"Огцрох амархан" жагсаал үр дүнд хүрсэн эсэх, Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлогын эх үүсвэр хэр бодитой байсан, сонгуульд залуусын оролцоо чухал уу, зэрэг асуудлаар ""Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулсан багийн гишүүн Ж.Өнөмөнхтэй ярилцлаа.
-“Огцрох амархан” жагсаалд эхнээс нь дуустал оролцож, үзэл бодлоо илэрхийлж, шаардлага тавьж явсан хүний хувьд үр дүнг юу гэж харж байгаа вэ?
-Иргэд эвлэлдэн нэгдэж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, хэн нэгнээс хараат бус, тууштай байсан учраас бага ч болов улс төрд нөлөөлж чадсан. Тиймээс үр дүнд гарсан гэж харж байгаа. Анх жагсч эхлэхдээ гурван шаардлага л тавьсан. Нэгдүгээрт, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын өөрийнх нь болон гэр бүлийнх нь санхүү нийтийн өмнө ил тод байх ёстой. Гэтэл энэ мэдээлэл ил тод байж чадсан уу, санхүүгийн зөрчил байна уу, үгүй юу гэдгийг ил тод байлгахыг шаардсан. Цаашлаад Л.Оюун-Эрдэнийг хүүгийнхээ тансаг хэрэглээний зардлын орлогын эх үүсвэрийг нотол, ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг мөн хамтарсан Засгийн газрыг тарах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй гэдэг гурван шаардлагыг тавьсан. Ингээд 20 гаруй хоног жагссаны үр дүнд Л.Оюун-Эрдэнэ огцорч, хүүгийнх тансаглалыг нэгэнт шалгахаар болсон учир бид өнөөдрийг хүртэл жагсаалын талаар байр сууриа илэрхийлээгүй. Яагаад гэвэл улс төр үргэлжилнэ.
Бид улс төрийн тоглогч биш учраас бидний тавьсан шаардлага хэрхэн шийдэгдэх, тогтолцоонд хэрхэн өөрчлөлт орохыг хөндлөнгөөс ажиглаж байна.
Одоогийн байдлаар шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар бүрдээд ажлаа хийж байна. Дөнгөж гурван сар болж байгаа учраас дүгнэж хэлэх боломжгүй. Гэхдээ энэ удаагийн Засгийн газар иргэдийн дуу хоолойг сонсож тэдний саналыг бага ч болов бодлогодоо тусгахыг зорьж, 2026 оны төсөв дээр иргэдийн саналыг анх удаа авлаа энэ бол ахиц мөн. Дээрээс нь өнгөрсөн жилүүдийн төсвийг бодвол ирэх оны төсөв тодорхой болсон гэж бодож байгаа. Нөгөө талаас шүүмжлэлтэй юм бас бий. Тухайлбал, иргэдийн хүсч буй суурь асуудлыг тусгаж чадаагүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр гэхэд илүү өндөр хувийг буцааж авъя гэхээс илүү энэ татварын хүүг бууруулаач ээ гэж байгаа юм. Гэтэл тэгсэнгүй. Ингээд харахаар биднийг сонсож байгаа юм шиг өнгөц арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
-Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлогын эх үүсвэрийг хэр бодитой, үндэслэлтэй гэж харж байгаа вэ?
-Одоогийн миний ярьж байгаа зүйл, миний үзэл бодол жагсаалд оролцсон иргэдийн үзэл бодлыг бүрэн төлөөлөхгүй гэдгийг хэлмээр байна. “Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулсан залуус нэг байгууллага ч юм уу, холбоо биш. Тиймээс цаашдаа иргэний хөдөлгөөн болж үлдэх үү, үгүй юу гэдэг иргэдийн хүлээлт бол байсан.
Гэхдээ ордны гадна жагсаал зохион байгуулаад эргээд төрийн ордонд орж үлддэг жишгээс өөр шүү гэдгээ харуулахыг зорьсон. Миний хувьд, Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээний орлогын эх үүсвэрийг бодитой нотолсон гэж үзэхгүй байгаа.
Яагаад гэвэл зохих санхүү, эдийн засгийн дүн шинжилгээнд мөрдөн шалгах ажиллагааг маш дутуу хийсэн гэж бодож байна. Энэ жилийн тухайд ганц Монголд гэлтгүй Непаль, Өмнөд Солонгос зэрэг улсад төрийн өндөр дээд албан тушаалтнууд эхнэр, хүүхдүүдээсээ болоод улс төрийн хариуцлага хүлээлээ. Ингэхэд, мөрдөн шалгах ажиллагаа яаж явж байна, тэдний орлогын эх үүсвэрийг хэрхэн тогтоож байгааг харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгос улсын экс ерөнхийлөгчийн эхнэрийн тансаг хэрэглээг хэрхэн шалгаж байна. Тухайлбал, эхнэр нь цүнхээ хаанаас, хэрхэн ямар орлогын эх үүсвэрээр авсан гээд нарийн шалгаж байхад Монголд, энэ мөнгийг хэнээс, ямар хуулийн этгээдээс авсныг нь шалгаад орлогоо эндээс авсан юм байна гээд л болсон. Тийм учраас хүмүүсийн эргэлзээг тайлсан, хангалттай хяналт, шалгалт хийсэн гэж харахгүй л байна.
-Л.Оюун-Эрдэнэ тухайн үед болон өнөөдрийг хүртэл өөрийн амаар ямар нэг тайлбар, мэдээлэл хийсэнгүй. Жагсаалын үеэр хэвлэлүүд нэгдэж нээлттэй ярилцах санал тавьж байсан. Одоо болтол хариу хэлээгүй байгаа нь иргэдээ үл хүндэлсэн, ёс зүйгүй үйлдэл юм болов уу гэж харж байна.
–Тийм. Тухайн үед 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж, Л.Оюун-Эрдэнэд нээлттэй ярилцах шаардлага хүргүүлсэн. Үүний хариуд “За би итгэл хүлээлгэх үү, үгүй юу гэдгийг УИХ хэлэлцсэний дараа ямар хариу гарахаас үл хамаарч та бүхний саналыг хүлээн авч нээлттэй ярилцана” гэж өөрөө хэлсэн. Гэтэл одоо хүртэл тэр нээлттэй ярилцах нь байтугай ганц ч хэвлэлд тайлбар, мэдээлэл өгөөгүй.
Энэ ямар ч хариу тайлбар хэлдэггүй, хөшигний цаана өрнөдөг үйлдэл иргэдээ доромжилж байгаа хэлбэр гэж бодож байна.
Бид Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнтэй огт тэмцээгүй. Бидний жагсаалын шаардлага маш тодорхой байсан. Юу гэвэл, Засгийн газрын тэргүүн УИХ-д ажлаа тайлагнах үүрэгтэй. Харин эргээд УИХ ил тод байдлыг нэхэх, хариуцлага тооцох чадамжтай байх ёстой. Иргэдийн дунд орлогын эргэлзээ үүсч байна, энэ эргэлзээг тайлж үүнийгээ нотол л гэсэн. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ жагсаалын 22 хоногийн хугацаанд жагсагчидтай уулзаагүй, өнөөдрийг хүртэл ямар нэг тайлбар хийгээгүй. Тэр битгий хэл тухайн үед зохион байгуулалттай видео бичлэг тараасан. Эргээд биднийг зохиомол дайсан болгох гэж оролдсон.
-Та нарын хувьд хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй гэдэг шаардлагыг мөн хэлж байсан. Жагсаалын үеэр АН хамтарсан засгаас гарсан. Одоо эргээд намууд шинэ даргатай болоод хамтарвал яах вэ. Хэрвээ хамтарвал сөрөг хүчин гэдэг статусаа барьж чадах болов уу?
-Сөрөг хүчин гэж сонгуулийн үеэр хүчтэй гарч ирж эсрэг намынхаа бодлогыг шүүмжилдэг. Гэтэл сонгуульд ялагдахаараа хэдэн сайдын суудал, албан тушаал авах гэж үздэг богино хугацааны улс төрд бүх нам анхаардаг юм шиг санагдсан. Мөн сандал, суудлын төлөө засгаа хамгаалдаг. Нэг дуу хоолойгоор ярьдаг үзэгдэл ажиглагддаг. Ингэснээр, иргэд төрдөө, улстөрчдөд итгэх итгэл буурч, улам оролцоогүй болдог. АН-ын тухайд улс төрд МАН-ын дараа орох олон суудал авсан хоёр дахь том нам. Тиймдээ ч нэлээн тулхтай байх ёстой гэж боддог. Нэгнийхээ асуудлыг бодитоор шүүмжилж чаддаг. Эргээд ямар нэг барьцаанд ордоггүй улс төрийн эрүүл орчин Монголд хэрэгтэй байна.
"ЖАГСААЛЫН ДАРАА ЗАЛУУЧУУД УЛС ТӨРИЙГ ИЛҮҮ СОНИРХДОГ АЖИГЛАДАГ БОЛСОН"

-Иргэд улс төрд, улстөрчдөд итгэх итгэлээ алдаж, залуучууд сонгуульд оролцох идэвх сул байлаа. Жагсаалын үр дүнд иргэд улс төрд оролцох оролцоо сэргэж, бид нэгдэж чадвал өөрчлөлтийг авч ирж чадах юм байна гэдэг итгэлийг нэмсэн болов уу гэж би харж байгаа.
-“Огцрох амархан” жагсаалд оролцогчид дан залуучууд бол байгаагүй, зууны 60 хувь нь л залуучууд байсан байх. Бид нар яг ямар үр дүн хүссэн бэ гэхээр, иргэд оролцох боломжтой, бодитой өөрчлөлтийг бий болгож чаддаг улс төрийн тогтолцоотой нийгэмд амьдармаар байна. Гэтэл ийм тогтолцоо Монголд байхгүй.
Бидний жагсаал зорилго тодорхой, чиг шугамаа алдаагүй учраас жаахан ч болов үр дүнтэй байсан юм болов уу гэж бодож байгаа.
Ер нь бол иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хаах юм бол энэ нь нэг л өдөр тэсэрч Непаль улс шиг нөхцөл байдалд орохыг үгүйсгэхгүй. Эргээд илүү хор, хөнөөлтэй. Бид бол иргэдийг оролцоотой байж, буруу зүйл хийсэн, авилга, албан тушаалыни гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтанд улс төрийн хариуцлага хүлээлгэдэг, сонгуулиар үр дүнг нь тавьдаг байгаасай гэж хүссэн. Жагсаалын дараа залуучууд улс төрийг илүү сонирхдог болж, улс төрийн талаар ярьж анхаардаг болсон. Одоо гэхэд л МАН-ын бага хуралд чих тавьж ажиглаж байна. Бид нар хэлээд нэмэргүй, бид, би юу өөрчилж чадах юм гэдэг бодлыг нь өөрчилж, улс төрийн идэвхийг сэргээж чадсан байх. Залуучууд улс төрд ороод аль нэг намын гишүүн болохоос илүү улс төрийн мэдлэгтэй байж хариуцлага тооцож, хэрсүү байх нь чухал.
-Залуучууд, бид эх орондоо сайхан амьдрах боломж байна уу. Залуу хүний хувьд амьдралдаа, нийгмийн одоогийн нөхцөл байдалд сэтгэл ханамжтай байж чаддаг уу?
-Сонгууль болгоноор л Монгол Улс хөгжлийнхөө гараан дээр байна, Монгол хөгжиж байна гэдэг. Нийгмийн шүүмжлэлтэй нүүр тулахаараа “хэцүү байна, амаргүй байна” гэдэг. Иргэдийн хувьд одоо хэр хэмжээний орлоготойгоос үл хамаараад бүгд л хэцүү байгаа байх. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлдөг хэр нь эргээд үүнийхээ үр дүнг хүртэж төлсөн татварынхаа хэмжээгээр үйлчилгээ авч чаддаггүй. Бодлогын тогтвортой байдлыг бий болгож чадаагүй. Бодлогын тогтвортой байдлыг бий болгохын тулд нэг нам, нэг улстөрч удаан засаглаж байж бий болгоно гэж боддог. Бидний амьдралыг сайжруулах бодитой алхам хийдэггүй.
-Таны хувьд боловсрол хэр чухал вэ. Улстөрчдийг сонгохдоо эхлээд та юуг нь харах вэ?
-Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх нь хүн бүрт нээлттэй. Сонгосон улстөрчөөс нь сонгогчийн үнэлэмжийг харж болно. УИХ бол бүх ард түмнийг төлөөлөх учраас иргэд ямар хүнийг сонгоно тэр л хүмүүс эргээд биднийг төлөөлнө гэсэн үг. Иргэд сонголтоо хийхдээ, нутгийн хүү, хэр том барилга барьсан, улс төрд он удаан жил байсан зэргээс нь үл хамаарч ажлын туршлага, боловсрол, мөрийн хөтөлбөр зэргийг нь харах хэрэгтэй. Эргээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн эсэх дээр анхаарал тавьж хариуцлага тооцдог байх нь чухал юм болов уу гэж бодож байна. Улс төрийн намууд сонгогчдод улс төрийн боловсрол түгээх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ огт биелүүлдэггүй. Харин эсрэгээрээ сонгогчид улс төрийн мэдлэггүй, мэдээлэлгүй байх нь тэдэнд ашигтай байдаг. Тиймээс улс төрийн намууд сонгогчдодоо улс төрийн мэдлэг, мэдээлэл өгдөг байгаасай гэж хүсч байна.
-МАН-ын дараагийн дарга ямар байгаасай гэж бодож байна.
-Намынхаа дотоод ардчиллыг хангаж чаддаг мөн бусад намын ардчиллыг хамгаалдаг, хүндэлдэг тийм улстөрч гарч ирээсэй гэдэг хүлээлт байна.
Гэрэл зургийг О.Болорсувд
3,607.57






















































Холбоотой мэдээ