Мухартын голыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо жил бүр 8000-10000 орчим нэмэгджээ. Энэ нь аялал жуулчлал талаасаа сайн мэдээ боловч тус голын усны ундарга татарч, жил ирэх тусам усны түшин урсгалын хурд багасахад хүрчээ. Мөн эх авч урсаж буй элсэн манхны өндөршилт нь түрэлт өгсөөр байгаа аж.
Тухайлбал, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас онцгой анхаарч 2021-2024 онд Мухартын голд судалгаа, дата мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд хийгдсэн судалгаагаар Мухартын голын дунд хэсэгт усны түвшин нь 5см-ээр буурч, урсгалын хурд нь 0.2-0.4м/с багассан байна. Нөгөөтэйгүүр эх аван урсаж буй элсэн манхны өндөр дунджаар 3.5м-ийн өөрчлөлттэй, элсэн манхны түрэлт 2021-2024 онд дунджаар 5.2м урагшилсан нь судалгаагаар тогтоогджээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс үүдэлтэй голуудын усны түвшин багасах үзэгдэл эрчимжиж байгаагийн тод илрэл нь Мухартын голд ажиглагдаж байна.
Энэ талаар Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын дарга Ц.Балхярваа хэлэхдээ, “Мухартын гол нь Завхан аймагт төдийгүй Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг. Элсэн манхан дундаас шүүгдэн гарч ирдэг гол юм. Гадаад, дотоодын жуулчид байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг үзэхээр маш ихээр ирдэг. Өнөөдрийн байдлаар Мухартын гол ширгэх, устаж үгүй болох нөхцөл байдалд хараахан хүрээгүй байна. Гэхдээ Мухартын голоо хамгаалах үүднээс жилийн жилд арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Энэ жилийн хувьд хур тунадас харьцангуй бага, элсний нүүдэл ихтэй жил болж байгаа тул хамгаалах арга хэмжээг нутгийн захиргаа болон манай албанаас авч байгаа.
Үүнээс гадна аялал жуучлал дээр онцгой анхаарахгүй бол Мухартын гол доройтолд орох эрсдэлтэй хэсэг юм.
Энэ хүрээнд тухайн бүс рүү автомашинтай иргэдийг оруулахгүй, зогсоолын асуудлыг шийдэж өгсөн. Мөн нутгийн иргэдтэй хамтарч морьтой аяллыг зохион байгуулж зөвхөн мориор нэвтрүүлж байгаа. Тухайлбал, хэдэн баг болгож багын ахлагчид байгаль хамгаалагч гэсэн үнэмлэхийг олгож жуулчдыг аюулгүй, хог хаягдал хаяулахгүй байх үүднээс ийнхүү хэрэгжүүлсэн. Үүний үр дүн ихээхэн гарч байгаа. Үүнээс гадна аялагчид элсэн манхны орой хэсгээс буулгахгүй байх хэмжээг нутгийн иргэдтэй хамтарч хэрэгжүүлж байна. Морьтой аялагчдын ахлагчтай гурвалсан гэрээ байгуулж, гэрээний дагуу ажил үе шаттайгаар хийгдэж эхэлсэн.
Энэ жил Завхан аймагт хур тунадас бага, байгалийн үзэгдлээс хамаарч голын ус татрах, багасах нөхцөл үүссэн. Мөн Монгол Улсын хэмжээнд цөлжилт ихэссэн ба бэлчээрийн даацтай холбоотой асуудал гарч буй. Тусгай хамгаалалттай бүс нутагт орохоос өмнө аялагчид Мухартын гол дээр авирах, гулгах тохиолдол их байдаг байсан бол хамгаалалтад авсны дараа энэ үйлдэл харьцангуй багассан. Мухартын гол дээр саяхан судалгаа хийгдсэн.
Судалгааг Хяргас нуур Завхан голын ай савын захиргаа хийсэн бөгөөд судалгаагаар олон жилийн дунджаас усны түвшин 5см багассан байв.
Иймд холбогдох газруудаас ирж арга хэмжээг жил бүр ирж авч хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна хамгаалах арга хэмжээнд хамгийн том нөлөөлөх хүчин зүйл бол нутгийн иргэд байдаг. Завхан аймгийн нутгийн иргэд Мухартын голыг устаж үгүй болохоос урьдчилан сэргийлж хамтран ажиллаж байгаад талархалтай хандаж байгаа. Нэг үгээр нутгийн иргэн бүр байгаль хамгаалагчийн үүргийг давхар гүйцэтгэж, ажиллаж байгаа гэж хэлж болохуйц сайн анхаарч ажилладаг.
Ган гачигтай жилд Завхан аймгийн Мухартын голын усны түвшин буурдаг. Харин хур тунадас ахуй орсон жил усны түвшин нэмэгддэг юм. Энэ нь дан ганц хүнээс биш, байгаль дэлхийгээс хамаардаг асуудал. Гэхдээ иргэдийн зохисгүй үйлдлээс хамаарч элс дотогшоо нурдаг тул арга хэмжээ авч болиулсан байдаг. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Мухартын голын ойролцоо зуншлага болон намагжилтын байдал харьцангуй буурсан. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд нутгийн иргэд буугаагүй, алсуур буюу голын хойд хэсгээр буусан. Угтаа энэхүү үйлдэл нь нутгийн иргэд Мухартын голыг хэрхэн хамгаалж буй нь үйлдлээрээ харуулж байна” гэлээ
Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зүгээс Мухартын голын ундаргыг хамгаалж, урсцыг нэмэгдүүлэх, түүний тэжээгдэх зүй тогтлыг тодорхой болгох, байгалийн унаган төрх, экосистемийг алдагдуулахгүй байхад анхаарч, бодлогын түвшинд тодорхой ажил зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Усны газрын удирдлагад үүрэг болгожээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ