niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 12:04 UTC Эх: https://news.mn/r/2822022/ ed3979f9776a6459… ← niitlelch.mn руу буцах

Ж.Чинбүрэн: Тарваган тахлын эсрэг вакцин тасарсан

Хуучирсан мэдээ: 2025.09.10-нд нийтлэгдсэн

Ж.Чинбүрэн: Тарваган тахлын эсрэг вакцин тасарсан

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.09.10/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар нар танилцуулав.


-ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: 

-Засгийн газар ард, иргэдийнхээ санал шүүмжлэлийг сонсож Засгийн газрын бодлого шийдвэртээ тусгаж байгаа. Тухайлбал, 2026 төсвийн зарцуулалтын талаар 200 орчим иргэний санал хүсэлтийг авсан. Мөн 1111 төвөөр дамжуудан иргэдийн санал хүсэлтийг авдаг байсан бол D gov.mn цахим системийг ажиллуулахаар болсон. Иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах, тулгамдаж буй асуудлуудаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төрийн алба хаагчдын үнэлгээг үнэн зөв хийх бололцоо бий болно. D gov.mn 18 насанд хүрсэн 20-100 мянган иргэний бодитой ажил хэрэгч санал, шүүмжлэлийг авч эхэлнэ. 50 мянгаас дээш санал авсан бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-аар батлуулан хууль тогтоомж болгох боломж нээгдэж байна.

Үүнээс гадна төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх нээлттэй системийг бий болгож байгаа. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт, нийгмийн даатгал, татвар, гааль, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, улсын бүртгэл, боловсрол зэрэг байгууллагуудын иргэд өөрсдөө үнэлдэг болно. Энэ бүхний үр дүнд нээлттэй засаг бий болно. Хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ" гэв. Мөн сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр явж буй Ерөнхий сайдын зөвлөхүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр,  Ц.Ананбазар, Г.Ганбаатар, Б.Баттөмөр нар Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаггүй. Тийм тушаал шийдвэр гаргаагүй гэлээ.

-Хууль,зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар:

-Засгийн газрын хуралдаанаар цагдаагийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүд эрчимтэй гарч байна. Хэрэглэгч, донтогчдын тоо мөн өсч байна. Тиймээс энэ чиглэлд ажиллах арга хэмжээг эрчимжүүлж, албыг бэхжүүлэх эхэлсэн. Хар тамхитай тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа нэгжийг алба болгон өргөжүүлэхээр болсон. Одоогийн нэгж 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатарт төвлөрөн үйл ажиллагаа явуулж байгаа. Улмаар улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болох, таслан зогсоох, тандан судлах, урьдчилан сэргийлэх чиглэлүүдэд анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ингээд 145 хүний бүрэлдэхүүнтэй болгож, техник тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Ирэх оны төсөвт найман тэрбум төгрөг тусгаж, энэхүү албыг бэхжүүлэхээр болсон. Ингэснээр мансууруулах бодистой холбоотой хэрэгт ахиц гарна гэж харж байгаа гэв.

Хар тамхитай тэмцэх ажил хууль бусаар оруулж ирж байгаа бүлэглэлийг илрүүлэхээс эхэлнэ. Ялангуяа Турк, Тайландаас мансууруулах төрлийн бодис орж байна. Тиймээс гаалийн байгууллагыг дээрх төрлийн бодисыг илрүүлэх тоног төхөөрөмжөөр хангана гэдгийг хэлсэн юм. Мөн нэр бүхий бизнесмэн, улстөрчийн хүүхдүүд хар тамхи хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж гэмтэл учруулсан. Энэ хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэхүү хэрэгт холбогдогч нэг этгээд хилийн хориг тавихаас өмнө хил гарсан юм билээ. Тухайн иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэдгийг хэллээ.

-Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: 

– Тарваган тахлын талаарх мэдээллийг өгье. Нэгдүгээр зэргийн хавьтал 113 иргэнийг хяналтад аваад байна. Мөн Хөвсгөл, Цагаан-Уул сумаас гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-н хүртэл хааж хатуу дэглэм тогтоосон. Сургууль, цэцэрлэг хаагдсан гэсэн үг. Мөн ЗӨСҮТ, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн явуулын баг газар дээр нь ажиллаж байна. Хөвсгөл аймгаас өөр аймаг, суманд тарваган тахлын өөр тохиолдол бүртгэгдээгүй байна.

Монгол Улсад тарваган тахлын эсрэг вакциныг зөвхөн халдвар авах өндөр эрсдэлтэй анчид, малчид, холбогдох ажилтнуудад хийдэг. Гэвч сүүлийн жилүүдэд вакцин оруулж ирээгүй. Учир нь уг вакциныг зөвхөн ОХУ болон Украйнд үйлдвэрлэдэг. Монгол Улс ДЭМБ-ын шаардлагыг давсан вакцин оруулж ирдэг байсан. Гэвч уг шаардлагыг давж вакцин оруулж ирэх ААН байхгүй байна. Тиймээс цаашид зайлшгүй тохиолдолд ашиглах тарваган тахлын эсрэг вакциныг нөөцлөхөд онцгой анхаарна. Одоогийн байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэрийн анхны тохиолдол бүртгэгдсэн ч уушгины хэлбэрт шилжсэн тохиолдол гараагүй байна гэлээ.

Энэ онд Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны өрөнд 316 тэрбум төгрөг төлсөн. Ингээд байхад яагаад өр үүсээд байгааг шалгахаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт гарч ирэх долоо хоногт танилцууна. Хөнгөлөлттэй эмэнд мөнгө дутсан зүйл байхгүй. Мөн инсулин дээр асуудал гарсан. Үйлдвэрлэгч үйлдвэрт нь гэмтэл гарч нийлүүлэлт саатсан. Тиймээс орлуулах эм олгохоор Эрүүл мэндийн яам ярьж байна гэдгийг хэлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж