niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-25 12:04 UTC Quelle: https://news.mn/r/2822055/ a1cb07db7601c351… ← zurück zu niitlelch.mn

Тусгаар тогтнолоо “худалдсан” УИХ-ын ТОГТООЛ

Хуучирсан мэдээ: 2025.09.11-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолоо “худалдсан” УИХ-ын ТОГТООЛ

Тусгаар тогтнолоо “худалдсан” УИХ-ын ТОГТООЛ

“126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий шинэ парламент 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайллаа”. Энэ бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн байр суурь. Түүний хэлсэнчлэн чөдрийг нь тайлсан гэх мега төслүүдийн нэг нь Гашуунсухайтын хил холболт. Гэвч үнэндээ чөдрийг нь тайлсан уу эсвэл улсаа чөдөрлүүлчихсэн үү гэдэг асуултын тэмдэг болж байна.

2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд УИХ-аас нэгэн тогтоол баталсан нь Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай.  Үндсэндээ, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяраас хоёрхон хоногийн өмнө уг тогтоолыг УИХ-аас баталсан байдаг. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ны өдрийг монголчууд  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Учир нь, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан гэж үздэг.

Атал Монголын парламент  Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон өдрийг угтан хятадуудад Тавантолгойн ордыг тавьж туухад хүрсэн учир шалтгаан юу байв аа?. Гэдэг нь хамгийн анхаарал татсан асуулт байх нь мэдээж.

УИХ-аас баталсан уг тогтоолд “…. Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр” тогтооно гэж зааж өгчээ.

Энэ нь  2011 онд Монголын Засгийн газар, Хятадын “Чалко” компанитай байгуулсан Монголд асар их хохирол авчирсан үнийн дүнгээр 16 жил нүүрсээ нийлүүлнэ гэсэн үг.

Д.Амарбаясгалангийн парламентаас баталсан тогтоолын дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан гэрээнд зааснаар Гашуунсухайт-Ганцмодны боомтын холбосны өртөгт Монгол Улс Хятадын “Чайна энержи” компанид 2025-2040 он хүртэл нийтдээ 247 сая тонн нүүрсийг 30 хувийн хямдралтай нийлүүлэх юм. Үндсэндээ, 247 сая тонн нүүрсийг 16 жилийн турш 30 хувь хямдруулж өгнө гэвэл Монгол Улс хамгийн багадаа 100 их наядыг алдаж байна. Зөвхөн нүүрсний үнийн дүнгээс гэхэд шүү дээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа 25 км төмөр замыг 235 сая ам.доллараар барьж байгаагаа хэлсэн. Тэгэхээр Монгол Улс хамгийн өндөр үнээр буюу нэг км төмөр замын 10 сая ам.доллараар барихаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэрээлжээ. Монгол шиг ядуу улсын хувьд дэндүү ахадсан наймаа гэхэд болно.

Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан гэрээний бас нэг сул тал нь  хятадуудад нийлүүлэх 247 сая тонн нүүрсний 55 хувь коксжих нүүрс байна гэж  зааж өгсөн. Нэг ёсондоо Тавантолгойн ордын нүүрсийг сорчилж зарахаар болсон байна. Мөн 2030 оноос эхлэн зөвхөн Бортолгой, Ончтолгойн нүүрсийг хятадуудад нийлүүлнэ гээд гэрээнд тусгасан байдаг.

Хачирхалтай нь, УИХ уг тогтоолыг батлахаас өмнө Хятадын “Чайна энержи”-ийн зүгээс Гашуунсухай-Ганцмод боомтын хил холболтын ажлын хөлсөнд авах 247 сая тонн нүүрсийг таван хувийн хямдралтай авах хүсэлт тавьсан байтал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр 30 хувийн хямдралтай нийлүүлэхээр "үгсэн" хуйвалдсан нь Монголын эдийн засагт асар их хохирол дагуулж буй юм. Нөгөө талдаа эх орныхоо эрх ашгаас илүү хувийн шунал хүслээ илүүд үзсэнийх гэлтэй.

Тэр тусмаа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өмнөхөн улсын эрх ашгийг уландаа гишгэж, хятадуудад хожоотой, монголчуудад хохиролтой тогтоол баталсан УИХ-аас хариуцлага нэхэх нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалангийн парламент яг Монголын ард түмний төлөөллийн байгууллага мөн үү. Эсвэл Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн байгууллага уу?! Энэ асуултад УИХ-ын даргаас хариулт нэхмээр байна.

Эцэст нь хэлэхэд, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар наанаа иргэдийг хятад цэрэг танкаар айлгаж байгаад цаанаа эх орноо хятадуудын хавхад оруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж