niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 11:02 UTC Source: https://news.mn/r/2823590/ de6f0160b7824182… ← back to niitlelch.mn

"Бүгд асуудлаа мэддэг хэрнээ өөрчлөхийг хүсдэггүй"

Хуучирсан мэдээ: 2025.09.18-нд нийтлэгдсэн

Live"Бүгд асуудлаа мэддэг хэрнээ өөрчлөхийг хүсдэггүй"

"Бүгд асуудлаа мэддэг хэрнээ өөрчлөхийг хүсдэггүй"
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
17 : 07
2025-9-18

"Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл хөтөлбөрүүд өгөөжөө өгч байгаа"

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Хөдөө, аж ахуйн салбарын өнгө сайн байгаа. Үндэсний статистикийн газраас, 2025 оны нийгэм, эдийн засгийн тайланг танилцуулсан. Хөдөө аж ахуйн салбар дангаараа 35.6 хувийн өсөлттэй гарсан. Хагас жилийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувьтай гарсан үүний 3.6 нэгж хувийг дангаараа бүрдүүлсэн. Манай салбар нийгмийн тогтвортой байдлыг хангаж байгаа салбар. Нийгмийн баялгийг хамгийн жигд хуваарилж байгаа. Нүүрс унахад бүх зүйл дагаад унаж байхад хөдөө, аж ахуйн салбар ганцаараа үлдэж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл хөтөлбөрүүд өгөөжөө өгч байгааг харуулж байна. Тэгэхээр эдгээр хөтөлбөрүүдээ дунд хугацаанд хамтраад хэрэгжүүлье" 

 

15 : 15
2025-9-18

"2026 оны төсөвт нэг ч конторын барилга суулгаагүй"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. 

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: 

-Монгол Улсын 330 сумын иргэдэд, иргэдэд үйлчлэх төвийн барилга буюу хуучнаар сумын ЗДТГ-ын барилгаар дамжуулан төрийн үйлчилгээг үзүүлдэг. Зарим сумын ЗДТГ-ын барилга хуучирч муудсан учраас шинэчлэх ажлуудыг хийж байна. 2025, 2026 төсөвт нэг ч конторын барилга суулгаагүй. Конторын барилгыг тэвчиж болох зардал гэж үздэг. 1000 ам.метр талбайтай байр барьж, дотор нь 20-иод хүн ажилладаг барилга хэрэгтэй юу, үгүй юү гэдгийг эргэж харах ёстой. Илүү оновчтой, зардал багатай байх талд нь анхаарах ёстой. Сумын захиргааны нэг ажилтанд 50 орчим ам.метр талбай, ашигтай талбайг тооцвол 20 орчим ам.метр талбай ногдож байна. Гэтэл Төрийн ордонд УИХ-ын гишүүний туслах, зөвлөх, Тамгын газрын нэг ажилтанд 4-5 ам.метр талбай оногдож байна. Төрийн ордноор бодоход сумдад 100 ам.метр талбайтай барилга байхад төрийн үйлчилгээ үзүүлэх боломжтой харагдаж байна.

Хоёр давхар барилгын багана дам нуруу хийхдээ 20 давхар барилгын даацтай дам нуруу хийдэг. Дээр нь 1000 ам.метр талбайн урсгал зардал болох халаалт, цахилгаан, цэвэрлэгээ үйлчилгээ гэх мэтээр нэмэгддэг. Энэ бүхэн улсын төсвийн урсгал зардлыг нэмэгдэж буй гол шалтгаан болж байна" гэв.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-2026 оны төсвийг боловсруулахдаа иргэдээс санал авсан нь зөв зүйл болсон. Ингэснээр Даланзадгадын 50МВ-ын дулааны цахилгаан станц бондын хөрөнгөөр шийдэгдэхээр боллоо. Гурван тэс-Шивээхүрэн хүртэлх зам тавих төсөв улсын төсөвт суусан. Мөн Улаанбаатар- Мандалговь-Даланзадгад чиглэлийн замын их засвар шийдэгдэх нь. Говийн бүсд царцсан арав гаруй барилгын ажил үргэлжлэхээр боллоо. Бид төсвөө яаж нэмэгдүүлэх, эдийн засгаа нэмэгдүүлэх нүүрсээс өөр эх үүсвэртэй болохыг ярих ёстой. Мөн үнийн өсөлтийг яаж барих уу гэдэг дээрээ анхаармаар байна. Дээрээс нь малчны тухай хуулийг хоёр жилийн өмнө санаачилсан. Гэтэл малчны нийгмийн даатгалын шимтгэлийг жилд нэг удаа нөхөн төлүүлье гэсэн. Энэ асуудал хаана гацаад байна. Нэг хүүхдийг хөдөө аж ахуйн чиглэлээр сургана гэсэн асуудал хэрэгжилт хэр байна. Мөн Биржийн тухай хуулиа эргэж хармаар байна. Ипотекийн зээлийн хэрэгжилт ямар байна" гэсэн асуултууд асуув. 

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хариулт өгөв. Тэрбээр, малчны эрх зүйн байдлын тухай хууль, малчин иргэний нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь миний үүрэг болж ирсэн. Ингээд зарим яамдуудаас санал авахад татгалзсан. Төсөв дээр ирэх ачаалал нэмэгдэнэ. Миний хувьд энэ хуулийг батлахад оролдлого хийнэ" гэв. 

Боловсролын сайд П.Наранбаяр: 

-Малчнаар арваас доошгүй жил ажилласан хүний нэг хүүхдийг хөдөө, аж ахуйн чиглэлээр сургана гэх хуулийн заалт энэ жилээс  хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, ХААИС-д 70 хүүхэд үнэгүй суралцаж байна. Мөн эчнээ хэлбэрээр суралцуулахаар төлөвлөж байна.

Хот байгуулалт, барилга, Орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан: 

Ипотекийн зээлийг хөдөө орон нутагт эхний гурван жилд гурван хувийн хүүтэй олгож байгаа. 2025 оны байдлаар, 500 зээлдэгчид 50 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл олгоод байна. Ипотекийн зээл авахад 30 хувийн урьдчилгаа өгдөг бол орон нутагт урьдчилгаа төлбөрийг 12 хувь болгож бууруулсан. Энэ онд 193 зээлдэгчийн 4.1 тэрбум төгрөгийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж гаргасан" гэх хариултыг өглөө. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

– Монгол Улс уул уурхайн эдийн засагтай. АМНАТ-ын эргэн хуваарилалтад өөрчлөлт хийхгүй бол уул уурхайг дэмждэг аймаг, сум, баг байхгүй болох нь ээ. Жишээлбэл, Өмнөговь аймаг 3.4 их наяд төгрөгийн АМНАТ улсын төсөвт төвлөрүүлээд, төсвөөс 42 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байна. 42 тэрбумаас 15 сумандаа нэг нэг тэрбумыг хуваарилдаг. Уул уурхай ашиглалт, олборлолт сум, орон нутагт нь ямар ч өгөөжгүй байхаар хэн дэмжих юм бэ. Үүнийг өөрчлөх үү, ажлын байр нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлтийг орон нутгаас нь авахгүй бол уул уурхай цааш явахгүй болж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

– Монгол Улс 2000 оноос эхлэн уул уурхайн эдийн засагтай улс болсон. 2020-иод оны эхэн үед зарим аймагт АМНАТ ийм өндөр дүнтэй байгаагүй юм. Одоо улам өндөр дүнтэй болсон учир АМНАТ-ын хуваарилалтыг эргэн харах ёстой. Өмнөговь аймгийн иргэдэд монголын ард түмэн талархах хэрэгтэй. Өмнөговь аймагт уул уурхайн үйлдвэрлэл хамгийн өргөн хүрээнд явагддаг. Тэр хэрээр бусад аймаг хотуудыг тэтгэж байна. Жишээ нь, Хөвсгөл аймаг фосфоритын ордоо хааж ногоон аймаг болно. Нэг ч уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй гэж зарласнаас хойш АМНАТ-ын хуваарилалт хамгийн бага очиж байна. Тиймээс АМНАТ-ын 10 хувийг орон нутгийн хөгжлийн санд нь хуваарилдаг бол одоо 20 хувийг орон нутагт нь хуваарилна. Тэр дотроо уул уурхайн үйлдвэрлэл явагдаж байгаа орон нутагт дахин индексжүүлж нэмэх төслийг УИХ-д удахгүй өргөн барина" гэлээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-"Ирэх онд тэтгэврийг зургаан хувиар  нэмэхээр тусгасан. Гэхдээ нь зургаан хувиас дээш нэмэхгүй гэсэн үг биш. Уг нь Гэр бүл, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийг 10 хувь нэмэх санал оруулсан. Тэгэхээр зургаан хувьдаа багтаагаад бага тэтгэвэртэй иргэдэд илүү өндөр дүнгээр, өндөр тэтгэвэртэй иргэдэд бага дүнгээр нэмэгдүүлэх аргачлалыг батлах эрх нь Засгийн газарт байгаа" гэдгийг хэлэв. 

Сангийн сайд Б.Жавхлан тэрбээр, А.Ариунзаяа гишүүний хэлж байгаа саналтай би огт санал нийлэхгүй байна. Өчигдөр хэд хэдэн гишүүн асуусан. Тэтгэврийг нэмэхдээ бага тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг өндөр хувиар, их тэтгэвэр авдаг ахмадуудад  бага хувиар нэмнэ гэдэг маш буруу. Өндөр тэтгэвэр авч байгаа ахмадууд бол насаараа өндөр дүнтэй шимтгэл төлсөн. Тэгээд тэтгэвэрт гарсан хойноо өндөр шимтгэл төлснийхөө төлөө дахин торгуулж болохгүй шүү дээ. Тиймээс жигд адил хувиар нэмэгдүүлэх нь хамгийн шударга. Ийм тогтолцоо руу бид хэзээ ч орохгүй" гэсэн юм.

2026 оны төсөвт, ахмад настнуудын тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхэд 378 тэрбум төгрөг тусгасан байна. 

13 : 43
2025-9-18

Бүгд асуудлаа мэддэг хэрнээ өөрчлөхийг хүсдэггүй

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Төсвийн хэлэлцүүлгийг хийж байхад л тогтвортой сууж чадахгүй гараад хэвлэлийн хурал хийж байх жишээний. Иймэрхүү байдлаар төсөв хэлэлцэж болохгүй. Зарим хүмүүс нэг салбарын төсвийн танаад нөгөө салбарт өгмөөр байна гээд байх юм. Харин эсрэгээрээ хэрэгцээгүй зардлаа танаад төсвийн орлогоо яаж бүрдүүлэх тухай яримаар байна. Дэд бүтцийн асуудлууд бүгд хуримтлагдсан. Уялдаагүй асуудал байхгүй. Харин эдийн засгаа тэлж, орлогоо яаж тогтвортой байлгах вэ гэдгээ яримаар байна. Бүгд асуудлаа мэддэг хэрнээ өөрчлөхийг хүсдэггүй. Улс төрийн амьдралаа урт байлгах л санаатай. Хэдэн хүмүүс сайд болж тоглодог.

Төлбөрийн тэнцэл дээр тээврийн асуудал байна. Үүнээс болж 800 сая ам.долларыг алддаг болоод байна. Энэ юунаас болж байна, яаж засах юм. Мөн АМНАТ бодлогод ашиг сонирхлын зөрчил үүсч байна. Бие даасан хуулиар зохицуулмаар байна.

Тэргүүн шадар сайд Н.Учрал:

-Тэрбээр, салбар болгон дээр хийх ажлуудыг яг шалгуур дээр суурилсан хэмжилт хийнэ. Тэгээд үр дүнд хүрээгүй бол үнэлгээ нь доошилдог байдал руу шилжинэ. Тухайн салбарт ямар өөрчлөлт гарсныг бодит тоогоор хэмжинэ.

Энэ удаагийн төсөв бол байгаа нөхцөл байдалдаа нийцсэн үнэн бодит байдлаас зугтаагүй нь онцлог. 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд барьсан нь хариуцлагыг нэмэгдүүлсэн төсөв болсон гэж харж байгаа. Тиймээс ирэх он жилүүдэд яг энэ төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа барьж зөв цагтаа мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлээд явбал эдийн засаг эрүүлжинэ" гэлээ.  

12 : 18
2025-9-18

Г.Занданшатар: "Бид гаднаас 7-8 хувийн хүүтэй зээл авдаг нь үнэн"

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганд оролцож гишүүдийн асуултад хариулав. Гишүүдийн хувьд гадаадын банканд хамгийн багаар буюу гурван хувийн хүүтэй мөнгөө байршуулдаг хэрнээ гаднаас өндөр хүүтэй зээл авдаг асуудлыг хөндөв.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэрбээр "Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу энэ сангийн 1.2 тэрбум ам.долларыг гадаадын банкуудад хадгалуулдаг. Энэ хуулийг Норвегийн сангийн жишгээр баталсан.Гэхдээ бид гаднаас 7-8 хувийн хүүтэй зээл авдаг нь үнэн. Нийслэл бонд гаргахад мөн өндөр хүүтэй санхүүжилт татсан гэдгийг хэлэв. Мөн 260 гаруй мянган иргэд гэр хороололд амьдарч байна. Иймд  Засгийн газраас орон сууцжуулалтын банк байгуулах санаачилга гаргаж, хуулийн төсөл боловсруулж байна. Улмаар орон сууцжуулалтын банк байгуулж залуус ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа асуудлыг шийднэ. Ингэхдээ Дархан, Эрдэнэтэд шинэ төвлөрөл үүсгэнэ. Сүүлийн жилүүдэд эрэлтийг илүү дэмжсэн тул байрны үнэ тогтмол өссөн. Иймд цаашид нийлүүлэлтийг буюу барилгын компаниудыг дэмжинэ ингэхдээ газар олгоно гэдгээ хэлэв. 

12 : 07
2025-9-18

"С.Энхболд эмнэлгүүдэд санхүүжилтийг ялгаж олгосон"

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, ЭМДС-аас болоод эмнэлгүүд санхүүжилтгүй иргэд хувийн эмнэлгээр үйлчлүүлж байна. ЭМДС өр төлбөрөөс хэзээ гарч, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх талаар Эрүүл мэндийн сайдаас асуув. Асуултад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хариулав. 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Тэрбээр, "ЭМД-ын асуудал ноцтой байна. Тусламж үйлчилгээ жигд хүртээмжтэй бус байгаа. Тухайлбал, байгаа төсөв нь өөрөө хязгаарлагдмал. Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд энэ санг удирдан ажилладаг. Түүний хувьд эмнэлгүүдэд санхүүжилт олгохдоо алагчилж, ялгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, боломжтой газруудад санхүүжилтийг 100 хувь өгчхөөд хэрэгцээтэй газарт нь өгөхгүй өр үүсгэж байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Сэтгэлтэй хүн тавих хэрэгтэй байна. Хамгийн их эрэлттэй эмнэлгүүд болон хөдөөгийн эмнэлгийн санхүүжилтийг олгоогүй. Сэтгэлгүй ажилласан учраас энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн дараагийн даргыг сонгон шалгаруулалтыг зарлана. 

Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн талаар сонсгол зохион байгуулна. Т.Мөнхсайхан сайд байхдаа энэ сангийн 316 тэрбум төгрөгийн өрийг төлүүлээд явсан. Гэтэл одоо 140 тэрбум төгрөгийн өр үүссэн. Дахин үүсэхээр байна. Цаашид Эрүүл мэндийн даатгалын сан эмнэлгүүдээс нэхэмжлэхийг цахимаар авдаг болж, хүн хоорондын харилцааг бууруулан, хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ" гэсэн юм. 

Сангийн сайд Б.Жавхлан тэрбээр, "энэ асуудлыг цэгцэлж чадахгүй. Эрүүл мэндийн даатгалын сан ёроолгүй сав шиг болсон. Алдагдал үүслээ гэдэг, Засгийн газраас төлдөг. Хувийн эмнэлгүүд санхүүжилтээ авч чадаагүй байна" гэдгийг хэлэв. 

11 : 53
2025-9-18

"Улсын төсвийг жижиг сумд руу хуваарилж үрэн таран хийж байна"

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:

-Энэ удаа том төсөв орж ирсэн. Үүнээс урсгал зардлаа хасаад 8 их наяд төгрөг хөрөнгө оруулалтын зардалд үлдэж байгаа. 8 их наяд төгрөгөөр том бүтээн байгуулалт хийх боломжтой. Энэ үнийн дүнгээр эрчим хүчнийхээ асуудлыг шийдчих боломжтой шүү дээ. Гэтэл сум бүр жижиг, жижиг байшин барих, хоёр сум хооронд зам тавих гэх мэтээр үрэн таран хийж байна. Сүүлийн хориод жилд маш их татаас өгсөн. Үүний үр дүн ямар бйна. Улаанбуудайгаа импортоор авахаар болчихлоо. Арьс шир хаягдаад байна.

Энэ жилийнхээ хөрөнгө оруулалтыг эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркийг дэмжихэд зарцуулмаар байна. Хөдөө аж ахуйгаа дэмжмээр байна.

Цагаан нуур, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдийг эхлүүлсэн одоо болтол дуусаагүй. Жил бүр бага мөнгө төсөвлөхөөр чөлөөт бүс хөгжихгүй байна. Орон нутгаас оруулж ирж байгаа жижиг төслийг дэмжээд байхаар том төслүүд хөгжихгүй байна. Үүнийг анхаармаар байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-"Улсын төсөв дээр хоёр санал хэлмээр байна. Нэгдүгээрт, нийгмийн эрүүл мэндийн зардлыг хасаад байна. Гэтэл нийгмийн эрүүл мэндийг дэмжсэнээр эргээд зардлаа хэмнэнэ. Учир нь иргэд урьдчилан сэргийлж чадсанаар эрүүл мэндийн салбарын ачаалал буурна. Өвдчих тэгээд бид эмчилье гэж байгаа юм уу. Хоёрдугаарт, нийгмийн хариуцлага. ААН-ийн орлогын албан татварын хөнгөлөлт 1 хувь байгаа. Гэтэл тэрийг ААН байгууллага жинхнээсээ нийгмийн харицулагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд яаж авах нь тодорхойгүй хэвээр байгаа. Төрөөс улсын төсөвт суулгаж чадаагүй, төр өөрөө хийх ёстой зарим ажлуудаа орхигдуулж  ААН, ТББ-ууд руу нийгмийн хариуцлагын хүрээнд та нар хий гэдэг" 

11 : 20
2025-9-18

"2026 оны төсөв иргэд, ААН-д дарамт болохоор байна"

УИХ-ын гишүүн Ч.Номин: 

-Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдлийг орж ирсэн байдлаар нь дэмжих боломжгүй байна. Нэгдүгээрт, экспортын орлого биет хэмжээг хэт өндөр төсөөлсөн байна. Мэдээж 90 сая тонн нүүрс экспортлоод нүүрсний үнэ 70 ам.доллар байгаад яг үүгээрээ орлогоо олж чадвал улсын хувьд ашигтай. Гэхдээ нийгмэм эдийн засгийн байдал хүнд дээрээс нь олон улсын нөхцөл байдлыг таашгүй энэ үед няхуур хандах ёстой. Хоёрдугаарт, уг төсөв иргэд, ААН-д ашигтай гэж харахгүй байгаа.

Энэ удаагийн төсөв дээр орлогоо нэмэгдүүлэхийн тулд 1.3 их наяд төгрөгийн татварын болон нийгмийн даатгалын орлого нэмэгдүүлсэн байна. 

Эдийн засаг хөгжлийн сайд болон Ерөнхий сайд эдийн засгаа дэмжихийн тулд хувийн хэвшил болон чөлөөт эдийн засгийг дэмжинэ. Татварын дарамтыг ААН дээр байлгахгүй, цаашлаад данс хааж байгааг зогсооно гэдэг зүйлийг хэлсэн. Гэтэл төсвийг харахад ААН-д дарамт үүсэх нөхцөл байдал харагдаж байна. Тухайлбал, нийгмийн даатгалын орлогын нэмэгдэл нь буцаад ААН дээр ачаалал нэмэх дээрээс нь татварын байцаагч нар татвараа бүрдүүлэхийн тулд дансаа үргэлжлүүлэн хаах, торгох нөхцөл харагдаж байна. Монгол Улсын хэмжээнд 100 гаруй мянган ААН үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс 20 гаруй мянга нь алдагдалтай ажиллаж байгаа бол 16 мянган ААн татвар дээр дансаа хаалгасан байна.

Тэгэхээр энэ өндөр татварын орлогыг бүрдүүлэхийн тулд ААН-үүдэд дарамт үүснэ. Ам ажил хоёроо нийлүүлэх хэрэгтэй байна. Мөн төсвийн алдагдал өндөр орж ирсэн байна. Төсвийн алдагдлаа 1.4 их наядын зээлээр санхүүжүүлэхээр болсон байна. Ингэснээр мөнгөний бодлого чангарч ард иргэд, ААН-д дарамт ирнэ гэж харж байна. Эхлээд төсвийн хүрээний мэдэгдлээ хэлэлцэж батлаад дараа нь 2026 оны төсвөө хэлэлцэх нь зөв" гэдгийг хэлэв.

10 : 35
2025-9-18

"Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэммээр байна"

2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бейсен саналаа хэллээ. Тэрбээр, "нэгдүгээрт Эрүүл мэндийн салбарын өр зээлтэй холбоотой асуудалд Сангийн яамныхан анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Ялангуяа Эрүүл мэндийн даатгалын өр зээл их байна. Үүнээс үүдэж Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ доголдож байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл дутуу улмаар иргэд үйлчилгээ авч чадахгүй болоод байна. Тийм учраас уг асуудалд онцгой анхаарч төсөвт тусгаж өгөх хэрэгтэй байна. Хотын том эмнэлгүүд эм, эмнэлгйн хэрэгсэл байхгүйн улмаас хүндрэл гарч байна. 2026 оны төсөв дээр эрүүл мэндийн салбарынхны цалинг нэммээр байна. Хоёрдугаарт, цомхотголын асуудалд байна. Хаврын чуулган дээр ХНХЯ-ны сайд 14 мянган иргэнийг цомхотгоно гэсэн. Ингээд цомхотголын тухайд анзаараад байхад яам, тамгын газрынхныг цомхотгох нь бага харин хот тохижилт, олон нийтийн цагдаа, нийгмийн ажилтнуудыг цомхотгоод байгаа харагдаж байна. Үүнэ дээр анхаармаар байна. Мөн орон нутгийн цомхотголоо ч анхаарах нь чухал байна.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

-Эдийн засаг, нийгмийнхээ бодит байдлыг харгалзаж төсвийн хүрээний мэдэгдлээ боловсруулж оруулж ирсэн байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг хангах хүрээнд анхаарах зүйлүүд байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах том төсөл, бүтээн байгуулалтын ажлууд өрнүүлж гаднын хамтын ажиллагааны хүрээнд гадна дотноос хөрөнгө оруулалт зээл татаж байгаа. Үүний ашиглалтыг сайжруулах ёстой. Тухайлбал, газрын тосны үйлдвэр барих ажлыг 2027 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 1.7 тэрбумын зээл ашиглалт байгаа. Үүнээс 30 орчим хувийг нь ашигласан. Тэгэхээр үлдэгдлийг ирэх онд ахиу ашиглаж байж хугацаандаа ашиглалтад орох боломж бүрдэнэ. Аж, үйлдвэр, боловсруулалтын чиглэлийн бүтээн байгуулалтаа илүү явуулмаар байна. Ингэхийн тулд тооцоо судалгаагаа нарийн болгомоор байна" гэдгийг хэлэв. 

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

-Намрын чуулган нээгдээд Монгол Улсын ирэх жилүүдийн макро эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн бодлогын талаар ярилцаж байна. Хөгжлийн дунд хугацааны бодлого буюу Монгол Улсын ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж батлаагүй байхад дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл тэр хүрээнд төсвийн орлого, зарлага тэнцлийн талаар хоёр өдөр ярьж байгаа нь зармын хувьд буруу гэж үзсэн учир манай намын завсарлага авсан. Миний хувьд ирэх жилүүдийн хөгжлийн бодлого, чиглэл стратеги ярьж тодорхойлоогүй байж төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын талаар урьдчилан яриад хуваарилж байгааг гайхаж байна. Хэрвээ та нар хувийн хэвшилд ажиллаж байсан бол ийм зүйл ярихгүй байх. Энд нэг бол төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа өөрчлөлт оруулах ёстой ингэж байж хөгжлийн төлөвлөлт яримаар байна. Бид эхлээд Засгийн газрын өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэж байж ирэх 2026 оны төсвийн төслийг ярих ётсой байсан. Хоёр өдөр энэ хоёр төслөө хольж ярилаа. Тэгэхээр дэгийн тухай хуулиар өөрчлөх хэрэгтэй байна. НӨАТ, тэтгэврийн нэмэгдлээс өөр өөрчлөлт шинэчлэл алга.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж