Улаанбаатарт оройн 18:00 цагт шинэхэн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудлын зурваст газардаж, зорчигчид онгоцны хаалгаар цувран гарч ирэв. Нисэх буудлын танхимд чемодан чирсэн хүмүүсийн хөлийн чимээ нижигнэж, бүгд л гэр гэрийн зүг яаран алхана.
Нисэх буудлын гадна хувийн автомашин болон таксинyуд эгнэн зогсчээ. “Хот хүрэхэд хэд вэ?” хэмээн асуухад “Нэг талдаа 100 мянга” гэх хариулт хэлэв. Ганцаараа явж байсан миний хувьд энэ үнэ хэтэрхий өндөр санагдсан тул буудлын танхим руу эргэн орлоо.
Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотын төв хүртэл Х:19 чиглэлийн нийтийн тээврийн автобус үйлчилдэг бөгөөд энэхүү маршрутын эргэлтийн нийт хугацаа 4 цаг, замын урт 95.3 км болохыг мэдээллийн самбараас олж мэдэв. Мөн автобусны нисэх буудалд ирэх, буцах цагийн хуваарь самбарт тодорхой бичсэн байсан ба 18:30 цагийн автобусанд азаар амжиж сууж чадлаа.
Автобусанд миний хамт БНСУ-ын хоёр, нэг Герман жуулчин, мөн тав орчим Монгол зорчигч суув. Тус автобусанд зорчиход цахим карт болон бэлэн мөнгө ашиглан төлбөр хийх боломжтой бөгөөд энэ нь Х:20, Шү:4 чиглэлүүдэд ижил үйлчилж байгааг жолооч тайлбарлаж өгөв.
Харин үнийн хувьд нэг удаа зорчиход том хүн 15000, хүүхдэд 7000 төгрөг төлөх юм байна.
Автобусны жолооч зорчигчдын ачааг тээшний саванд хийж, хөтөч эмэгтэй зарим зорчигчдоос бэлэн мөнгөөр төлбөрөө авах аж. Тус автобус нийт 45 хүний суудалтай ба хөтчийн хувьд гадаад хэлтэй учир жуулчидтай ажиллахад давуу талтай гэнэ.
"Чингис хаан" олон улсын нисэх буудал Төв аймгийн Сэргэлэн сум Хөшигийн хөндий рүү нүүсний дараа тус газар луу нийтийн тээвэр үйлчлэхгүй байгаагаас таксины төлбөр өндөр гарч буй тухай иргэд асуудал тавьснаар том оврын автобус үйлчилгээнд гаргасан. Гэвч иргэд цөөн тоогоор үйлчлүүлж байснаас зогсоосон байдаг.
Тухайн үед иргэд Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу том оврын автобус явуулах шаардлагагүй. Түлш бага идэх дунд оврын автобус явуулахад тохирно гэж үзэж байгаагаа хэлж байсан юм. Харин 2025 оны намраас "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг нийслэлийн төвтэй холбосон нийтийн тээврийн шинэ үйлчилгээ ийнхүү албан ёсоор эхлээд байгаа нь энэ.
Автобус явсаар оройн 22:00 цагтай уралдан Сүхбаатарын талбайн автобусны зогсоолд ирлээ. Ирэх замд бороо орсноос түгжрэл үүссэнийг эс тооцвол автобусны буудал болгон дээр зогсох шаардлагагүй шууд маршрутаар явж байгаа нь давуу талтай юм.

ТУС ЧИГЛЭЛД ӨДӨРТ ДУНДЖААР 86-110 ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА
Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэл гурван чиглэлийн нийтийн тээвэр үйлчилдэг. Тодруулбал, дээр дурдсан Х:19 чиглэлийн автобус нь “Чингис хаан олон улсын нисэх буудал–Сүхбаатарын талбай” чиглэлд өдөрт 5-6 тээврийн хэрэгслээр 48 минут тутамд хөдөлдөг бол Х:20 “Чингис хаан – Таван шар” чиглэлд, Шү:4 нэртэй шөнийн автобус “Чингис хаан – Таван шар” чиглэлд 22:00–03:20 цагийн хооронд тус бүр нэг тээврийн хэрэгслээр үйлчилж байгаа юм байна.
Эдгээр чиглэлүүд явж эхэлснээр 2025 оны есдүгээр сарын 1-нээс 28-ны хооронд нийт 2494 зорчигч үйлчлүүлсэн бөгөөд үүнээс хамгийн олон хүн үйлчлүүлсэн нь Х:19 чиглэл буюу Сүхбаатарын талбайн чиглэл аж. Хоёр жилийн өмнөх үзүүлэлттэй харьцуулахад Х:19 чиглэлд нэг автобус сард дунджаар 89 зорчигч тээвэрлэж байсан бол одоо энэ тоо 364 болж, зорчигчийн урсгал гурав дахин өсчээ. Тодруулбал, дээрх хугацаанд тухайн чиглэлийн тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 86-110 зорчигч үйлчлүүлж байна.
Х:19 чиглэлд нийт 2185 зорчигч сууж, өдөрт дунджаар 75 хүн тээвэрлэгдсэн бол,
Х:20 чиглэлд 174 зорчигч, өдөрт дунджаар 6 хүн,
- Шү:4 шөнийн чиглэлд 135 зорчигч, өдөрт дунджаар 5 хүн зорчжээ.

ЗОРЧИХ ХУГАЦАА 30–40 МИНУТААР БУУРСАН
Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулснаар "Өмнөх нийтийн тээврийн чиглэл Төв шуудангийн уулзвараар дайран өнгөрдөг байсан нь Энхтайваны өргөн чөлөө, Тэмээтэй хөшөөний уулзварын түгжрэлийг давахад олонтаа саад болж, зорчигчдыг нислэгээсээ хоцрох эрсдэлд оруулж байсан. Иймд 2025 оны есдүгээр сарын 29-нөөс эхлэн маршрутад өөрчлөлт оруулж, Сүхбаатарын талбайгаас Олимпын гүүр, Гандийн гудамж, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчих шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь замын ачааллыг багасгаж, зорчих хугацааг 30-40 минут буюу 1.6 хувиар бууруулах тооцоололтой ажиллаж байгаа" гэв.
Гэсэн ч цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж чадахгүй байгаагаас зорчигчид нислэгийн цагаасаа хоцрох зэрэг эрсдэлд орох байдал ажиглагдаж байгаа юм. Түүнчлэн автобус өдөрт хэд хэдэн удаа явах нь сайн боловч нислэг хойшлогдох, эсвэл олон нислэг зэрэг буух үед автобусаа хүлээн удаашрал үүсдэг гэдгийг иргэд шүүмжилж буй.
Нөгөө талаас жолооч нар ч өөрсдийн бэрхшээлийг нуугаагүй. Урт зам туулж, олон дахин рейс хийх, ачаа тээштэй зорчигчдод туслах, нислэг хойшлогдсон үед олон цаг хүлээх зэрэг нь тэднийг ядраадаг. Амралтын цаг дутмаг, зориулалтын зогсоол хүрэлцээгүй зэрэг асуудлыг шийдэхгүй бол үйлчилгээний чанар, сэтгэл ханамж доройтох эрсдэл бий хэмээн жолооч нар онцолж байна.


3,607.57

















































Холбоотой мэдээ