УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ням гаригт хувийн аккуантаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Намын даргын асуудлыг нам дотроо ярьж болохгүй юу нөхөд өө! Манай нам бас ч гэж дотроо өрсөлддөг, асуудлаа ярьж чаддаг нам байсныг сануулах илүүц биз. МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал" гэжээ.
Үүнээс хоёр хоногийн өмнө спикер Төрийн ордонд улс орны талаар мэдээлэл хийхдээ МАН-ын даргад нэр дэвшихээ зарласан билээ. Түүнийг намын даргад өрсөлдөхийг МАНЖ бүлэглэл шахаж буйг, Булганы “булагнал”-аараа Л.Оюун-Эрдэнэ журмын андаа сумалсан гэх мэдээлэл оргүй хоосон биш болох нь ийнхүү батлагдав. Хана хүртэл чихтэй гэдэг.
Энэ удаад Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хуулийн засаглал, ардчилсан парламент, шударга ёсны тухай ярианд үнэмших хүн өдгөө цөөрсөн. Тэр тусмаа нэгэн цагт МАНАН бүлэглэлтэй тэмцэж явсан тэд МАНЖ мафийн толгойлогчид болж хувирсныг олон нийт мэддэг, таньдаг болжээ. Одоо ямар ч гоё цохилттой мэдэгдэл гаргаад ч МАНЖ мафийн үг “Гахай илүү тэгш эрхтэй” гэж уншигдана, сонсогдоно.
НАМЗХ фракцын хагарал хаанаас эхтэй вэ гэдэг асуулт зөвхөн МАН-ын дотоод хэрэг биш юм. Засгийн эрх барьж буй намын хувьд, намын даргын сунгаанд хэн ялах нь ард иргэдийн амьдралд шууд ба шууд бусаар нөлөөтэй тул анхаарч харахаас ч өөр аргагүй. “Манай намын дотоод асуудал” харж байгаа бол МАН сонгуульд өрсөлдөхөө л больчих. Тэгээд ч МАН-ын дотоод асуудлыг маниусын хэрэг болгосон нь МАН-ынхан өөрсдөө. Гэрийн хэрүүлээ Төрийн зовлон болгож буй нь бас л МАН өөрөө.
Монголын төрийг тогтвортойгоор зургаан жил засагласан НАМЗХ-ны хагарлын эхлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар анх тавьжээ. Наанаа тэд “ах нартаа” зодуулж буй мэт дүр эсгэвч цаанаа ах нараа улс төрөөс нэг мөсөн арчих төлөвлөгөөгөө аль эрт, 2024 оны сонгуулиас ч өмнө зурсан гэх.
Тэгэхдээ АН талаас Женко фракцыг түшиглэж, БЭТ Э.Одбаяр, О.Алтангэрэл, Х.Тэмүүжин нарын гараар “могой бариулах” тохиролцоо хийсэн байна. Тэрхүү төлөвлөгөөний эхлэл нь улс төрийн өрсөлдөгч нараа замаасаа зайлуулах О.Алтангэрэлийн боловсруулсан, Л.Оюун-Эрдэнийн өөрийн гараар Д.Амарбаясгаландаа аваачиж өгсөн хуулийн төсөл. Алим модноосоо, О.Алтангэрэл Женкогоос хол унахгүй гэвэл уг төслийн гол агуулга нь Х.Баттулгын хаан болох хүсэл сонирхлыг нэвт шингээсэн гэдэг нь нэн ойлгомжтой.
УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ҮХНӨ хийж, гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог холимог хувилбартай болгосон нь У.Хүрэлсүхийг улс төрөөс зайлуулах гэсэн арга заль болох нь ойлгомстой болжээ.
Намын жагсаалтад хэн, хэнийг бичих вэ гэдгээ ҮХНӨ-ийг УИХ-аар баталсны орой Д.Амарбаясгалангийн өрөөнд АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нартай ярьж тохиролцсон гэж Л.Оюун-Эрдэнэ огцрох асуудлыг нь хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр өөрөө ам алдсан бий.
Ингээд намынхаа жагсаалтад МАН-ын гишүүн огт биш, Монголд ч ажиллаж, амьдарч байгаагүй хүмүүсийг багтаасны гол зорилго нь “хамт”-ын эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн бодлого нь байж. Мэдээж зүүдлэх нь байтугай бодоод ч үгүй явахад нь УИХ-ын гишүүн болгож өгсөн дарга нартаа өрөө төлөх тэднийг буруутгах аргагүй. Зөвтгөх ч үндэслэлгүй.
Тэдний “хаанчлал”-д хамгийн их саад болох хүн мэдээж хуурай ах нь. Тиймээс У.Хүрэлсүхийг цаанаа улираах асуудлыг ярьж, наанаа парламентын сонгодог тогтолцоог хөндөх болсон нь анхнаасаа л Ерөнхийлөгч дахин нэр дэвших хүсэлтэй гэх мессежийг улс төрийн хүрээнд, нийгэмд суулгах херопаганда байсан хэрэг.
Улс төрд хөтлөж оруулсан, төдийгөө өдий зэрэгтэй болгож "өсгөсөн" дүү нарынхаа арга залийг ах нь уншихтайгаа улстөрч. Нэг ёсондоо өөрийг нь дэвшүүлэн зайлуулах арга мэхэнд нь унахгүйн тулд ҮХНӨ-ийг дэмжихгүй гэх байр сууриа У.Хүрэлсүх аль эртнээс л илэрхийлж эхэлсэн байдаг. Тэр нь парламентын засаглалыг дэмжинэ гэх үг. Угаасаа ч У.Хүрэлсүх тэнэг биш бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал Х.Баттулга ч нэр дэвших эрхтэй болно. Үүнийг У.Хүрэлсүх бүү хэл захын тэнэг ч гадарлана.
Тэр тусмаа баруун, зүүн гараараа хөтлөж, эрх мэдэл хүргэсэн дүү нар нь Х.Баттулгатай халаас нэг, зорилго нэг болсныг харсан ч биш. Үндсэндээ өмнөх засгийн үед Женкогийн үг Л.Оюун-Эрдэнийн танхимын бодлого болдог байлаа. Үүний жишээ гэвэл Үндэсний баялгийн сан нэрээр Х.Баттулгын "дайснуудыг" дараалан онилов. Хотод Л.Оюун-Эрдэнэ Ж.Оджаргалыг "зууж", хөх туг барьсан Х.Баттулга хөдөөд Баялгийн сангаар баахан пиардсан билээ. Гэх мэтчилэн.
Өнгөрсөн Баасан гаригт Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөхдөө татварын орчин, төсвийн хэмнэл гэх үгийг сонсгосон олонд таалагдах гэсэн херодаганда. Түүний хэлсэнчлэн Төрийн зовлон нь тэр өөрөө болсон. Эрх баригч намын гал тогоог найман жил, засгийн гал тогоог хоёр жил барьсан хүн шүү дээ.
Эдийн засагт том "шок" авчирсан импортын татварыг чөлөөлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дампууруулах бодлогыг санаачилсан нь Д.Амарбаясгалан, шийдвэр гаргасан нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь Д.Амарбаясгалан өөрөө. Мөн “Шинэ хоршоо” төсөл санаачилж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн. Өнөөдөр “Шинэ хоршоо” төслөөс “төрсөн” нэг ч хоршоо алга. Харин эдийн засгийн үр өгөөжгүй төсөл болж, их хэмжээний мөнгө импортын машин болж хувирсан байдаг. Нөгөө Женко.Баттулгын хэрэгжүүлсэн “Шинэ сум” төсөлтэй яг адилхан төсвийн мөнгөний угаалт. Энэ мэтчилэн харвал эдийн засгийн өнөөгийн хүндрэлийн гэм буруу нь Л.Оюун-Эрдэнэ дээр ч, Д.Амарбаясгалан дээр ч бууна. Тэр тусмаа Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн "Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан, Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ гэж үгүй" гэвэл шүү дээ. Үнэндээ, Л.Оюун-Эрдэнэ гэдэг чинь Херо, Херо чинь Женко. Тэгээд бод, бод.
Ж.ЭРХЭС
3,607.57

















































Холбоотой мэдээ