Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын хамт Төв аймагт ажиллаж, аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай өчигдөр уулзлаа.
ЭМЯ-ны мэдээлснээр, уулзалтаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого, 2027 оны төсвийн зорилт болон орон нутагт хийх ажлын талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газраас 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан өвдсөний дараа эмчилдэг тогтолцооноос өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, эрсдэлийг эрт илрүүлдэг, иргэдэд ойр, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлдэг тогтолцоонд шилжих зорилт тавьж байгааг энэ үеэр онцоллоо.
Энэ хүрээнд 2027 оны төсөвт 556 өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр дамжуулан анхан шатны тусламж, үйлчилгээнд 818 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Ингэснээр сум, орон нутгийн иргэд шаардлагатай тусламж, үйлчилгээгээ аймгийн төв, нийслэлийг зорихгүйгээр орон нутагтаа авах боломжийг нэмэгдүүлэх юм.
Мөн аймаг бүрд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулж, эх, хүүхдийн эрүүл мэнд, өвчлөлийн эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсролын ажлыг тогтмол, системтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн сумдаас аймгийн төв хүртэлх зай, газар зүйн онцлогт нийцүүлэн түргэн тусламжийн бэлэн байдал, эмнэлгийн хүчин чадал, өвчтөн шилжүүлэх тогтолцоог сайжруулахад анхаарна. Иргэдийн эмийн үнийн дарамтыг бууруулах хүрээнд 2027 онд эмийн үнийн хөнгөлөлтөд 248.8 тэрбум төгрөг төсөвлөж, 240 мянга гаруй иргэнийг зорилтот бүлгийн эмийн хамтын төлбөрөөс чөлөөлөхөөр төлөвлөжээ.
Төв аймгийн эрүүл мэндийн салбарын үзүүлэлтийг авч үзвэл жирэмсний хяналтын эхний гурван сарын хамрагдалт 95.9 хувь, хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 91.5 хувьтай байгаа нь сайшаалтай үзүүлэлт юм. Харин 36 сартай хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 79.6 хувьтай байгаа тул хамрагдаагүй хүүхэд нэг бүрийг илрүүлж, нөхөн үзлэгт хамруулах шаардлагатайг уулзалтын үеэр онцоллоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эрүүл мэндийн бодлого зөвхөн Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагын ажил биш. Боловсрол, нийгмийн хамгаалал, байгаль орчин, зам тээвэр, орон нутгийн хөгжлийн бодлоготой салшгүй холбоотой. Иймд аймгийн удирдлага, сумдын Засаг дарга, төрийн байгууллагууд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг орон нутагт бодит үр дүн болгохын төлөө нягт хамтран ажиллах нь чухал. Төсөв нэмэгдэх нь эцсийн үр дүн биш. Харин иргэн шаардлагатай тусламжаа цаг алдалгүй авч, хүүхэд эрүүл өсөж, өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилгээний зардлын дарамтгүй амьдрах боломж бүрдэх нь бидний ажлын бодит үр дүн юм” гэв.