“NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Орхон, Булган, Хөвсгөл аймагт Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулгыг танилцуулж байна.
МоАХ-ны байранд оффис түрээслэн бизнес эрхэлж суусан Женко Х.Баттулга 2004 оны УИХ-ын сонгуульд Эх орон намаас нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулж, парламентын гишүүнээр сонгогдсон түүхтэй. Тэр цагаас хойш Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн гурван ч удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдон ажилласан бол 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
17 чингэлэг спиртийн хэргээ ганц шөнийн дотор ус болгон хувиргаж эрүүгийн хэргээс мултарч чадсан Женко Х.Баттулгыг улс төрөөс хол байлгах ёстой гэдэг анхааруулгыг Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржоос эхлээд олон улстөрч сануулсан ч нэмэр болоогүй. Харин ч Ерөнхийлөгч болж улс төрийн карьер ахисны зэрэгцээ үнэнийг нь хэлсэн хүн бүр хулгайч, Монгол төрийн эсрэг дайсан болж, төрийн тэргүүнээр ажилласан дөрвөн жилийн хугацаанд Төрийн ордны зүүн жигүүрээс хуулийнхныг удирдан, хүссэнээрээ тоглож байв. Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр, Ч.Сайханбилэг нараас эхлээд Монголын нэртэй зүстэй олон улстөрч түүний угсарсан хонгилоор чирэгдэж, ял сонссон гэж хэлж болно. Түүний энэ үйлдлийг улстөрчид “Хонзонгоо авч байна” гэж дүгнэсэн нь олон.
Хэдий тэр улс орныхоо төлөө стратегийн ордод эзэн суусан бүлэглэл фракцуудтай тэмцэж, шударга ёсыг тогтоохоор ажиллаж байна гэх үгийг олонтаа хэлж ирсэн ч харамсалтай нь, өөрийнхөө тарьсан олон хэрэгт хариуцлага хүлээсэн нь үгүй.
Тухайлбал, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын алба хаших хугацаанд төмөр зам барина гээд 280 сая ам.доллар буюу 722 тэрбум төгрөгийг Чингис бондоос гаргуулан ажил эхлүүлсэн ч төр овоолсон шороотой үлдсэн. Гэтэл овоолсон шороонд жилийн 55 тэрбум төгрөгийн төлбөр төлж шатаж байна гэдгийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн алба хаших үед нь чуулганы хуралдаанд сануулж суусан удаатай. Овоолсон шороогоо төмөр зам болгохын тулд Ерөнхийлөгчийн алба хашсан бүрэн эрхийн хугацаанд санаа тавьсан ч “Бодь интернэшнл” группын барьсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Хятадын төмөр замтай холбогдох боломжгүй, кординат зөрсний зэрэгцээ мухар төмөр зам болж хувирсан. Хувийн хэвшил хөрөнгөө гаргаж, төмөр зам барьсан, төр оффтейк гэрээгээр зарим төлбөрийг барагдуулсан гэдэг ч Тавантолгойн нүүрсийг маш хямд үнээр нийлүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохироосон асуудал сөхөгдөж байв. Гэвч үүнд анхаарал хандуулж шалгасан нь үгүй. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дээрх мухар төмөр замыг Хятадын талтай холбохын тулд Харбинд гэрээ байгуулсан бөгөөд хил холболтын хэмээн нэрлэсэн энэхүү төмөр замд төрөөс 840 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Мухар төмөр зам барьж, Монголоо хорлосон энэ үйлдлийг хуулийнхан шалгах ёстой гэх асуудал хөндөгддөг ч одоо бол хэн ч тоодоггүй хэрэг болж замхраад байгаа гэж хэлж болно.
Ер нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр холбогдсон хэргүүд хэрэг биш болж хувирдаг хачирхалтай технологитой.
Жишээ татвал, есөн жилийн өмнө түүнийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын алба хашиж байхад хэрэгжүүлсэн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргээр туслах Г.Түвшинжаргал, Г.Буяндэлгэр, Т.Энхцэцэг нарыг цагдан хорьсон дуулиант хэрэг мандаж байв. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Х.Баттулга “Тавантолгой”-г 60-100 жилээр гаднынханд зарах гэж байсан булхайг нь илчилсний төлөө эрүү шүүлтэд орж байна. Тэд төмөр замыг ухаад юм гарахгүй болохоор одоо Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор руу орж, эмэгтэйчүүдэд хүчээ үзүүлж байна” гэж улс төртэй холбож байв.
Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байсан 2016 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Баянгол “зочид буудал дахь оффист Эрүүгийн цагдаагийн газрынхан нэгжлэг хийхээр очиход түүнийг хамгаалахаар УИХ-ын гишүүн асан М.Зоригт, Б.Гарамгайбаатар, Ж.Батзандан, Г.Уянга нар очиж байв. Мөн иргэний нийгмийн төлөөллүүдээс Ц.Энхбаяр, Э.Цэрэн, Д.Сүхжаргалмаа нар ирсэн бол тамирчдаас О.Балжинням аварга, Асашёорюү Д.Дагвадорж, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар ирж “Х.Баттулгыг баривчилж болохгүй” гэж байр сууриа илэрхийлэн хамгаалахаа мэдэгдсэн.
Сошиал орчинд "УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэсэн мэдээлэл цацагдсанаар улстөрчид, тамирчид ирсэн байдаг. Гэвч хэнийг ч баривчлаагүй харин хэдэн хайрцаг бичиг цаас машинд хийснээр энэхүү дуулиант үйл явдал өндөрлөсөн юм.
Зураачаас спорт, спортоос бизнесмэн, бизнесээс УИХ-д орж ирсэн намтартай түүний хамгийн сүүлд шалгагдаж байгаа хэрэг нь Төгрөг нуурын ордыг оффшор бүсээр дамжуулан гадаадынханд 250 сая ам.доллараар зарж, мөнгө угаасан байж болзошгүй асуудал.
Авлигатай тэмцэх газар /АТГ/ энэ хэргийг шалгаж эхэлсэн. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр /2025.09.15/сэтгүүлчдэд энэ талаар тайлбар хийхдээ “АТГ-аас мэдүүлэг авсан зүйлгүй. Төгрөг нуурын ордыг 100 хувь төрд авчихлаа гэж Г.Занданшатар хэлсэн шүү дээ“ гэх тайлбар нь төр ордыг авчихаад юу ярих гээд байна вэ гэсэнтэй л агуулга нэг сонсогдож буй.
Тэрбээр одоо Хөвсгөл, Булган, Орхон аймгийн иргэдийг УИХ-д төлөөлөн ажиллаж байгаа. Гэвч ажилдаа ирдэг өдөр нь цөөхөн. УИХ-ын бүрэн эрхийн нэг жилийн хугацаанд ажил таслалтаараа бусдыгаа тэргүүлж, УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн хавар түүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээд гурван сар цалингийн 20 хувиар хасах шийтгэл ногдуулсан. УИХ-ын дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүн ажил тасалсан тохиолдолд түүнээс илүү хатуу шийтгэл үгүй тул дээрх арга хэмжээг авснаа байнгын хорооны дарга нь учирласан.
Харин УИХ-ын намрын чуулганыг өчигдөр нээхэд Х.Баттулга гишүүн оролцсон нь гэрэл зурагчдын дуранд бууж олны нүдийг хужирласан гэж хэлж болно. Гэхдээ намрын чуулганы хугацаанд ажлаа таслахгүй хоцрохгүй ажиллах уу гэдэг нь ирэх өдрүүдэд харагдана.
Өмнө УИХ-д сонгогдон ажилласан бүрэн эрхийн хугацаанд мөн л ийм замаар ажлаа тасалж ирсэн. Энэ үйлдлийг нь Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Сайд огцруулах болохоор УИХ-ын чуулганы хуралдаандаа оролцдог, мөнгө нэхэх болохоор Засгийн газрын хуралдаанд суудаг” гэж зэмлэж байсан удаа бий.
Тэрбээр нэг үе Ардчилсан намд хамгийн хүчтэй улстөрчийн нэгд тооцогдож байсан бол өдгөө гишүүд нь зай барих болсноор тун цөөхөн хүрээлэгчтэй болж буй. Гэхдээ улс төр дэх нөлөөгөө бататгах зорилго дор уу эсвэл улс төрийн карьераа дахин ахиулж, Засгийн газрын гишүүн болох сонирхол цаана нь явдаг уу “Хөх Монголын хөх туг” зэрэг хөдөлгөөн өрнүүлэн Монгол орныг тойрон уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд жаал давхисан. Харин энэ намраас ямар улс төр хийхийг нь харах л үлдэж байна.
Учир нь, Ардчилсан намын даргад төлөөний хүнээ зүтгүүлэх гээд бараагүй, одоо харин намын Ерөнхий нарийн бичгийн даргад мөн хүнээ сойхыг эрмэлзэж буй. Цаашлаад МАН-тай хамтрахаас эхлээд олон улс төр хийх хүсэл бий ч МАНАН бүлэглэлийг нь тэвчихгүй гэдэг хөдөлгөөн нам дотор нь ч Ардын нам дотор ч өрнөж эхэлсэн тул их эсэргүүцэлтэй тулахаар байгаа юм.
Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөхдөө АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 437 сая төгрөг, 802 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 35 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 234 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
- 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1986-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
- 1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
- 1990-2004 онд "Женко" ХХКомпанийн Ерөнхий захирал
- 1997-2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпанийн гүйцэтгэх захирал
- 1999-2004 онд "Мах Импекс" ХКомпанийн гүйцэтгэх захирал
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
- 2006 оноос Монголын Жудо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч
- 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 1995 онд Монгол Улсын гавьяат тамирчин
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2021 онд ОХУ-ын Дүрслэх Урлагийн Академийн «Хүндэт академич»
- 2021 онд БНСУ-ын Ён Ин Их сургуулийн «Хүндэт доктор»
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос
3,607.57






















































Холбоотой мэдээ