niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 10:03 UTC Эх: https://news.mn/r/2824665/ aeb182b6d8270bc2… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхий сайд Г.Занданшатарын ГУРВАН ТОО

Хуучирсан мэдээ: 2025.09.24-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Г.Занданшатарын ГУРВАН ТОО

Ерөнхий сайд Г.Занданшатарын ГУРВАН ТОО

Эдийн засгийн тоон үзүүлэлт мөрөөдлийн жагсаалтын чимэг зүүлт мэт хөөсөрч, Монгол Улсын иргэн нэг бүрийн амьдралын чанар тэнгэр газрын хэмжүүрт үзэгдэх бараагүй алсарч буй өнөө цагт бодит өсөлт, бодит үр дүн гэдгээс өөр нэхэл дагал байж боломгүй. “Мега төсөл, мега хөгжил” гэсэн том зорилгод дотоодын улс төр хөтлөгдөж, эдийн засгийн үр дүн хэт алсын зорилгоор хэмжигдэх болсон нь эрх мэдлийн төвлөрөл, эрх баригчдын эсрэг ард түмний босох, залуу үеийн жагсах шалтгаан болсноос хойш өдгөө 100 гаруй өдрийг үджээ. Энэ хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засаг газар ч огцорч, Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар ч байгуулагдлаа.

Цүнхний дажинтай эхэлсэн улс төрийн тэмцэл Ардчилсан намыг Засгийн газраас гаргаж, гүйцэтгэх засаглалыг хаалгаа хаахад хүргэсэн ч шинэ Ерөнхий сайдын 100 хоног ажин түжин өнгөрсөнгүй. Баяр наадмын уухай хадаж, хор хар дагуулсан дуулиан шуугиан хэсэгтээ алсарч, эдийн засгийн өсөлтийг иргэн рүү чиглүүлэх санхүү мөнгөний шинэ бодлого гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг үндсэнд нь хөтлөв. Ирээдүйд олж болох, бүр мартагдаж ч мэдэх мега төслийн төсөөллийг өдөр тутмын талх гурилын үнэ мэт хэлэлцэж, романтизм дундаа оршдог романтик киноны дүр лугаа болсон оюун санаа эргэн доошилж, хөрсөнд буув. Энэ нь иргэн төвтэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, иргэн төвтэй төсвийн бодлого баримтлах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын суурь шинэчлэлийн чиг шугам юм. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарын  100 хоногт бодсон тоо болон үр дүнг хамтдаа уншья. Тэрбээр Ерөнхий сайд П.Жасрай агсан болон Ерөнхий сайд асан Д.Содном, Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Р.Амаржаргал нарын нэгэн адил эдийн засагч мэргэжилтэй бөгөөд үүнийг нь тооноос чанарт шилжих учиртай нийгмийн өөрчлөлтийг бодитоор харах давуу тал хэмээн урьдчилан дүгнэж болох юм.

ТАНАЛТ ТАМИР НЭМЭВ

Улс төрийн жагсаал цуглааны үр дүнд байгуулагдсан Засгийн газрын хувьд айдсаа дарах гэснийх үү эсвэл эрсдлийг нуруундаа үүрэх замаар төрийн албаны цомхотголыг дорвитой эхлүүлэх хувь улстөрчийнх нь зорилго байсан уу Ерөнхий сайд Г.Занданшатар гүйцэтгэх засаглалын тэргүүний албаа шууд шууд цомхотгол гэдэг үгээр эхлүүлэв. Уг нь алсын зорилго хийгээд ойрын улс төрөө бодсон ч хувь улстөрчид нь халгаатай байх энэ үгийг улстөрчид уриа лоозон ёсоор хэлэх нь олонтаа ч хэрэгжүүлэхээс зугтах, бухах, ухрах байдлаар аргацаан үлдээх нь их.  Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар энэ тухайгаа юу юугүй “Төрийн албыг цомхотгож, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлнэ” хэмээн зарласан нь УИХ-ын сонгууль бүрийн дараа ужгирч нэмэгдсээр 270 мянга хол давсан төрийн албан хаагчдын хувьд таатай эхлэл байгаагүй нь тодорхой. Гэсэн ч яамдын газар хэлтсийг олноор нь татан буулган 142 газрыг 114, 145 хэлтсийг 92 болгон тус бүр цөөлж удирдлагын багаас 81 албан тушаалыг хассанаар Засгийн газрын цалингийн цэсийг 10 орчим тэрбум төгрөгөөр бууруулж дөнгөв. Гэсэн үр дүн зогссонгүй. Бүр үргэлжлэв. Ингэхдээ салбар дундын 29 зөвлөл хороог татан буулгаад зогсохгүй төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-гаар цөөлснөөр нэмж 40 гаруй тэрбум төгрөгийн цонх үүсгэсэн нь Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг сонирхож харах, үр дүн хүлээх учир шалтгаан болов. Тэр оноо авах дэгээ шидэв. Үнэндээ энэ хүртэл төрийн албаны төлөвшил, төгөлдөршил хэмээх ерөнхий философийн шинэчлэлд хөтлөгдөж ирсэн хувь улстөрчийнх замналаас тоо бодно гэдэг төдийлөн итгэл төрөөгүйг зориуд тодотгох хэрэгтэй. Ингэж төрийн албаны таналт Ерөнхий сайд Г.Занданшатар болон Г.Занданшатарын Засгийн газарт итгэл хүлээлгэхүйц тамир нэмсэн нэмэх оноо болж чадсан юм.

ӨСӨЛТ ҮГ ХЭЛЭВ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долдугаар сарын 9-ний 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилох тухай шийдвэр олон нийтийн дунд дахин эргэлзээ төрүүлэв. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” тойрсон дуулиан шуугианд улс төр гэлтгүй нийгмээрээ хөтлөгдөж, онцгой бүрэн эрхтэй онцгой бүрэн эрхэт төлөөлөгчийн цалин урамшууллын дүн олны санаа бодлыг огцом бухимдуулсан нь мартагдаагүй дурсамж. Гэтэл нөхцөл байдлыг илааршуулахаас илүүтэй дахин хаалгыг нь хаах замаар хайнаагаа хагалцгаах нь уу гэлтэй онц бүрэн эрхт төлөөлөгч томилох тухай шинэ Засгийн газрын шийдвэр олны дэмжлэг гэхээс эргэлзээг өдөөсөн нь энэ. Ер нь улс төр болон эдийн засгийн нөхцөл байдал эерэг хүлээлт гэхээс илүүтэй эргэлзээ тээнэгэлзээ төрүүлэх нь их болсон цаг дор нэг голын усанд хоёронтаа орохын үлгэрээр дахин онц бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр шинэ ч биш, эерэг ч бус сэтгэгдэл төрүүлэх нь хэнд ч ойлгомжтой. Тэр дундаа, жагсаал цуглааных нь хөлс хатаагүй залуу үе болон эсэргүүцэн тэмцсэн олны итгэл хэврэгшсэн үед шүү дээ. Гэсэн ч энэ эргэлзээ хоёр сарын дараагаас тайлагдаж эхэлсэн нь онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсноос хойшхи хоёр сарын хугацаанд тус компанийн борлүүлалт 2.7 сая тоннд хүрч, өмнөх сарын дундажтай харьцуулахад 1.6 дахин өссөн явдал байлаа. Өдгөө сар бүрийн дундаж борлуулалт 1.6, биржийн гэрээний тээвэрлэлт 1.5, экспорт 1.2, орлого 1.3, олборлолт 1.1 дахин өсөөд зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-гийн удирдлагын эрх нэг төлөөлөгчийн гарт бус нэгдсэн баг буюу Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн удирдлагад шилжсэнээрээ онцлог байв. Гол нь, дээрх богино хугацааны өсөлтийг дагаад Монгол Улсын гадаад валютын нөөц 600 сая ам.доллараар нэмэгдэж, түүхэндээ анх удаа 5.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өсөлт үг хэлдгийн бодит илэрхийлэл болов.

ИРГЭД ТӨСӨВ БИЧИВ

УИХ-ын сонгуулийн сурталчилгаанаас бусад нь хаалттай хаалганы цаана өрнөж, улстөрчдийн олонхиороо эс бол бүлэг фракц, тойргийн тохиролцоогоор шийдэгддэг байсан улс төрийн хуйвалдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар гэнэтийн шийдвэр гаргаж, огцом эргэлт хийсэн нь 2026 оны улсын төсвийн төслийн талаарх санал асуулга. “Иргэдээс асууж, нээлттэй зөвшилцөнө” хэмээн уриалсан уг санал асуулга 14 хоног хэртэй үргэлжилсэн бөгөөд 240 гаруй мянган иргэн саналаа ирүүлсний 50 орчим хувь нь 18-35 насны залуус байснаараа онцлог. Нийгмийн тэр дундаа улс төрийн идэвхгүй хэмээн шүүмжлүүлдэг энэ үеийнхэн төдийгүй санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь “Эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, соёлын салбарын санхүүжилтийг түр царцаа” гэдэг зөвлөмжийг Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт өгсөн. Мөн төрийн алба болон төрийн өмчит аж ахуйн нэгжид хэмнэлтийн бодлого баримталж, улс төрийн бодит шийдвэр гаргах цаг болсныг зөвлөсөн, мөн сануулсан. Он удаан жилийн турш зөвлөлдөх ардчилал, цэгцрэх хөдөлгөөний суурь үзэл санааг боловсруулж, улстөрчийнхөө хувьд Үндсэн хуулийн шинэчлэлийг ч иргэдээсээ асууж зөвлөлддөг УИХ-ын дарга байсныхаа хувьд Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн  арга барил, арга зүйгээ гүйцэтгэх засаглалд анхны оролдлогоороо ийн амжилттай хэрэгжүүлж чадсан нь 2026 оны улсын төсвийн төсөл. Мөнгөн дүнгээрээ зардлаа 2.2 их наядаар танаж, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг гэхэд ирэх онд 5.5 дахин нэмэгдүүлсэн энэ төсөв цаашид Монгол Улсын түүхэнд иргэн төвтэй төсөл хэмээн бичигдэх нь цаг хугацааны асуудал юм.

Үндсэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын 100 хоногоос онцлох гол гурван тоо бол энэ. Танасан, өссөн, төлөвлөсөн… Харин энэ гурван зорилтын үр дүн ирэх жил илүү тодорхой хэмжигдэх бөгөөд огцом эргэлттэй эдгээр шинэчлэл Ерөнхий сайд Г.Занданшатарт ямагт хаяглагдана. Үргэлжлэл бий…

Д.НАЦАГ-ЭРДЭНЭ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж