УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Тиймээс бид ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамтай ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас нэгдсэн төсвийн нийт орлогыг 2026 онд 34.9 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөгт тус тус хүрэхээр тооцож УИХ-д өргөн бариад байна. Юуны өмнө ирэх оны орлого, зарлагыг хэр бодитоор тооцоолж чадсан гэж харж байна вэ?
-Монгол Улсын төсвийн орлого уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байдаг. 2026 оны төсөвт нүүрсний экспортын үнэ болон биет хэмжээг нэлээн өөдрөг төсөөлсөн байна. Тухайлбал, нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэхээр тооцжээ. Нүүрсний үнийг тонн тутамд 133 ам доллар байхаар тооцсон нь хэт өөдрөг төсөөлөл гэж харж байна. БНХАУ-ын эрэлт суларснаас шалтгаалан энэ оны эхний долоон сарын байдлаар нүүрсний үнэ тонн тутамд 68 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувиар буурсан статистик байна. Учир нь олон улсын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй болсноос шалтгаалж БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн өсөлт саарах эрсдэлтэй юм.
Нэгдсэн төсвийн тэнцлийн хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2024 оны наймдугаар сард өөрчлөлт оруулж, “нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэж нэр томьёо оруулж ирсэн. Энэхүү суурь тэнцлийг тооцохдоо нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос суурь зарлагыг хасахаар болсон.
“Нэгдсэн төсвийн суурь зарлага” гэж нийт зарлагаас үнэт цаас болон гадаад зээлээр санхүүжих зардлыг хасаж тооцсон дүн байхаар энэхүү өөрчлөлтөөр мөн тусгасан. Энэ нь төсвийн нийт зарлагыг төсвийн тэнцлийг тооцоход оруулахгүй болгож, төсвийн хяналтын хувьд ухралт болсон.
2026 оны төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.38 их наядын алдагдалтай байна. 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг, нийт зарлагын хэмжээг 33 их наяд төгрөгөөр тооцсон байна. Харин “суурь тэнцэл” гэх нийт зарлагаас үнэт цаас болон гадаад зээлээр санхүүжих зардлыг хасаж тооцсон тооцоогоор бол 2 их наяд төгрөгийн ашигтай гэж тусчээ. Үнэт цаас болон гадаад зээлийн эргэн төлөлтийг төсвөөс хийдэг. Иймд улс орны төсөв санхүүгээ бүтэн зургаар харж, хэт өндөр өрийн дарамтаас сэргийлэх, төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд үнэт цаас болон гадаад зээлээр санхүүжих зардлыг оруулж тооцсон төсвийн нийт зарлагаар төсвийн тэнцлийг тооцдог шаардлагаа буцаан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн нөөцийг өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй өвчин эмгэг, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээнд түлхүү зарцуулж, хүлээж болохуйц, амьдралын чанар сайжруулах тусламж, үйлчилгээнд иргэний хариуцан төлөх хамтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхээр Засгийн газраас төлөвлөсөн байна. Энэ нь иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа төлөх төлбөрийг нэмэгдүүлэхээр байна.
-Ерөнхий сайд, эдийн засагч хүний хувьд татварын гурав дахь шатны иж бүрэн шинэчлэл хийхээр зорьж байна. Энэ шинэчлэл бол ард иргэд, баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж, татварын ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр хөнгөлөх түүхэн эхлэлтэй төсөв гэдгийг тодотгосон. Татварын дарамтыг бууруулж чадсан уу?
-Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа Засгийн газраас баталсан хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалыг мөрдөж, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх шаардлагыг тусгасан. Эдгээр шаардлагыг дагахгүй цөөн хэдэн хуулийн төсөл байгаагийн дотор тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотгол багтаж байгаа. Иймд жилийн төсвийн төсөлтэй хамт дагалдуулан олон хуулийг нарийн судалгаагүй батлах явдал сүүлийн жилүүдэд ихээхэн гарсан. Татварын хуулийн өөрчлөлт нь иргэд, аж ахуйн нэгжийн орлого, зарлагад ихээхэн нөлөөлөх шийдвэр тул ирэх оны төсвийн хуулийг дагалдуулан тооцоо, судалгаагүй батлах нь учир дутагдалтай юм. Иймд татварын хуулийг төсвийн хуулийг дагалдуулахгүйгээр нарийн судалгаатай, нухацтай хэлэлцэн батлах нь зохистой болов уу.
-Өнгөрсөн жилийн төсвийг батлахдаа Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулж ямартай ч алдагдалгүй төсөв баталсан. Тухайн үед цаашдаа ч алдалгүй төсөв баталж байх үндэс суурийг тавьсан гэж онцолж байсан. Ирэх оны төсвийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалгүй батлах боломж харагдаж байна уу?
-Эрчим хүчний хангамжийг сайжруулахад илүү анхаарах шаардлага Монгол Улсын хувьд тулгамдаж байна. Иймд эрчим хүчний салбарын дэд бүтцийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулахын тулд хойшлуулж болох шинээр эхлэхээр төлөвлөсөн дэд бүтцийн төслүүдээс 2026 оны төсвөөс хасаж болох юм. Жишээлбэл, зам тээврийн салбарын хувьд аялал жуулчлалын зориулалттай буюу Бичигт боомтын төв замаас аялал жуулчлалын бүс нутаг Дарьганга-Байгалийн цогцолборт газар хүртэлх хатуу хучилттай авто замын эхлэлийн төсөвт өртөг 60 тэрбум төгрөг, 2026 онд олгох санхүүжилт 18 тэрбум төгрөг байна. Хатгал-Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай авто замын эхлэлийн төсөвт өртөг 41 тэрбум төгрөг, 2026 онд олгох санхүүжилт 10 тэрбум төгрөг байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбоотойгоор хурлын бэлтгэл ажлыг хангах, олон улсын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэгт зориулж 217.1 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан байна.
-Сүүлийн жилүүдэд гадаад өрийн хувь хэмжээ төдийлөн буурахгүй байгаа. Эдийн засаг агшиж байгаа энэ үед өр, зээлийн хэмжээгээ нэмэхгүй байх, цаашлаад бууруулах тал дээр хэрхэн анхаарах ёстой вэ?
-Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 оны эхний хагас жилийн байдлаар нэрлэсэн дүнгээр 35.5 их наяд төгрөг байна. Үүнээс гадаад зээл хамгийн өндөр хувийг эзэлж байна. 2025 оны гүйцэтгэлээр гадаад зээлийн үлдэгдэл 23.69 их наяд төгрөг байхаар, 2026 онд 24.4 их наяд байхаар Засгийн газар төлөвлөжээ.
Засгийн газрын гадаад зээлийн үлдэгдлийг зээлдүүлэгчээр ангилбал олон талт зээлдүүлэгчийн зээлийн үлдэгдэл 2025 оны эхний хагас жилийн байдлаар 12.4 их наяд төгрөг, үүнээс Азийн хөгжлийн банк 63 хувийг, Дэлхийн банк 24.5 хувийг тус тус эзэлж байна.
Хоёр талт зээлдүүлэгч улсаас авсан зээлийн үлдэгдэл 10.6их наяд төгрөг, үүнээс БНХАУ 34.9 хувийг, Япон улс 29.9 хувийг эзэлж байна. Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрт 2026 онд нийт 3.7 их наяд төгрөг төлөхөөс үндсэн төлбөрт 2.4 их наяд төгрөгийг, хүүгийн төлбөрт 1.29 их наяд төгрөгийг тус тус төлөхөөр байна.
Өрийн дарамтыг бууруулахын тулд гадаадын зээлийн төслийг хэрэгжүүлэхийн өмнө төслийн үр ашгийн судалгааг нарийн хийх, зайлшгүй шаардлагатай төсөлд л зээл авах шийдвэрийг гаргадаг болох хэрэгтэй байна. Түүнчлэн орон нутгийн захиргаанд үнэт цаас гаргах эрхийг олгож байгаа бол эргэн төлөлт, зарцуулалтад анхаарах хэрэгтэй байна. Нийслэлийн зүгээс гаргасан үнэт цаас өндөр хүүтэй, богино хугацаанд эргэн төлөх хуваарьтай байгаа нь өрийн дарамтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн 2026 оны төсвийн хуулиар аймгууд 150 тэрбум төгрөгийн бонд гаргахаар тусгасан байгааг анхаарах хэрэгтэй.
3,607.57






















































Холбоотой мэдээ