ҮЙЛ ЯВДАЛ: МАН-ын Удирдах зөвлөл өнгөрөгч Бямба гаригт хуралдаж, энэ сарын 27-нд Бага хурлаа хуралдуулахаар товлолоо. Бага хурлаараа намын Их хурлаа товлож, Л.Оюун-Эрдэнээс тамгаа шилжүүлэн авах шинэ даргаа тодруулах юм. Одоогоор МАН-ын даргад өрсөлдөхөө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар албан ёсоор зарласан. Эндээс өнгөцхөн харахад МАН-ын гол эрх мэдлийн төлөө 70 ба 80 оныхон зодолдож буй мэт боловч цагаан байранд МАН ба МАНЖ гэсэн хагарал хэдийнэ бий болсны илрэл юм.
ҮЙЛ ЯВДЛЫН МӨРӨӨР: Эрх баригчдын энэ хагарал хэнд ашигтай, хэнд хохиролтой вэ. Гэдэг нь үйл явдлын гол асуулт. Тэд нь У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хоёрын дунд хар муур гүйлгэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд болох нь ойлгомжтой. Тэгвэл гуравдагч этгээд нь экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дөрөвдөгч этгээд нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга мөн үү. Гэдэг нь бас байж болох хардлага.
УИХ-ын хаврын чуулганы хуралдаанд тоотойхон суусан “эксүүд” намрын чуулганы нээлтэд хамтдаа хүрэлцэн ирсэн нь санаадгүй тохиол биш нь мэдээж. Тэгээд ч Монголын улс төрд санаадгүй үйл явдал, санамсаргүй тохиолдол барагтай бол ховорхон. Өнгөрсөн хугацаанд Монголын улс төр-нийгэм-эдийн засгийг бүхэлд нь зурж явсан хүмүүс “хөтлөлцөх” шахуу чуулганы нээлтэд ирж, гэрэлд цохиулсан нь мөн л улс төр юм. Үндсэндээ, улс төрийн хүрээнийхэнд, олон нийтэд хамтдаа харагдах шаардлага хэн, хэнд нь нэн их байсан гэсэн үг. Нэг нь тамга тэмдгээ өгсөн ч эрх мэдэлтэйгээ үлдэхийг хүсч байгаа. Нөгөө нь Төрийн ордноос төрхөмдөө буцахгүйг хичээж яваа.
Хоржоонтой нь, АН муу байх тусмаа Х.Баттулгад сайн байсан шиг МАН муу байх тусмаа Л.Оюун-Эрдэнийн улс төрд ашигтай. Тиймээс Х.Баттулгын АН дээр 10 жил ашигласан технологийг Л.Оюун-Эрдэнэ МАН дээр давтаж байна. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын хэн ч намын дарга болсон бай, гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд хар муураа ч гүйлгэнэ, хар пиараа ч хийнэ.
Үндсэндээ Х.Баттулгын технологийг нам дээрээ давтах нь Л.Оюун-Эрдэнийн эргэн ирэх тактик байх нь нэн тодорхой уншигдаж, харагдаж буй.
ҮЙЛ ЯВДЛЫН ҮРГЭЛЖЛЭЛ: Гарцаагүй үнэн гэвэл Л.Оюун-Эрдэнэ ирэх 2027, 2028 оны сонгуулиар МАН-ын эсрэг завсаргүй херопаганда хийнэ. МАН-ын дарга Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын хэн болохоос эс хамаараад 2032 оны улс төрийг өнөөдрөөс зурж суугаа гэдэгт эргэлзэх юмгүй. “Алсын хараа-2050” бол Л.Оюун-Эрдэнийн хаанчлах бодлого гэхэд болно.
Тиймээс өнөөдөртөө эс гэхнээ хожмоо Н.Энхбаяр дээр анх ашигласан, М.Энхболд амжилттай хэрэгжүүлсэн улмаар У.Хүрэлсүх дээр хэрэглэхээр завдаж буй технологиороо Д.Амарбаясгалангаа ч нэгэн цагт амархан түлхэж унагаана. Л.Оюун-Эрдэнийн мөнхийн эрх ашиг нь үндсэндээ Женко.Баттулга болсон.
Х.Баттулгаас “херо” Б.Баатар хол унахгүй, “херо” Б.Баатараас Л.Оюун-Эрдэнэ хол явж чадахгүй нь бүр үнэн. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаярыг дэмжиж, “Number one” пиарыг хийснийхээ хүчинд Н.Энхбаярын ивээлийг олж авч байсан тэрбээр МАН-ын дарга М.Энхболдын зөвлөх, гол пиарчин байсан нь бодит кэйс билээ.
ҮЙЛ ЯВДЛЫН ТАЙЛАЛ: Хамгийн товчоор хэлэхэд, Х.Баттулга АН-ын өрсөлдөгч бүхнээ бүтэн нэр бүлээн зүсгүй болгосон. Гэвч эцэстээ тэрбээр эх орноо зарж идсэн хамгийн том хулгайч байсан нь баримтаар нотлогдож байгаа. Төмөр замын луйвар, ногоон автобусны хулгай, Хөгжлийн банкны тонуул, нүүрсний дээрэм, Төгрөг нуурын ордыг дамлан зарсан асуудал. Монголд хаана том хулгай луйвар гарна, тэр бүгдэд түүний нэр бичигддэг.
Тэгвэл Х.Баттулгын АН-д, Монголын улс төрд нутагшуулсан энэ технологийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр МАН дээр гарамгай ашигласан. Ирээдүйд МАН-ын даргад өрсөлдөх боломжтой үе тэнгийнхнээ Женко.Баттулгатай хамтран замаасаа зайлуулсан. Жишээ нь гэвэл, Н.Номтойбаярт хилсээр хэрэг тохож, “жаран тэрбум”-ын асуудлаар Ц.Сандуйд ял өгүүлж, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг нүүрсний хулгайч болгосон. Өнөөдөртөө тэд тосоо гартал тэврэлдэж буй мэт боловч удахгүй цусаа гартал зодолдоно. Л.Оюун-Эрдэнийн улс төрд эргэн ирэх гол тактик нь У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарыг зөрчилдүүлэн дундаас нь ашиг хонжоо олохоор горилж яваа нь АТГ-ын баривчилгаанаас илэрхий харагдаж байна. АТГ чинь үндсэндээ “Гэрэгэ15”-ийн секьюрти болсон гэдэг нь хэдий онигоо боловч, бодит факт юм.
3,607.57






















































Холбоотой мэдээ