Засгийн газрын ирэх онд хэрэгжүүлэх төсвийн бодлогод орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэх дагнасан банк байгуулах асуудал багтаад байна.
Монголбанк өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд ипотекийн зээлийг хэрэгжүүлэхдээ 9.9 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 137 мянган иргэнд олгожээ. Хэрэгцээ түүнээс их байгаа ч санхүүжилтийн эх үүсвэр дутмагаас ипотекийн зээл хүссэн иргэдийн өргөдөл хоёр жилээр хүлээгдэх энүүхэнд болсон. Гэвч энэ зээлд зорилтот бүлгийнхэн буюу бага дунд орлоготой иргэд, мөн гэр хороололд амьдардаг иргэдийг хамруулах нь чухал байгаа. Тэр дундаа нийслэлийн гэр хорооллын иргэдийг энэ зээлд хамруулах нь утаанаасаа салах боломж.
Харамсалтай нь, жилээс жилд орон сууцны үнэ өссөөр байгаа нь бага орлоготой иргэд битгий хэл боломжийн амьдралтай нь ч орон байртай болоход хүнд тусах болсон.
Хамгийн хямд үнэтэй орон сууцны үнэ 1м2 нь 3.5 сая төгрөг бол дундаж нь 4.5 сая төгрөгт эргэлдэж байгаа юм.
Тансаг зэрэглэлийнх нь орон сууцны үнэ доллараар яригдах болсон. Иймээс шинэ Засгийн газрын өмнө бага, дунд орлоготой иргэдээ хүү багатай, урт хугацаатай зээлд хамруулж чадах уу гэдэг сорилт тулгараад байна.
Уг нь үе үеийн Засгийн газар бага дунд орлоготой иргэдээ орон сууцжуулж, агаарын бохирдлыг бууруулах амлалт өгдөг ч 2012-2016 онд Ардчилсан нам эрх барьж байхдаа энэ ажлыг эхлүүлснийг эс тооцвол нам зогссон гэж хэлж болно.
Иймээс эрх барьж буй МАН “20 минутын хот” концепцынхоо хүрээнд гэр хорооллын иргэдийг орон сууцжуулж чадах уу гэдэг нь анхаарал татаж буй юм.
Монголбанк, арилжааны банк хамтран жилд 600 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулж ирсэн. Эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар өнгөрсөн жил Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг нэмж гарган санхүүжүүлж байв. Үүний 40 гаруй хувь нь орон нутагт, үлдсэн нь Улаанбаатар хотын иргэдэд олгогдсон.
Харин Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа 2026 оны төсвийн төсөлд орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэх дагнасан банк байгуулахаар тусгаад байна.
Дэлхийн олон орон бага, дунд орлоготой иргэдээ байртай болгохын тулд орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэх дагнасан банк байгуулж ажилласан. Тэдгээрээс ХБНГУ, БНСУ, Казакстан, Тайланд, Аргентин зэрэг орнууд төрийн оролцоотой орон сууцны төрөлжсөн банк байгуулж ажилласан нь амжилттай хэрэгжжээ.
Ажилттай ажилласны гол тулгуур нь банкны үйл ажиллагааг улс төрөөс хараат бус, бие даан шийдвэр гаргах байдлаар зохион байгуулж, засаглалын оновчтой бүтцийг бий болгосонд оршжээ.
Засгийн эрхийг барьж буй МАН-ын хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиас эхэлж бага, дунд орлоготой иргэдийг хямд өртөгтэй орон сууцанд хамруулах амлалт өгч ирсэн ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй.
Харин энэ удаад орон сууцны дагнасан банк байгуулан ажиллах хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж боссон орон сууцнуудад бага хүүтэй урт хугацаатай ипотекийн зээл олгох байдлаар агаар хөрсний асуудлаа шийдэж мэдэхээр байна.
Өмнөх Засгийн газрын үед энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд Ерөнхий сайдын харьяанд ажлын хэсэг байгуулагдан ажилласан ч тодорхой шийдвэр гаргаж чадаагүй. Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудыг хамруулсан судалгаанууд олон хийгдсэн. Энэ хүрээнд өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж байгаагүй иргэдийг энэхүү хөнгөлөлттэй зэлэд хамруулах бодлого барина. Мөн залуу гэр бүлд 50 м2 хүртэлх орон сууцанд ипотекийн зээл олгох зохицуулалтыг хийх гэхчлэн олон хувилбарыг ярьж байна гэж мэдэгдэж байв. Харин энэ Засгийн газрын хувьд дараах бодлогыг барьж байна.
- Нэгдүгээрт, Орон сууцны санхүүжилтийн банкийг төр, хувийн хэвшил болон олон улсын санхүүгийн байгууллагын хамтын оролцооны хүрээнд засаглалын оновчтой бүтэцтэйгээр байгуулж, хууль, эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх;
- Хоёрдугаарт, Олон улсын туршлагыг судлан банкны сайн засаглалыг бүрдүүлж төрийн хувь оролцоог олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдад үе шаттайгаар санал болгох;
- Гуравдугаарт, Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын бодлоготой уялдсан арга хэмжээг хэрэгжүүлэх, дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах замаар нэмэлт эх үүсвэр төвлөрүүлэх;
- Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөтэй нийцүүлэн, төрөөс авч хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлт, агаар орчны бохирдлыг бууруулах бодлогуудтай уялдуулж орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд ханган хэрэгжүүлэх зэрэг болно.
- Иймд орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулах энэхүү бодлогын арга хэмжээг 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлснээр Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бодитоор бүрдэж, улмаар орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад иргэдийн амьдрах орчны чанар бодитойгоор сайжрах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ