Энэ оны эхний найман сарын байдлаар ипотекийн зээлийг 6200 орчим иргэнд олгожээ. Нийтдээ 800 орчим тэрбум төгрөгийн зээлийг ипотекийн журмаар гаргасан байна.
Монголбанк, арилжааны банк, Хуримтлалын сангийн хамтарсан эх үүсвэрээр энэ онд 1.2 их наяд төгрөгийг ипотекийн зээлд гаргахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, одоо 400 тэрбум төгрөгийг энэ ондоо багтааж гаргана гэж ойлгож болно.
Ипотекийн зээлийн жилийн хүү 6 хувь байдаг тул хүү бага, мөн урт хугацаатай олгогддогоороо онцлог. Гэвч санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүйгээс хүссэн хүн бүр дээрх зээлд хамрагдах боломж хомс.
Засгийн газар орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэх дагнасан банк байгуулахаар зорьж байгаа нь хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Орон сууцны дагнасан банкийг 2026 онд байгуулахаар Засгийн газрын зүгээс ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм. Эл асуудал шийдэгдтэл ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хувьд хуучин журмаараа зохицуулагдах нь.
Өмнөх Засгийн газар ипотекийн зээлд тавигдах нөхцөл шаардлагыг өөрчилж, илүү зорилтот бүлгийнхийг хамруулна гэж мэдэгдэж ирсэн. Төв банкны зүгээс ч тодорхой хувилбаруудыг санал болгож байсан. Тухайлбал, бүсчлэлээр буюу Улаанбаатар хотын захын гэр хороолол болон орон нутагт баригдсан орон сууцанд 6 хувийн хүүтэй зээл олгох бол төв хэсэгт 10 хувийн зээл олгож болох юм гэдэг хувилбар яригдаж байна гэж мэдээлж байсан юм.
Сануулахад, ипотекийн зээлийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд 137 мянган иргэн хамрагдаж, 9.9 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байдаг.
Г.ХОРОЛ
3,607.57





















































Холбоотой мэдээ