niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 12:31 UTC Эх: https://news.mn/r/2821779/ aa2515f16ecd5e70… ← niitlelch.mn руу буцах

ЭНХБОЛДуудын замаар алхах нь Д.Амарбаясгаланд эрсдэлтэй!

Хуучирсан мэдээ: 2025.09.09-нд нийтлэгдсэн

ЭНХБОЛДуудын замаар алхах нь Д.Амарбаясгаланд эрсдэлтэй!

ЭНХБОЛДуудын замаар алхах нь Д.Амарбаясгаланд эрсдэлтэй!

УИХ-аас итгэл үзүүлээгүй тул Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, оронд нь Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр Г.Занданшатар томилогдоод гурван сар болж байна. Ерөнхий сайдын тамгаа тушааснаар Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргаас де-факто огцорсон. Де-юре нь Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсон тул МАН-ын дотоод дүрмээрээ дарга болох ёстой. Атал УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун жигүүрээс “зодоглох”-оор бэлдэж, түүний бэлтгэл хангагчаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байгаа гэх. Гэх гэдэг нь одоогоор Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөхөө ямартай ч албан ёсоор зарлаагүй байгаа билээ.

Эндээс харвал эрх баригчдын дундах тамганы зодоон хурцдаж, ах дүүсийн тангараг нь тонгорог болсон байна.

Зургаан жилийн өмнө, “..улстөрч хүн албан тушаал авч чаддаг, өгч чаддаг байх”-ыг М.Энхболдод сургамжилж явсан Л.Оюун-Эрдэнэ гэх хүний гэрийн асуудал МАН-ын төдийгүй Монгол төрийн томоохон зовлон болов. Түүх давтагддаг гэдэг.

Нэг.

УИХ-ын 2012 оны сонгуулиар Ардчилсан нам засгийн эрхийг авч, Н.Алтанхуяг намын даргын хувиар Ерөнхий сайдаар томилогдож байв.  Харин З.Энхболдыг  УИХ даргаар сонгосон.

Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил гурван сар засаглаад 2014 оны арваннэгдүгээр сард огцорсон юм.  Тухайн үед  Н.Алтахнхуягийн танхимын сайдаар ажиллаж асан Х.Баттулга заналтайгаар гарын үсэг зурснаа хэвлэлийнхэнд бахтайгаар мэдээлж байлаа. Шинэчлэлийн Засгийн газрыг  огцруулах саналыг анх МАН гаргаж тавьсан авчиг  засгаа онхолдуулсан нь АН-ын Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар.

Ингээд Н.Алтанхуягаас намын тамгыг нь З.Энхболд, засгийн тамгыг нь Ч.Сайханбилэг авсан. Эндээс эрх мэдлийн зөрчилдөөн эхлэж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүх л бодлогыг намын эрх мэдлээр бойкотлох болсон гашуун сургамж. Хэрэвзээ З.Энхболд хувийн эрх ашгаа нэгд эрэмбэлж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын боловсруулсан Гашуунсухайтын төмөр замын төслийг унагаагүй бол Монгол Улс 80 их наядын орлогоо алдахгүй, Женко 40 их наядын нүүрс хулгайлж чадахгүй байсан нь бодит факт. “Тавантолгойг авч үлдсэн” гэх З.Энхболдын үг асар ашиг сонирхлын зөрчилдөөнтэй. Түүний нүүрсний хулгайн хэргийг УЕП-оос эргэн сэргээсэн.

Хоёр толгойтой болсон Ардчилсан нам УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-д үсгүй болтлоо арчуулсан. Өмнөх парламентдаа 35 суудалтай байсан Ардчилсан нам дөнгөж бүлэг байгуулах төдий есөн суудалтай хоцорсон байдаг.

Хоёр.

З.Энхболдын явсан буруу замаар будаа тээсэн дараагийн улстөрч бол М.Энхболд. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сард намын тамгаа, спикерийн алхтайгаа хамт алдсан. 2016 оны парламентад үнэмлэхүй ялалт байгуулсан М.Энхболд намын дотоод дүрмээ дагаж, Ерөнхий сайдаар томилогдсон бол магадгүй чуулганы индэр дээрээс Л.Оюун-Эрдэнэд хөөгдөж буухгүй байсан нь ойлгомжтой. Л.Оюун-Эрдэнийн хувьд Д.Амарбаясгаланг намын даргаар сонгох нь хоёр зорилготой гэж хардагдаж байна. Нэгд, Д.Амарбаясгалан намын дарга болох түүний эрх мэдэлд эргэж ирэх боломж гэж харж буй нь ойлгомжтой. Хоёрт, Д.Амарбаясгалан ялагдвал мөнхийн өрсөлдөгчтэйгөө хамтдаа унана гэсэн үг. Тэр тусмаа Д.Амарбаясгаланг У.Хүрэлсүхтэй зөрчилдүүлэх нь Л.Оюун-Эрдэнийн улс төрийн тактик ч байх магадалтай.

Тиймээс Энхболдуудын замаар алхвал Д.Амарбаясгалан спикерийн алхаа алдаж мэднэ. Г.Занданшатарт өнөөдөр сөрөг хүчний дэмжлэг байна. Ард нь Ерөнхийлөгчийн нөлөө бий.

Үндсэндээ, АН-ын 42 кноп+МАН-ын бүлгийн 35+ гээд тооцвол Д.Амарбаясгалан МАН-ын шалдан ноён л болж үлдэнэ. Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй л гэдэг!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж