НЭМЭЛТ:
АН-ын дарга, УИХ-дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Ээлжит хурлаар хоёр асуудлаар мэдээлэл сонсч, тодорхой шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, ирэх 2026 оны улсын төсөвтэй холбоотой Төсвийн тогтвортой байдлын хууль болон Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнээс мэдээлэл хийсэн. Хоёрт, УИХ дахь Арчилсан намын бүлгээс Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаас нэр бүхий гишүүнтэй холбоотой хуулийн байгууллагын ажиллагааны талаар байр суурь илэрхийлж завсарлага авсан. Энэ талаар болон цаашид баримтлах бодлогын талаар хэлэлцлээ. Төсвийг боловсруулж байгаа Засгийн газар болон холбогдох албан тушаалтнууд ирэх 2026 оны төсөв төрийн оролцоог бууруулсан, татварыг бууруулсан, хөрсөн дээрээ ойртсон гэж тайлбарлаж байна. Ардчилсан намын бүлгээс бас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Дүгнэлтээ хараахан танилцуулаагүй байгаа. Ирэх жилийн төсвийг 31.6 их наядын орлого, 33 их наядын зарлага, 1.3 их наядын алдагдалтай байхаар боловсруулсан. Улсын төсвийн зарлага 33 их наяд гэж байгаа мөртлөө төсвөөс гадуур зарцуулдаг ийм зүйл заалт, мөнгөн дүн төсөвт их байдаг. Яг одоо ярьж байгаа төсөв, Монголбанк дээр бараг 7 их наяд төгрөгийн алдагдал хуримтлагдсан байдаг. Энэ бүхэн чинь төсвийн шинжтэй үйл ажиллагаа. Мөн Хөгжлийн банктай холбоотой үйл ажиллагаа, төрийн өмчит компаниудад төсвийн шинжтэй үйл ажиллагаа байдаг ч үүнийгээ улсын төсөвт тоолдоггүй.
Бас Засгийн газраас Монгол Улс өндөр татвартай орон биш гэж тайлбарладаг. Нөхцөл байдал дээр татвар, хураамж, шимтгэл нийлээд Монгол Улс өөрөө татварын ачаалал ямар байгааг харуулдаг. Тиймээс АН-ын бүлгээс татварыг бууруулах ёстой гэдэг дээр байнга байр сууриа илэрхийлж ирсэн.
Өнгөрсөн Баасан гаригт болсон УИХ-ын чуулганаас завсарлага авах болсон асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Энэ асуудал ганц УИХ-ын гишүүний асуудал биш юм. Парламентын дархлаатай холбоотой. УИХ-ын гишүүн Да.Цогтбаатарын асуудал гэхэд хууль эрх зүйн мухардалд орчихсон байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нартай холбоотой шүүхийн шийдвэр гарсан гэх мэтчилэн УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал дээр хууль эрх зүйн гаргалгаа гаргаж ажиллахаар есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, ажиллана.
Өнөөдөр бүлгийн даргатай холбоотой асуудлыг хэлэлцээгүй. Ойрын хугацаанд АН-ын бүлгийн даргыг томилно. Намын бүлгийн дотоод асуудал. Намын бүлгийн даргыг хавсарч хийж болно, болохгүй гэсэн хууль эрх зүйн ямар нэгэн заалт байхгүй.
Өмнө улсын төсвийг дөрвөн үе шаттайгаар хэлэлцүүлдэг байсан бол энэ жил таван үе шаттай хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногийн нэгдүгээр үе шат нь танилцуулга хэлбэрээр явж байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр санал хураалт явуулж, ирэх 2026 оны улсын төсвийг дэмжих эсэхийг хэлэлцүүлгийн өмнө тодорхой бодлогын байр сууриа илэрхийлэхээр ажиллаж байна. Гашуунсухайттай холбоотой асуудал дээр АН-ын бүлгийн гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар түр хороо байгуулахаа мэдэгдсэн. Өнөөдрийн хурал дээр энэ асуудал яригдаагүй. Гишүүд өөрсдөө гарын үсгээ цуглуулаад явах байх. Ирэх 2026 оны улсын төсөвт бодлогын өөрчлөлт харагдахгүй, өсөлтгүй байна. Олон зүйл улсын төсвийн гадуур байгаа. Төсвийн шинэчлэл хийсэн гэх НӨАТ-ын буцаан олголтоор 20 мянган төгрөг олгодог байсан бол 30 мянган төгрөг л нэмсэн гэсэн үг.
АН: ЧУУЛГАНААС ЗАВСАРЛАГА АВСАН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОНО
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2025.09.22/ болж байна. Өнөөдрийн хурлаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдээлэл сонсох гэнэ.
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн танилцуулга
- Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан асуудлаар мэдээлэл сонсох;
- Боловсрлын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэнэ
АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт 1992 оноос өнөөг хүртэл нийслэл Улаанбаатар хотод газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх зөвшөөрөл олгосныг шалгаж, түр хороо байгуулан хяналтын сонсгол зохион байгуулахаар болсон талаар мэдээлсэн. Хоёрт, Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжиж, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг Засгийн газраас санал авч, намрын чуулганд өргөн барихаар тогтсон. Мөн ирэх 2026 оны улсын төсөв дээр АН-ын бүлгээс байр сууриа илэрхийлж, улсын төсвийн төсөл дээр УИХ-ын гишүүн Б.Түвшингээр ахлуулсан ажлын хэсэг гарч, ажиллаж байгаа талаар онцолсон юм. Мөн хаврын чуулганаар батлагдсан хуультай холбоотой 2025 оны есдүгээр сарын 26-нд УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгон сөрөг хүчнээс томьёолдог болсон. Энэ хүрээнд энэ сарын 26-нд болох анхны Асуулгын цагийг үр дүнтэй болгох тухай УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ахалсан ажлын хэсэг ажиллахаар болсон талаар мэдээлж байв.