Хөвсгөл аймагт алга болсон хоёр настай хүүг олоогүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Хөвсгөл аймгийн Тариалан сумаас 30 орчим км зайд Баянхошуу багийн Сайхан мод гэх газраас хоёр настай хүү хоёр хоногийн өмнө алга болсон. Тодруулбал, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газарт энэ сарын 17-ны 17:00 цагийн орчимд хүүхэд алга болчихлоо гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Бага насны хүүхдээ машинд унтуулж орхиод мод бэлтгэж байгаад эргээд ирэхэд нь хүүхэд нь алга болсон байжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй хамтран эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн 210 гаруй иргэн, төрийн албан хаагч, 38 автомашин, хоёр мотоцикл, дөрвөн морьтойгоор 4–5 км-ийн радиуст самналт хийж байгаа аж.

Мөн аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг болон Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтойгоор тус суманд ажиллаж байгаа ажээ. Үүнээс гадна ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэй аврах баг Хөвсгөл аймагт нислэг үйлдэж буй. Мөн орон нутгаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа.
Өнөөдөр /2025.09.19/хүч нэмэгдүүлж өглөө 6:30 цагийн байдлаар нутгийн иргэд нэмэгдэж 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хүүг эрэн хайх ажил үргэлжилж байгаа ажээ.
"Мэдээж эцэг, эхийн сэтгэл санаа маш хүнд байгаа. Хүүхэд сураггүй болсон газар ой мод сийрэг талдаа. Гэхдээ зуслангийн газар учраас айлууд ихэнх нь нүүчихсэн, 3-4 айл нэлээд хол зайтай байсан. Бага насны хүүхэд учраас цаг явах тусам аврах ажиллагаа хумигдаж байна гэсэн үг" гэж албаныхан мэдээлэв.

3,607.57






















































Холбоотой мэдээ