niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 11:01 UTC Source: https://news.mn/r/2823695/ e6ef56225a40212b… ← back to niitlelch.mn

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эзэн нь төр

Хуучирсан мэдээ: 2025.09.18-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эзэн нь төр

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эзэн нь төр

Хөгжлийн банк нэг их наядын чанаргүй зээлээ төрөөс барагдуулж чадах уу, энэ асуудал өнөөдөр хамгийн анхаарал хандуулах асуудал болж хувираад байна.

Учир нь, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өр төлбөр эдүгээ 1.3 их наяд төгрөгт хүрснээс 1 их наяд 45 тэрбум нь төрд хамааралтай байна.

Тодруулбал, дээрх чанаргүй зээл нь Засгийн газар, яам, агентлаг, төрийн өмчит компаниудад хамаарч буй. Хамгийн гол нь эдгээр зээл төлөгдөлгүй сунжрахын хэрээр хүү нь ч өсч, эцэстээ эзэнгүйдсэн тохиолдлууд ч бий аж. Шалтгаан нь Засгийн газар солигдож, яам нь татагдан буугдахтай зэрэгцэн Хөгжлийн банкнаас нэр бүхий төслийг санхүүжүүлэхээр олгосон зээлийг өөр яам агентлагт шилжүүлэх шийдвэр гарч өөрчлөгдөхийн хэрээр хэн төлөх нь тодорхойгүй болсон жишээнүүд ч байгаа юм.

Тухайлбал, 2014 онд Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх зорилгоор ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 15.9 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас олгожээ. Үүнээс 1.1 сая ам.доллар нь эргэн төлөгдсөн. Жилийн 6.1 хувийн хүүтэй зээлийг 2022 онд төлж дуусгах нөхцөлтэйгээр авсан. Гэвч төсөл ч хэрэгжээгүй, зээл ч төлөгдөөгүйн зэрэгцээ чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Эдүгээ энэхүү төслийн ТЭЗҮ-тэй  холбогдох зээл 61 тэрбумд хүрчээ.

Эрчим хүчний төсөлтэй холбогдох хоёрдахь зээл нь Эгийн голын усан цахилгаан станц төсөлтэй холбогддог. Мөн энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд ТЭЗҮ-ийг боловсруулах зорилгоор 2013 онд  50 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас олгох Засгийн газрын тогтоол баталж байсан. Энэ дагуу дээрх санхүүжилт олгогдсон. Тухайн үед ирээдүйн борлуулалтын орлогыг үнэлээд түүгээрээ зээлээ эргүүлэн төлнө гэсэн төсөөлөлттэйгээр зээл олгогдсон. Гэвч төсөл хэрэгжээгүй, эцэст нь 61 тэрбум төгрөгийн төлөгддөггүй чанаргүй зээл болж хувирсан.

Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн өгсөн мэдээллээр Хөгжлийн банкнаас олгосон хамгийн том зээл нь Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацид хамаарна. Одоогоор тус корпорацид холбогдох зээлийн үлдэгдэл 400 тэрбум төгрөгөөр яригдаж байна.

Бага, дунд орлоготой иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилгоор 2013 онд Хөгжлийн банкнаас зээл авч төслийг хэрэгжүүлсэн. Барьсан орон сууцаа борлуулж, Хөгжлийн банкнаас авсан зээлээ буцаан төлөх бодлого барьж байсан ч Засгийн газар явцын дүнд шийдвэрээ өөрчилсөн нь эргээд зээлээ төлөхөд хүндрэл үүсч, түгжээ бий болгожээ.

Хөтөлийн цемент шохой үйлдвэр төрийн өмчит компани 2015 онд Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авсан ч мөн л төлөгдөөгүй, чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Нийт дүн нь 400 тэрбум руу дөхсөн. Хөгжлийн банк тус компанийн зарим хөрөнгийг зээлийн барьцаанд авсан ч шүүхийн маргаан үүссэнээс хохирол барагдуулах боломжгүй болсон зэрэг асуудал үүсээд байгаа юм.

Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард Хөгжлийн банктай холбогдох чанаргүй зээлийг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж ажиллах болсон. Үр дүн гарах эсэх нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч хэн төлөх нь бүрхэг байсан чанаргүй зээлүүдийг эзэнтэй болгож, гурван жилд багтаан төлөх үүргийг хүлээлгэжээ.

Тухайлбал, дээр дурдсан эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ТЭЗҮ боловсруулахад олгогдсон зээлийг Эрчим хүчний яаманд хариуцуулсан. Зээлийг өөрийн эх үүсвэрээр барагдуулах уу, төсөвт суулгах уу гэдэг нь тухайн яамны шийдэл байх аж.

Уг нь гурван жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийн танхим Хөгжлийн банкийг дампуурлаас гаргахаа зарлаж, зээлээ төлөхгүй байгаа компаниудын нэрсийг зарлан мэдээлж байсан ч энэ нь шоу болоод л дуусчээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяагийн мэдээллээр тухайн үед Хөгжлийн банкинд 1.8 их наяд төгрөгийн зээл төлөгдсөн ч үүнээс 1.4 их наяд нь хүүгээ төлөөд явж байсан хэвийн зээл буцаан төлөгдсөн зээл эзэлжээ. Товчдоо чанаргүй ангилалд шилжсэн зээлээс ердөө 400 тэрбум нь эргэн төлөгдсөн. Харин хамгийн асуудалтай буюу төлөгддөггүй зээлүүд тунаж үлдсэн нь дээр дурдсан төртэй хамаарах 1 их наяд 45 тэрбум төгрөгийн зээл хамаарч байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж