МАН дажинтай байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намын гишүүдээ гүтгэн гүжирдсэн үйлдлийг удаа дараа гаргасан үндэслэлээр намаас хөөх ёстой гэж үзэн МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл өнөөдрөөс /2025.09.30/ Тусгаар тогтнолын ордонд сууж гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэллээ.
Бага хурал нь нийт 470 гишүүнтэй бөгөөд 300 гаруйнх нь гарын үсэг цуглуулж УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хариуцлага тооцох асуудлыг МАН-ын Хяналтын хороондоо хүргүүлж, хэлэлцүүлэх юм байна. Хэрвээ энэ асуудлыг МАН-ын Хяналтын хороо хэлэлцэн шийдвэрлэхгүй бол тус хорооны даргад хариуцлага тооцно гэж Б.Цогтгэрэл мэдэгдэв.
МАН-ын Хяналтын хорооны даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ажилладаг. Тус хороо 21 гишүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргахгүй бол Б.Баярбаатарыг МАН-ын Хяналтын хорооны даргаас чөлөөлөх асуудал хөндөгдөх аж.
Учир нь, МАН-ын Хяналтын хороонд өнгөрсөн хугацаанд нүүрсний хэргээс эхлээд ногоон автобусны хэрэг, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл, Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар удаа дараа гомдол гаргаж, нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцохыг намын гишүүд нь тавьж байсан ч гомдлыг хэлэлцэж байна, тайлбар авч байна гэх арга саам хэрэглэсээр мартагнуулдаг аж.
Иймээс Б.Энхбаярт хариуцлага тооцох асуудлыг дээрх жишгээр хойшлуулан займчуулж болохгүй гэж үзэж буй ажээ.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ