Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ сарын 8-наас эхлэн Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 иргэн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцсэн бөгөөд өнөөдөр түр завсарлажээ.
Учир нь, дээрх этгээдүүдэд холбогдох гэм буруугийн дүгнэлтийг ирэх долоо хоногийн Даваа гариг/2025.09.15/ -т танилцуулахаар болж,шүүх хурлыг түр завсарлуулсан байна.
Дээрх шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Найдалаа нараас гадна УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр тэргүүтэй улстөрчид оролцож, тайлбар мэдүүлгээ өгсөн.
Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр “175 тэрбум төгрөг зарцуулж, хүүнд нь 40-50 тэрбум төгрөг төлсөн замаар 600-700 тэрбум төгрөг олсон. Хөгжлийн банк өөрсдөө хохиролгүй гэж хэлсэн. Хохирогчгүй хэрэгт биднийг буртуугаж суугаадаа ичих хэрэгтэй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хөгжлийн банкны хэрэг надад ямар ч хамаагүй. Энд зогсож байгаадаа дургүй хүрч байна” гэж мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан автозамыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдан авсан. Мөн “Бэрэн” ХХК-д Хөгжлийн банкнаас зээл олгоход дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг нөлөөлсөн гэж үзэн буруутгаж ирсэн.
УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдаж байв. Тэрбээр “Бэрэн групп” ХХК-д 22.7 сая хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гарч байсан.
Дээрх нэр бүхий гурван компанийн тухайд тодруулахад, “Говийн зам” компани нь Ухаахудагийн уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 239 км автозам тавьж, үүнийгээ “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн асуудалтай холбоотойгоор, “Бэрэн” групп нь зээлийн шаардлага хангаагүй хэрнээ Хөгжлийн банкнаас хоёр удаагийн үйлдлээр 26.9 сая ам.долларын зээл авч хохирол учруулсан, “Монроуд” компани нь 45.5 тэрбум төгрөгийн зээлийг мөн Хөгжлийн банкнаас авахад эрх бүхий албан тушаалтнууд нөлөөлсөн зэрэг үндэслэлээр буруутгагдан шалгагдаж байсан юм.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ