niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 10:33 UTC Эх: https://news.mn/r/2824121/ 13154e2653257a09… ← niitlelch.mn руу буцах

С.Ганбаатар яллах дүгнэлттэйгээ танилцахгүйгээс АТГ-ынхан Төрийн ордонд саатав

Хуучирсан мэдээ: 2025.09.21-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар яллах дүгнэлттэйгээ танилцахгүйгээс АТГ-ынхан Төрийн ордонд саатав

С.Ганбаатар яллах дүгнэлттэйгээ танилцахгүйгээс АТГ-ынхан Төрийн ордонд саатав

"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд нээснээр улс төр бужигнаж эхэллээ.  УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Гэвч энэхүү төслийн хэлэлцүүлэг эхэлсэн даруйд УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр ч удаагийн завсарлага аваад буй. Эхний удаагийн завсарлагыг 2026 оны төсвийн төсөл болон ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэл зэрэгтэй холбогдуулж авсан. УИХ-ын даргын зүгээс гурав хоногийн завсарлага өгөөд байсан.

Энэхүү завсарлагын хугацаа дуусаж, ирэх оны төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байх хооронд Ардчилсан намын бүлэг дахин завсарлага авлаа. Завсарлага авах шаардлага үүссэн үндэслэлээ УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Өнөөдөр нэг ноцтой асуудал гарсан учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс мэдэгдэл хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр 15.30 цагийн орчимд АТГ-ын мөрдөгч н.Балдандорж, н.Батмөнх нар Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр нэг удаагийн нэвтрэх зөвшөөрөл авч орж ирээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийж,  гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарлаа. Энэ явдал бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан, парламентын дархлааг үлэмж хэмжээгээр сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал юм. Ийм учраас УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзэж 2026 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг дээр авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна. Ялангуяа төсөв хэлэлцэж байгаа энэ үед цөөнхийн бүлгийн гишүүнийг онилсон АТГ болон хууль хүчний байгууллагын үйл ажиллагаа нь зөвхөн цөөнх гэлтгүй парламентын дархлааг сулруулах маш ноцтой үр дагавар гаргаж байгаа учраас завсарлагыг Дэгийн тухай хуульд заасны дагуу сунгахыг хүсч байна. Энэ асуудлыг Даваа гаригт бүлгийн хурал дээр хэлэлцэнэ” гэсэн юм. Тус бүлгээс тавьсан хүсэлтийг хүлээн авч завсарлага өгөөд буй.

Гэвч УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд яллах дүгнэлттэйгээ танилцахгүй байгаагаас АТГ-ын мөрдөгчид прокурорын шийдвэрээр Төрийн ордонд нэвтэрч, мэдэгдэх хуудсыг өөрт нь биечлэн өгөхөөр орсон болж таарч буй. Гэвч тэрбээр өөрөө яллах дүгнэлтийг авахаас татгалзсан тул яллагдагчаар татах тогтоолыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд өгсөн байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байгаа юм. Хуулиараа энэ тохиолдолд хэргийн оролцогч нь яллах дүгнэлтээ өөрөө очиж авах зохицуулалттай. Гэвч УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь яллах дүгнэлтээ очиж аваагүй.  Гэрийнх нь хаягаар хүргүүлсэн ч гэр бүлийн гишүүн нь хүлээн авахаас татгалзсан. Тиймээс прокурорын мэдэгдэх хуудсыг өөрт нь биечлэн өгөхөөр АТГ-ын хоёр мөрдөгч Төрийн ордонд орж, өрөөнд нь нэвтэрсэнд “Гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэдэг сенсаци дэгдээж, бүлгийн гишүүдээ буруу мэдээллээр хангасан байж болзошгүй байгаа. Энэ асуудлыг тус бүлэг маргааш хэлэлцэнэ.

АТГ-ын хувьд УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлж, хариуд нь аж ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгасан байдаг. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард энэ асуудалтай холбогдуулж холбогдох нэр бүхий иргэний гэрт нь очиж нэгжлэг хийхэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн дуулиан дэгдээж байсан удаатай.

МАН Бага хурлаа товлов

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2025.09.20/ хуралдаж, Бага хурлаа ирэх долоо хоногийн Бямба гариг буюу есдүгээр сарын 27-нд хийхээр товлолоо. Уг хурлаар МАН-ын дарга хэн болохыг шийднэ. Энэхүү сунгаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд Г.Занданшатар мөн өрсөлдөнө. УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар энэхүү сунгаанд өрсөлдөнө гэдэг мэдээлэл цацагдсан ч үгүйсгэгдэв. Дээрх мэдээллийг УИХ-ын гишүүн асан А.Ариунзаяа няцаасан. Гэхдээ Бага хурлын үеэр тус намын гишүүдээс хэн ч намын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөх боломж бүрэн нээлттэй. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ч өрсөлдөж магадгүй гэх таамаг бас гарч буй. Харин тус намын зарим гишүүн "Бага хурлаас намын даргыг сонгож чадахгүй байж болзошгүй. Намын дарга болохын тулд Бага хурлын гишүүдийнхээ гуравны хоёрын саналыг авах шаардлагатай.  Одоогоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хувьд хэн нь ч  гуравны хоёрын босго давахгүй байж мэдэх аж. Иймээс энэ асуудлыг Их хурлаар шийдвэрлэж магадгүй гэх асуудал ч бас сөхөгдөж буй.

Мөн хурлаар МАН дүрмээ шинэчлэн батлах учиртай. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс урьтаж намын дүрмээ шинэчлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх учиртай. Энэ дагуу өнгөрсөн наймдугаар сарын турш дуншуулсан Бага хурал зарлагдаж байна гэж хэлж болно.

Хэдийгээр Бага хурлаар МАН-ын дарга хэн болохыг шийдэж чадахгүй бол Их хурал руу шилжүүлж хайнаа хагалах ч тус хурлаар энэ асуудлыг батламжилж байж Улсын дээд шүүх рүү намын даргаар хэнийг бүртгүүлэх, мөн намын дүрмийн шинэчлэлээ баталгаажуулах учиртай. Иймээс Бага хурлаас Их хурлыг товлох шаардлага ч тулгарч буй.

Хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэдэг газраас энэ сарын 17-ноос эхлэн сураггүй болсон хоёр настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр /2025.09.21/ тав дахь өдрөө үргэлжилж байна.

Эрлийн ажиллагааг зохион байгуулагчдын зүгээс “Үзэх шаардлагатай бүхий л газрыг үзсэн ч үр дүн муутай байна. Байсан бол олдохоор шалгалтыг та бид хамтдаа хийлээ. Нутгийн иргэдийн өчигдөр морьтой хийсэн эрэн хайх ажиллагааг хийсэн газар явганаар самналт хийнэ. Албаны арван нохой ажиллана. Тусгай үүрэг гүйцэтгэж өөр ажилд ажиллахаар төлөвлөлт хийж байна” гэдэг мэдээллийг өгөөд буй.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын мэдээллээр өнөөдрийн 11:30 цайгийн байдлаар эрлийн багийнхан гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд эрэлч нохойн бүлэг Баянхошуугийн Хувь гэдэг газар буюу хүүхдийн амьдарч байсан болон алга болохын өмнөх өдөр хоноглосон иргэний гэрээс алга болсон гэх Сайхан мод хүртлэх газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн Сайхан мод гэдэг газраас баруун урд зүгт Их царам болон Тайга гэх газруудын чиглэлд эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлсэн.

Эрлийн ажиллагаанд тусгай албад болон иргэд нийлсэн 300 гаруй хүн ажиллаж байгаа юм.

Н.Алтанхуяг нарыг гэм буруугүй гэж үзэн цагаатгалаа

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 иргэн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцсэн байсан бөгөөд өнгөрсөн Даваа гаригт/2025.09.15/  гэм буруугийн дүгнэлтийг танилцуулав.

Ингэснээр дээрх хэрэгт нэр холбогдоод байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Найдалаа, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр тэргүүтэй нэр бүхий хүмүүт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэв цагаатгав. Тодруулбал, Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртараг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, Д.Даваасамбуу нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг мөн дээрх шийдвэрт тодотгосон.

Харин Н.Сүхболд, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Ц.Билгүүн, Ш.Бүтэд, П.Мягмардорж, Г.Цолмон, Ц.Баатарбилэг, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг, мөн "Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хассаны зэрэгцээ хилийн хориг тавьж, мөн торгох ялыг оноосон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж