niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 11:31 UTC Source: https://news.mn/r/2823096/ 74b82d88ea384c9b… ← back to niitlelch.mn

МАН-ын даргад өрсөлдөхөө зарлах дараагийн хүн хэн бэ

Хуучирсан мэдээ: 2025.09.16-нд нийтлэгдсэн

МАН-ын даргад өрсөлдөхөө зарлах дараагийн хүн хэн бэ

МАН-ын даргад өрсөлдөхөө зарлах дараагийн хүн хэн бэ

УИХ-ын ээлжит намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудад анхаарал хандуулахаас илүүтэй МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн олны анхаарлын төвд байна. Нэгэнт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргын өрсөлдөөнд оролцоо мэдэгдсэнтэй холбоотойгоор хэн, хэн дараагийн даргад өрсөлдөх бол гэдэг нь маргаан дагуулаад буй.

МАН-ын зарим гишүүд “МАН-ын дарга Ерөнхий сайд байна” гэсэн тодорхой заалт байгаа. Тийм учраас одоо Ерөнхий сайдын албыг хашиж буй Г.Занданшатарыг өрсөлдөгчгүйгээр дараагийн МАН-ын дарга болох ёстой гэсэн битүү хатуу тайлбар хийж буй. Үнэхээр тийм дүрэм, журмаар үе үеийн намын дарга, Ерөнхий сайд нарыг сонгож ирсэн бол УИХ-ын дарга тэс хөндлөн орж ирж намын даргад өрсөлдөхөө зарлах боломжгүй байсан биз.

Тэгвэл МАН-ын Үндсэн дүрмийн 24.3 дахь хэсэгт “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байна. Үүнээс үзэхэд Ерөнхий сайд заавал намын дарга болох тухай ойлголт байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна.  Улс төрийн ууган хүчний хувьд МАН бусад намууддаа үлгэрлэх ёстой. Бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй намд мөрдөж ирсэн дүрэм, журам түүнд захирагдах ёс хэдийнэ тогтсон баймаар. Хэрэв, ямар ч өрсөлдөгчгүйгээр Ерөнхий сайд нь намынхаа даргын суудалд суух талаар дүрмэндээ хатуу зааж өгсөн бол Үндсэн хууль болоод УИХ-ын, Засгийн газрын, Улс төрийн намын тухай хуулийг хөл дээрээ гишиглэсэн хэрэг болох биз.

Улс төрийн намд дотоод ардчиллаа хангах нь хамгийн чухал зүйл. Улс төрийн намын тухай хуулийн 8.1-д “Нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнийг хязгаарлаж болохгүй гэдэг энгийн бөгөөд ойлгомжтой зарчим дээр тулгуурлаж байгаа юм.  Тиймээс дээрх дүрэм журамд үндэслэн дүгнэхэд Ерөнхий сайд Г.Занданшатар заавал намын дарга болох албагүй. МАН-ын даргад өрсөлдөх эрх хүн бүрд нээлттэй байх нь.

Намын даргын албан тушаал бол нэг нь нөгөөдөө бэлэглэдэг, нэг нь нөгөөдөө өвлүүлдэг, нэг нь нөгөөдөө шилжүүлдэг албан тушаал биш. Харин нийт намынхаа гишүүд дэмжигчдийн итгэлийг хэн их хүлээж чадсан нь өрсөлдөж хүрдэг албан тушаал. Тиймээс бусадтайгаа өрсөлдөж, ялалт байгуулна гэсэн өөртөө итгэлтэй хэн бүхэнд намын даргад өрсөлдөх боломж нээлттэй гэсэн үг. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нартай өрсөлдөх дараагийн хүн хэн байх бол.

Одоо намын даргын тамга тэмдэг нь экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд буй. Бүрэн эрхийнхээ хүрээнд намын бага хурлаа хэзээ хуралдуулж, дараагийн даргын сонгуулыг товлох эрх нь түүнд хадгалагдаж буй. Тэгвэл өчигдөр /2025.09.15/ хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ оролцож “МАН-ын Удирдах зөвлөлийг ойрын үед хуралдуулж, МАН-ын бага хурлын тов зарлах хэрэгтэй” гэсэн санал гаргасан байна. Үүнээс үзэхэд ойрын өдрүүдэд МАН-ын УЗ хуралдаж МАН-ын бага хурлын товыг тогтох нь.

Б.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж