Үндсэндээ Женко фракцийн хүч АН-д суларч, харин МАН-д байраа тавихгүйн тулд байдаг бүхнээ бооцоонд тавьж байна. МАН-МАНдаа дайсан болж, ах дүүс цусаа гартал зодолдож, анд найзууд тосоо гартал тэврэлдэх болсон гол шалтгаан мэдээж эрх мэдэл- эрх ашиг. Цагаан байрны тамганы зодоон ийнхүү Монголын төрд талцал авчирч, улмаар Монгол Улсын зовлон болох шинжтэй.
АН
Ямартай ч Л.Гантөмөр амалсан ёсоороо албан тушаалаа өгөхдөө эр хүний жудаг, улстөрчийн зангараг заав. Рейтинг нь “хасах”-тай явсан АН-ыг УИХ-д 42 суудалтай болгож, хагарал талцалгүйгээр намын тамгаа шилжүүлснээр О.Цогтгэрэлийн цаг тоолол эхэлсэн. Тэрбээр ардчиллын манаач, АН-ын манлайлагч болж чадах эсэхийг цаг хугацаа харуулна.
МАН
УИХ-аас “итгэл үзүүлэх боломжгүй” гэж үзсэн тул Л.Оюун-Эрдэнэ засгийн тамгаа Г.Занданшатарт шилжүүлсэн. Харин намын тамгаа алдахгүйн тулд журмын нөхөр Д.Амарбаясгалангийн ард бүх талын дэмжлэг үзүүлж буй гэх. Энэ нь нэг талаар улс төрд эргэн ирэх замаа засч буй тактик. Нөгөө талаар Төгрөг нуурын ордын асуудлаас болж Төрийн ордноос хөөгдөх дээрээ тулсан Женко.Баттулгыг “аврах” гэсэн төлөвлөгөө ч байх. “Бадарчин явсан газар балагтай” гэгчээр Х.Баттулга хаана явна, тэнд хагарал талцал нүүрлэдэг нь гэм биш болсон.
АН
Намрын улс төрд голлон тоглогчдын нэг нь АН байх нь гарцаагүй. О.Цогтгэрэл одоогоор намаа болон бүлгээ давхар базах болсон. Бүлгийн даргаа сонгох нь УИХ дахь АН-ын гишүүдийн шийдэх асуудал. Харин намын гал тогоог хэнд хариуцуулахаа намын дарга О.Цогтгэрэл мэднэ. Гэхдээ намын фракциудынхаа эрх ашгийг хангахгүйгээр О.Цогтгэрэл манлайлагч бүү хэл манаач болж чадахгүй. Юу үнэн, энэ үнэн.
МАН
МАН-д тамга хэн авч, тахимаа хэн өгөх нь цаашид Монголын төрд хагарал, талцал үргэлжлэх эсэхийг шийднэ. МАН-ын тангараг тонгорог болсноор төрийн институци хоорондын зөрчил хурцдаж байна. Наяад оныхон Д.Амарбаясгалангаа сойж, далаад оныхон Г.Занданшатараа зүтгүүлж байна. МАН-ын ах нарын хувьд наяад оны залуустаа итгэж эрх мэдлээ шилжүүлсэн. Харин энэ удаад 80-аад оныхон ах нарынхаа эсрэг зарлаагүй дайнд орцгоожээ. Өмнө нь МАН-ынхан эрх мэдлийн төлөө фракцилдаг байсан бол энэ удаад үеийн, оны эрх ашгаа илүүд тавьцгаажээ.
АН
АН засагт эргэн ирэх нь цаг хугацааны асуудал болсон. Гэхдээ хэн МАН-ын дарга болохоос шалтгаална. Г.Занданшатарын талд АН-ын бүлэг all-in тавьж байгаа. О.Цогтгэрэлийг АН-ын дарга болоход МАН талаас багагүй дэмжлэг үзүүлсэн. Хэрэв МАН дэмжлэг үзүүлээгүй бол Женко.Баттулга АН-ыг самарсан хэвээр байх нь ойлгомжтой. Харин Д.Амарбаясгалан намын дарга, Ерөнхий сайд болбол АН-ын сөрөг хүчний улс төр идэвхжинэ. Д.Амарбаясгалан 100 хоногоо ч гүйцээж чадахгүй унах улс төр эхлэх болов уу.
МАН
Д.Амарбаясгалангийн бусдад “барьцаалагдах” асуудал ихтэй. ЖДҮ, тендер, Бор тээгийн орд, “Шинэ хоршоо”, импортын татвар гээд эдийн засгийн том хэргүүдэд нэр холбогддог. Энэ утгаараа намын дарга, Ерөнхий сайд боллоо гээд намдаа нэмэх биш хасах оноо авчирна. Х.Нямбаатарын дэргэд Д.Амарбаясгалан намдаа л гэхээс массд нэр хүнд муутай. Хоёрт АН-ын сөрөг улс төрийг давж гарах бяр, хүч байхгүй. Түүний хамгийн эмзэг сэдэв дээр АН гурван жил улс төр хийнэ. МАН-ын мөхлийн үүд нээгдэнэ гэсэн үг. Сөрөг хүчний хувьд АН-ыг буруутгах аргагүй.
Д.Амарбаясгалан намын дарга, Ерөнхий сайд боллоо ч түүнийг огцруулах асуудал намын дарга цагаас эхлээд тоологдоно.
АН эв нэгдэлтэй байж чадвал дараалсан ялалтууд ойрхон байна даа.
3,607.57















































