niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 12:03 UTC Эх: https://news.mn/r/2822149/ c4d755b7eedc531a… ← niitlelch.mn руу буцах

"Шүгэл үлээгчийн хуулийг батлахгүй байх сонирхол эрх баригчдад бий"

Хуучирсан мэдээ: 2025.09.11-нд нийтлэгдсэн

"Шүгэл үлээгчийн хуулийг батлахгүй байх сонирхол эрх баригчдад бий"

"Шүгэл үлээгчийн хуулийг батлахгүй байх сонирхол эрх баригчдад бий"

Шүгэл үлээгчийн тухай хууль анх 2022 оноос яригдаж эхэлсэн. Гэвч өнөөдрийн хүртэл батлагдаагүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ТББ-уудын төлөөлөл өнөөдөр /2025.09.11/ мэдээлэл хийлээ.


"Иргэн бол хүч" залуусын санаачилгын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат:

-Монгол Улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцод нэгдсэн 20 жилийн хугацаанд үүргээ биелүүлсэнгүй. Бид Үндсэн хуулиараа хууль дээдлэх, эх орноо хайрлан хамгаалах, шударга байх журамт үүрэгтэй. Гэвч энэ журамт үүргээ хэрэгжүүлэх явцдаа бид шударга бус зүйлийн төлөө дуугарсныхаа төлөө хэн нэгэн эрх мэдэлтний өмнө хүчин мөхсөддөг. Тиймээс Монгол Улсын иргэн бүр үүнийг хамгаалсан Шүгэл үлээгчийн тухай хуулийг мэдэх хэрэгтэй. Энэ хуулиар шударга бус зүйлийн төлөө дугарсныхаа төлөө хохирч болохгүй гэх хуулийн хамгаалалтыг зохицуулдаг. Дэлхий дээр НҮБ-ын авлигын эсрэг конвенцод нэгдсэн 140 гаруй улс бий. Үүнээс 59 нь Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэрэгжүүлдэг.

Олон улсын байгууллагуудаас Монгол Улсад 20 гаруй зөвлөмж, хүргүүлсэн байдаг. Үүний үр дүнд бид 2020-2024 оны УИХ-ын үндсэн чиглэлд энэ хуулийн төслийг оруулж, 2023 он гэхэд Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлуулахаар тусгасан. Ийнхүү 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ нэг жилийн дараа буюу 2022 оны аравдугаар сард хэлэлцээд, энэ бол зайлшгүй байх ёстой хууль хэмээн дэмжиж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Гэвч энэ өдрөөс хойш уг хууль замхран алга болсон.

Үүний дараа 2024 онд УИХ-ын сонгууль явагдаж, Үндсэн хуульд өөрчлөлт ороод Монгол Улс анх удаа олон намын төлөөлөл бүхий парламентыг байгуулж 126 гишүүнтэй болсон. Энэ парламент мөн адил УИХ-ын тогтоол гаргаад 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа дээрх хуулийн төслийг тусгаж өгсөн.

Мөн Засгийн газар өөрийн үндсэн чиглэлдээ Шүгэл үлээгчийн тухай хуулийг 2025 онд батлуулна хэмээн заасан байдаг. Гэвч мөн л өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй байна. Өнгөрсөн хугацаанд уг хуулийн төсөл дээр хоёр ажлын хэсэг гарч ажилласан. Гэвч эдгээр ажлын хэсгийн гишүүд ажлаа хийхгүй байгаагаас үр дүн гарсангүй.

Энэ хуулийн үндсэн зорилго бол нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. Энэ хуулийн төсөл яагаад хэрэгжихгүй байна вэ гэхээр эрх баригчид, албан тушаалтнуудын эсрэг үйлчлэх учраас үүнийг батлахгүй байх сонирхол бий гэх хардлага төрж байна. Тиймээс энэ намрын чуулганаар Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлаач ээ хэмээн залуучууд бид дуу хоолойгоо илэрхийлж байна. Хамгийн сайн хяналт бол иргэдийн оролцоо юм гэлээ.

Дашрамд дурдахад, Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөл нь таван бүлэг 22 заалттай. Уг хуулийн төслийн гол зохицуулалт нь шүгэл үлээсэн иргэнийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор заасан. Гэхдээ, шүгэл үлээсэн тохиолдол бүрт мөнгөн урамшуулал заавал олгохгүй.

Харин тухайн асуудлыг шалгаж, холбогдох ажиллагаа явуулж, асуудал шүүхээр эцэслэсэн шийдвэрлэгдэж, батлагдсан тохиолдолд шүгэл үлээгчийн гаргасан хүсэлтийг прокурорын байгууллага, АТГ, ХЭҮК цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, ШӨХТГ-ын төлөөлөл бүхий Мөнгөн урамшууллын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх ажээ.

Төсөлд хуулийн үйлчлэх хүрээг “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаа” хэмээн тодорхойлсон аж. Мөн шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хуулийн төслийн онцлох заалтуудыг танилцуулъя.

-Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээнэ. Шүгэл үлээхдээ бичгээр болон амаар мэдээллээ гаргах боломжтой.

-Шүгэл үлээгч өөрийн мэдээллийг нууцлах боломжтой.

-Шүгэл үлээгчийн мэдээллийг прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүргүүлнэ. Эдгээр эрх бүхий байгууллага нь зарим мэдээллийг шүгэл үлээгчээс нэмж тодруулж болно.

-Илт худал мэдээллээр шүгэл үлээсэн, өмнө нь шалгаж үр дүнг нь мэдэгдсэн асуудлаар дахин шүгэл үлээсэн бол дээрх эрх бүхий байгууллагууд шүгэл үлээгчийн мэдээллийг хянан шалгахгүй.

-Цахим орчинд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болгосон үйл баримтаас өөр шинэ баримтгүйгээр шүгэл үлээсэн бол мөн хянан шалгахгүй.

-Шүгэл үлээгч хууль зүйн болон сэтгэл зүйн үнэгүй зөвлөгөө авч болно.

-Шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мэдээлэл өгсөн асуудлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болно. Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага нь шүгэл үлээсэн асуудлыг мэдээлсэн эх сурвалжаа нууцлах эрхтэй.

-Дараах тохиолдолд шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мөнгөн урамшуулал авах өргөдлөө гаргаж болно.

Авлигын эсрэг хуулийн 33.2-т заасны дагуу улсад хохирол учруулсан этгээдийн эд хөрөнгө, орлогыг хураасан;

Хуульд заасны дагуу зохих торгох ял, торгох шийтгэл оногдуулсны дүнд төлөх ёстой байсан төлбөрийг төлүүлсэн.

-Мөнгөн урамшууллыг дараах хэлбэрээр олгоно.

-Тавин сая хүртэл төгрөгийн 15 хувийг;

-Тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг;

-Хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 36 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг;

-Нэг тэрбумаас хоёр тэрбум хүртэл төгрөгийн 113 сая төгрөг дээр 1 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 6 хувийг;

-Хоёр тэрбум, түүнээс дээш төгрөгийн 173 сая төгрөг дээр 2 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 4 хувийг.

-Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэл байна.

Хуулийн төсөлтэй энд дарж танилцана уу.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж