niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 11:04 UTC Source: https://news.mn/r/2823296/ bb2ac857adb21d95… ← back to niitlelch.mn

Спорт ба улс төр, бизнес: Тулаан өрнөдөг талбарын цаадах бодлого

Хуучирсан мэдээ: 2025.09.17-нд нийтлэгдсэн

Спорт ба улс төр, бизнес: Тулаан өрнөдөг талбарын цаадах бодлого

Спорт ба улс төр, бизнес: Тулаан өрнөдөг талбарын цаадах бодлого

Спорт бол зөвхөн биеийн хүчний тэмцээн бус, улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны тусгал гэдэг нь маргаангүй. Дэлхий даяар спортын хөгжлийг дэмжих, олон улсад байр сууриа бэхжүүлэхийн тулд хоёр гол хүчин зүйл үйлчилж ирсэн. Энэ нь төрийн буюу улс төрийн оролцоо, мөн бизнесийн буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт. Аль аль нь өөр өөрийн давуу болон сул талтай. Тэгвэл спортыг үнэхээр хэн өөд нь татдаг вэ?

УЛСТӨРЧДИЙН ОРОЛЦОО

Спорт улс төрийн бодлогод нөлөөлдөг, улс төр ч спортын хөгжлийг чиглүүлдэг. Америкийн улс төр судлаач Аллан Гуттманн (Guttmann, 2002) спортын түүхэнд улс төрийн оролцоо байнга байсан бөгөөд “спортын томоохон арга хэмжээнүүд улс төрийн сурталчилгаа, үндэсний хүч чадлыг харуулах индэр болж ирсэн” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Түүхэн жишээг дурдвал, 1936 оны Берлиний олимпод нацист Герман өөрийн дэглэмийн сурталчилгааг дэлхийд түгээж, 1980 оны Москвагийн олимп, 1984 оны Лос Анжелесийн олимпын бойкот спорт ба улс төрийн салшгүй холбоог тод харуулсан. Эдгээр үйл явдал спортын талбай дээр өрнөж буй өрсөлдөөн улс төрийн бодлогын салшгүй хэсэг болохыг нотолсон юм.

Өнөө үед ч улс төрчид тамирчдын амжилтыг өөрийн нэр хүндийг өсгөхөд ашигладаг. Монголд ч ялгаагүй олимпийн медальт тамирчдыг төрийн өндөр шагнал, байр, автомашинаар урамшуулдаг нь нэг талаар тамирчдыг дэмжиж буй хэрэг боловч нөгөө талаар улс төрийн оноо авах хэрэгсэл болдог. Энэ нь спортын байгууллагуудын удирдлагад улстөрийн хүчнүүд орж ирэх, холбоодын сонгуулийг нам эвслийн сонирхолд нийцүүлэх зэрэг сөрөг үзэгдлийг бий болгодог.

БИЗНЕСИЙН ОРОЛЦОО

Нөгөө талд, бизнесийн оролцоо спортын тогтвортой хөгжилд чухал байр суурь эзэлдэг. Олон улсын олимпийн хороо (IOC)-ны санхүүгийн тайланд дурдсанаар, 2017–2020 оны орлогын 83% нь телевизийн эрх ба ивээн тэтгэгчдийн гэрээнээс бүрдсэн (IOC, 2021). Мөн FIFA-ийн 2019 оны жилийн тайланд дэлхийн хөлбөмбөгийн байгууллагын нийт орлогын 60% нь маркетинг, ивээн тэтгэлгээс, 23% нь телевизийн эрхээс бүрдсэн байдаг. Энэ нь бизнесийн оролцоо спортын санхүүжилтийн гол тулгуур болсныг тод харуулж байна.

Монголын хувьд ч бизнесийн оролцоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. Жишээлбэл, сагсан бөмбөгийн дээд лиг, жүдогийн холбоо, бөхийн тэмцээнүүд хувийн хэвшлийн дэмжлэгээр зохион байгуулагдаж, тогтвортой санхүүжилттэй болж байна. Энэ нь тамирчдад олон улсын тэмцээн уралдаанд тогтмол оролцох, ур чадвараа дээшлүүлэх боломж олгож байгаа.

Гэвч бизнесийн оролцоо заримдаа спортын үнэт зүйлсийг золиослох эрсдэл дагуулдаг. Ашгийн төлөө чиглэсэн шийдвэрүүд тамирчдын бэлтгэлийн чанар, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, мөн спортын шударга ёсыг алдагдуулах магадлалтай. Жишээлбэл, олон улсын зарим лигүүдэд ивээн тэтгэгчийн ашиг сонирхол тоглолтын цагийн хуваарь, өрсөлдөөний дүрэмд нөлөөлсөн тохиолдол цөөнгүй байдаг.

Улстөрчдийн удирдсан спортын холбоо

Давуу талууд:

  • Улсын төсөв, төрийн дэмжлэг, нийгмийн нөлөөг ашиглаж томоохон арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
  • Богино хугацаанд шийдвэр гаргах, олон нийтийн анхаарлыг татахад улс төрийн нөлөө хэрэг болдог.

Сул талууд:

  • Ихэвчлэн улс төрийн ашиг сонирхолд үйлчилдэг тул урт хугацааны бодлого тогтворгүй байдаг.
  • Сонгуулийн мөчлөг, улстөрчдийн карьер спортын бодлогоос түрүүнд тавигддаг.
  • Шилэн данс, ил тод байдлын доголдлоос болж санхүүгийн эрсдэл, авлига үүсэх нь элбэг.

Бизнесийнхэн удирдсан спортын холбоо

Давуу талууд:

  • Урт хугацааны стратеги, тогтвортой хөрөнгө оруулалт хийдэг.
  • Спортыг зөвхөн үзэл суртал биш, эдийн засгийн салбар гэж хардаг тул тогтвортой санхүүжилт бий болгодог.
  • Маркетинг, менежментийн орчин үеийн арга барил ашиглаж, баг тамирчдын нэр хүндийг өсгөдөг.

Сул талууд:

  • Ашгийн төлөө хэт хандах эрсдэл бий (тоглогчдын эрх ашиг, соёлын үнэ цэн хойш тавигдах).
  • Бизнесийн сонирхол хэт давамгайлбал “спортын шударга өрсөлдөөн” гэдэг суурь зарчим алдагдах эрсдэлтэй.

МОНГОЛЫН НӨХЦӨЛ ДЭХ СОРИЛТ

Улстөрчид спортын холбоог удирдахад улс төрийн богино настай ашиг сонирхол давамгайлдаг тул урт хугацааны амжилт гаргах нь ховор.Харин бизнесийнхэн илүү тогтвортой санхүүжилт, менежмент авчирдаг тул олон улсын жишгээр амжилтад хүрсэн нь давамгай. Гэвч хамгийн оновчтой хувилбар нь төрийн дэмжлэг + хувийн хэвшлийн менежментийн тэнцвэртэй загвар юм.

Монгол Улсад спортын холбоодын удирдлага улс төрийн нөлөөнд автсан жишээ олон. Холбоодын дотоод сонгууль улс төрийн хуваагдалд хүрч, тамирчдын ашиг сонирхол хоёрдугаарт тавигдах нь элбэг. Үүний зэрэгцээ бизнесийн байгууллагуудын оролцоо харьцангуй сул, тогтвортой хөрөнгө оруулалтын тогтолцоо бүрдээгүй хэвээр байна. Энэ нь тамирчдын амжилт хувь хүний зүтгэл, богино хугацааны дэмжлэгээс ихээхэн хамааралтай болгож байгаа нь Монголын спортын хөгжлийн хамгийн том сорилтын нэг юм.

Монголын сагсан бөмбөгийн холбоо өмнө нь улстөрчдийн "гарт" байхдаа тэмцэл, хуваагдал, тааруу менежмент, засаглалаараа алдартай байв. Гэтэл бизнесийнхэн удирдсаны дараа Монголд сагсан бөмбөг шиг хурдацтай хөгжиж, олны анхаарлыг татаж буй спорт алга.

Нөгөө талд одоог хүртэл улс төртэй холбогдсон Монголын топ гэж хэлж болохуйц спорт холбоодын менежмент, засаглал тааруу, хуучин нийгмийн амжилтаасаа илүү гарахгүй л байна.

ХОЁР ТАЛЫН ЗОХИЦОЛ

Судлаач Жон Хоберман (Hoberman, 1992) “спортын хөгжлийг тогтвортой байлгахын тулд төрийн бодлого, бизнесийн хөрөнгө оруулалт хоёр харилцан нөхөх зарчимтай байх ёстой” хэмээн онцолжээ. Үнэхээр, улстөрчдийн оролцоо үндэсний бодлого, дэд бүтцийг дэмжихэд чухал бол бизнесийн оролцоо мэргэжлийн тогтолцоо, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоход зайлшгүй хэрэгтэй.

Иймээс спортыг өөд нь татах хүч нэг талдаа улс төрийн бодлого, нөгөө талдаа бизнесийн хөрөнгө оруулалт юм. Улстөрчид спортын нэр хүндийг ашиглаж болох ч бодлогын түвшинд дэмжих үүрэгтэй; бизнесийнхэн спортын хөгжлийг санхүүгийн хувьд тэтгэж болох ч ашгийн сонирхлоо зөв тэнцвэржүүлэх шаардлагатай. Энэ хоёр тал зөв зохицсон цагт спортын хөгжил тогтвортой болж, тамирчид дэлхийн тайзнаа амжилтаа баталгаажуулах нөхцөл бүрдэх нь дамжиггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж