Нэр дэвшигчийн мандатын тооноос дутуу санал тэмдэглэсэн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцож байгаа нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна гэсэн гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргасан. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-аас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа.
Тэрбээр, – Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг чуулганаар хэлэлцэж байгаад эцэслэж, шийдэлгүй дараагийн чуулган руу шилжсэн асуудал байгаа. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт нь УИХ-ын сонгуулийн тухай 72 дугаар зүйлийн 71 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос … дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн … саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэсэн нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн гомдлыг нэр бүхий иргэн цэцэд гаргасан. Цэцэд дунд суудлын маргаан үүссэн учраас маргаан шийдвэрлэх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-аас УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг томилогдсон байгаа. Цэцийн дунд суудлын хуралдаанаас шийдвэр гаргаад УИХ-д ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дунд суудлын шийдвэр буюу дүгнэлт гарсан гэсэн үг
. Энэ дүгнэлт УИХ-д 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээж аваад, тус сарын 30-ны өдөр Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо дэгийн хуульд заасан хугацаандаа хэлэлцэж, шийдвэр гаргасан. УИХ бол санал, дүгнэлтээ гаргачихсан. Ингээд 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд уг асуудлыг оруулж, асуулт, хариулт, үг хэлэх дуусаад, өөрөөр хэлбэл, хэлэлцүүлсний дараа санал хураахын өмнө Ардчилсан намын бүлэг, Монгол Ардын намын бүлгийн дарга нар “Энэ асуудлыг намын бүлэг дээр хэлэлцэх ёстой юм байна” гэсний үндсэн дээр түр хойшилчихсон байсан асуудал. Хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй асуудал намрын чуулган руу шилждэг. Намрын чуулганаар буюу өнөөдөр 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр санал хураагаад, хоёр байнгын хорооныхоо саналыг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжих боломжгүй гэсэн санал, дүгнэлт гарсан учраас УИХ-аас тогтоол баталж, цэц рүү явуулна. Цэц их суудлаараа хуралдах эсэх нь цэцийн бүрэн эрхийн асуудал гэсэн юм.
3,607.57















































