Монгол Улсад парламентын засаглал үүсэж бий болсон цагаас хойш ес дэх удаагийн парламентын сонгууль өнгөрсөн жил зохион байгуулагдсан. Үр дүнгээр нь Монгол Улсад анх удаагаа 126 гишүүнтэй 5 намын оролцоотой парламент бий болсон. Шинээр бүрэлдсэн парламент есдүгээр сарын 15-нд хоёр дахь намрын чуулганаа нээлээ. Намрын чуулганы нээлтэд Балжинням, Дашням давхцсан өдөр гэдэг шиг УИХ-ыг удирдаж байсан үе үеийн дарга нар оролцохоос гадна, улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүмүүс ч оролцсон. Тэр дундаас ээжийнхээ үгэнд орохгүй УИХ-ын чуулганы хуралдаандаа удаа дараа суугаагүй УИХ-ын гишүүн Х.Баттулга болон Улсын их баяр наадмын өмнө Ерөнхий сайдын суудлаасаа буусан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар ирц бүрэн оролцсон нь онцгой тохиолдол болов. Угтаа тэд УИХ-ын гишүүний үүргээ биелүүлсэн төдий зүйл. Гэвч саарал ордондоо саатаж морилолгүй удсан тэдний гэгээн дүрийг харах гайхамшигт тохиосон адил шуугиан тарив. Энэ жил УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орсноор есдүгээр сарын 15-наас УИХ-ын намрын чуулган албан ёсоор эхэлдэг болж буй. Өмнө нь аравдугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийдэг байсан бол ийнхүү 15 хоногоор урагш нь татаж хуралддаг болсон үндсэн шалтгаан бол төсвийн хэлэлцүүлгийг өргөн хүрээгээр хэлэлцэх, иргэд, сонгогчид, нийгмийн бүлгийн хүрээнд хэлэлцүүлгийг өргөн хүрээгээр зохион байгуулдаг байх нөхцөлийг хангах зорилгыг агуулж хуулийн өөрчлөлтийг хийснээрээ онцлог.
Нөгөө талаар Монгол Улсад Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулаад улс төрийн намууд өөрсдийн Их хурлаа зохион байгуулж, намын дарга удирдлагуудаа сонгож, шинээр Дээд шүүхэд бүртгүүлэх ажил явагдаж байна. Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор намрын чуулган намын даргын төлөөх зодооноор эхэлж байна.
УИХ-ын намрын чуулган эхлэхээс гурав хоногийн өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн. Тэрбээр, Монгол Улс хувь хүн бус, хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. Үүний төлөө улс төрийн нам бүр, үе үеийн сонгууль, үеийн үеийн парламентууд зорьж ажиллаж ирсэн. Хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улс ардчилсан парламентынхаа дархлааг улам бүүр дархлаажуулж, баталгаажуулж явж байх учиртай байдаг. Хуулийн дор хүн бүр эрх тэгш амьдардаг тэр нийгмийг бид бодитоор цогцлоон хөгжүүлэх ёстой. Энэ бол Монголын төрийн үндсэн зорилго байх ёстой. Энэ утгаараа миний хувьд 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус, хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдынхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жилийн туршид ажиллаж, шинэчлэл, өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа хувьд, удаа дараа намынхаа гишүүдийн итгэл дэмжлэгийг авч Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэсэн юм.
Түүний мэдэгдлийн дараа МАН-ын даргад өрсөлдөх эрх УИХ-ын даргад байгаа эсэх, эсвэл Ерөнхий сайд намын дарга байхаар Үндсэн дүрэмдээ заасан эсэх тал дээр маргаан дэгдсэн. МАН-ын зарим гишүүд “МАН-ын дарга Ерөнхий сайд байна” гэсэн тодорхой заалт байгаа. Тийм учраас одоо Ерөнхий сайдын албыг хашиж буй Г.Занданшатарыг өрсөлдөгчгүйгээр дараагийн МАН-ын дарга болох ёстой гэсэн битүү хатуу тайлбар хийсэн. Харин Ерөнхий сайд заавал намын дарга болох тухай ямар ч дүрэм, заалт байхгүй гэдгийг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдэгдсэн.
Тэгвэл МАН-ын даргын албан тушаал нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ /2025.09.15/-нд бүлгийнхээ хуралдаа оролцох үеэрээ МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг энэ долоо хоногт багтааж хуралдуулах санал гаргасан талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэн. Энэ удаагийн МАН-ын Бага хурлаар намын дүрмийг хэлэлцэхээс гадна намын даргын асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл МАН-ын даргын сонгуульд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшиж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Мөн МАН-ын дүрмийн дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар түүнтэй өрсөлдөнө. МАН-ын даргын төлөө өрсөлдөгч нар эхнээсээ тодорсон нь МАН-ын даргын төлөөх далд зодооныг ил гаргасан.
Тухайлбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсөв болон татвартай холбоотой агуулга дээр хэд хэдэн удаа шүүмжлэлт өнцөг илэрхийлсэн. Товчхондоо татварын реформ хийх биш өнгөц засвар төдий зүйл оруулж ирсэн, цаашлаад хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах чиглэлд зориулах төсөв хөрөнгийн хэмжээ өмнөх жилийн төсвөөс огтхон ч нэмэгдээгүй байгааг онцолсон.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын намрын чуулганы нээлтэд оролцож, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө танилцуулах үеэрээ УИХ-ын даргын шүүмжлэлд хариу барьж амжсан. Тэрбээр, төсвийн бодлогын эрс шинэчлэлийг эхлүүлж байгаагаа онцлоод хүүхдийн сурах орчныг сайжруулахад чиглэсэн зардал өмнөх оны төсвөөс хоёр дахин нэмэгдсэн гэдгийг онцолсон юм.
Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдлийн дараа хэвлэлийн хуудсаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой элдэв мэдээллүүд хөвөрч эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хэлсэн мэтээр нэгэн бичвэр сошиалаар тархсан нь “Ерөнхийлөгч дуудаад боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн хэмээх мессэж. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ийм пост бүхий сошиал постуудыг өөрийнхөө фэйсбүүк дээр татаж авч ирээд “Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу" хэмээн өчигдөр /2025.09.16/-нд өөрийн цахим хуудастаа бичжээ. Түүнийг ийнхүү мэдэгдэхээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас цаг үеийн асуудлаар 14:15 цагт мэдэгдэл хийх зар тараагаад байсан ч хэсэг хугацааны дараа цуцлагдсан. УИХ-ын даргын цахим хуудастаа оруулсан постоос нэг цаг орчмын дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийв. Тэрбээр, “Өчигдөр нэр бүхий хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж хэлсэн үг гэх ноцтой мэдээлэл тарсан. Үүнийг тодруулж хэлбэл “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ” гэж Ерөнхийлөгчийн зүгээс УИХ даргад хандаж хэлсэн мэт агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан яригдаагүй зүйлийг ярьсан болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн мэт мэдээ нийтлэлүүд ихээр гарч байна гэж няцаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Дашрамд дурдахад гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу!” хэмээн бичжээ.


Дуу, дуугаа авалцсан мэдэгдлийн дараа Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар уулзаж байгаа мэдээлэл цацагдсан. Ямартай ч төрийн гурван өндөрлөгүүдийн дунд гүйсэн хар муур хэн болох нь улс төрийн бас нэг хардлага дагуулсан сэдэв болж хувирлаа.
3,607.57






















































Холбоотой мэдээ