаараа олон хүнд үлгэр дуурайл болж явсан хайрт ээж, эгч, дүүгээ бид үргэлж дулаан инээмсэглэл, халуун сэтгэл, гэр бүлээ нэгтгэн зангиддаг ухаантай нь санан дурсах болно.
Ээжийн минь үлдээсэн сайхан дурсамж, сургааль үгс бидний амьдралын зам мөрийг гэрэлтүүлсээр байх болно.
Гэр бүл, үр хүүхдүүдээс нь
3,607.57






















































Холбоотой мэдээ