niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 12:32 UTC Эх: https://news.mn/r/2821634/ bf08d7492a8069fe… ← niitlelch.mn руу буцах

МАН-ЫН ШИНЭ ДАРГА ХЭН БЭ?

Хуучирсан мэдээ: 2025.09.09-нд нийтлэгдсэн

МАН-ЫН ШИНЭ ДАРГА ХЭН БЭ?

МАН-ЫН ШИНЭ ДАРГА ХЭН БЭ?

Г.ЗАНДАНШАТАРЫН ӨМНӨХ НЭГ ДАВАА

МАН-ын шинэ дарга хэн бэ? Хамгийн эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар нэрлэгдэж байна. МАН-ын дүрмийн 24.3-ын “УИХ-д олонх болсон намын даргыг Ерөнхий сайд нэр дэвшүүлнэ” гэсэн заалт түүнд харшлахгүй. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр нь хэвээрээ. Намын дарга  Ерөнхий сайдаар томилогдох, Ерөнхий сайд намын даргаар  сонгогдох нь утга агуулгын хувьд ялгаагүй. Ялсан намын Бага хурлын олонхи нь Ерөнхий сайдаа шүдтэй арслан байлгаж, Засгийн газраа ахиж унагахгүй явъя,  эдийн засгийн хүндрэлтэй цаг үед улс орны ч эрх ашиг гэж үзвэл Г.Занданшатар тамга авна.

Л.Оюун-Эрдэнэ сонгуульд ялсан МАН-ын дарга мөн. Харин нам бол би юм, модон тамгыг нь би сийлсэн юм гэх боломжгүй. Ялсан намын даргадаа эхлээд нам нь, дараа нь УИХ итгээгүй учраас Ерөнхий сайдаас бууж, Засгийн газар огцорсон.

Г.Занданшатар УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдсан  боловч өнөөдөр ялсан намын Ерөнхий сайд. Яагаад ялагдсан бэ? гэвэл Хангайн бүсийн тойрогт давагдашгүй хүчин зүйл гарсан. МАН-ын нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагч АН-ын гишүүний амийг хөнөөсөн нь “газар хөдлөлт” болж Б.Батцэцэг, Г.Тэмүүлэн хоёроос бусад нь ташраараа унасан. Өөрөө танихгүй, сонгож аваагүй хэдэн зуун ухуулагчийн уух идэхийг хэн ч хянахгүй боловч сонгуульд хүчтэй нөлөөлсөн. АН-ын зарим радикалуудын уриалж байснаар АН-ын бүх нэр дэвшигчид сурталчилгаагаа зогсоогоод, Сүхбаатарын талбайд гараад ирсэн бол байдал эрс өөрчлөгдөх эргэлтийн цэг болох байсан. Халдварын голомтыг хангайн бүсэд нь тусгаарлаж, Г.Занданшатар нарын намынхаа өмнөөс хохироод дууссан үйл явдал.

УИХ-ын гишүүний хувьд тойргоо услахаас илүү УИХ-ын даргын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлт, Үндэсний баялгийн сан зэрэг хууль тогтоох ажилдаа илүү анхаарсан гэж тайлбарлаж болно. Үндэсний баялгийн сан бол МАН-ын 68 суудлын гол хөзрийн нэг байсан.

Нөгөө талаар Г.Занданшатар улс төрийн том албан тушаал хашиж байсан зарим шиг өмнөөсөө золигт гаргах нэр дэвшигчид захиалаагүй, мөнгө төгрөг тараагаагүй, олон тойрогт гарсан шиг эсрэг талтайгаа үгсэж хуйвалдаагүй ч гэж болно.

Г.Занданшатар нүүрс, уул уурхайд гар дүрээгүй, боловсрол, туршлагатай Ерөнхий сайд намын даргын тамга атгахад гайхаж эгдүүцэх зүйл бага.  Г.Занданшатар намын дарга болох замынхаа талыг туулсан. Ерөнхий сайд учир де факто намын дарга. Түүний өмнө намын дарга болох нэг даваа бий.

Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ӨМНӨХ ГУРВАН ДАВАА

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг заалнаас нэр дэвшинэ өмнөөс нь бор шувуу нисгэж байгаа ч хэрсүү хашир хүний хувьд ийм алхам хийх магадлал бага.

1-рт, УИХ-ын дарга намынхаа Удирдах зөвлөлөөс виз авч чадалгүй, давж заалдаад, заалнаас нэрээ дэвшүүлэх нь зангараг, байр сууринд нь тохирохгүй. 2-рт, 18-тайдаа элссэн намаа хагалсан хэрэгт орох хүн биш. 3-рт, Д.Амарбаясгалан  гүйх нохойд гүйхгүй нохойн саад болно уу гэхээс намын тамга атгах баталгаа байхгүй. Учир нь МАН-ын дүрмээр Бага хурлын оролцсон гишүүдийн гуравны хоёроор намын дарга болдог. Өөрөө ч болохгүй, өрөөлийг ч болгохгүй хурал тарснаас эхлээд МАН-ын хагарал бутралыг албан ёсоор зарласнаас өөрцгүй. Д.Амарбаясгаланг илүү буруутгана. “Намрын халуун өдрүүд”-ээр албан ёсны ан цав үүсвэл 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын суурь хагарал болно гэдгийг хар багаасаа улс төрд явсан Д.Амарбаясгалан мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ?

11-р сарын 15-наас өмнө ирэх оны төсвийг баталсан байх цаг хугацааны хайч, алх хоёр гарт нь нь байгаа ч тултал ашиглах уу, үгүй юу? Улсын төсвөөр барьцаалж, намын дарга боллоо гэхэд Ерөнхий сайдаар томилогдож чадах уу?

Ерөнхий сайд боллоо гэхэд төсвөө батлуулж, Ерөнхийлөгчийн хориг, УИХ-аас ирэх галыг тойрч, Засгийн газар нь тогтох уу? Түүний өмнө Г.Занданшатартай харьцуулахад намын даргаар сонгогдох, дараа нь Ерөнхий сайдаар томилогдох, боллоо гэхэд тогтож үлдэх гэсэн гурван том даваа бий.

Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн дэр болж хамт унах тэнэг толгой биш. Намд ч, Засгийн газарт ч суганд нь хавчигдаж, нүүрсээр будуулж, АН дахь Женкогийн технолог МАН-д нэвтэрсний хамгийн том хохирогчдын нэг нь Д.Амарбаясгалан. Улстөрд олон жил өмнө нь байгаа түүний замд Бортээг босгож тээг тавьсан хүн хэн бэ? Бортээгийн ордын асуудал ахиад бор тээг болон босож ирлээ. Д.Амарбаясгалан ахин дахин Л.Оюун-Эрдэнэ-Х.Баттулгын холбооны хохирогч бөгөөд гүйцэтгэгч болох замыг сонгохгүй л болов уу.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХУРДАН ХУДАЛД ГҮЙЦЭГДСЭН ҮНЭН

Л.Оюун-Эрдэнэ тамганаасаа зууралдаж байгаа ч өгөх нь цаг хугацааны асуудал. УИХ, МАН-ын Бага хурал Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлээгүй. Залгамжлагч тодруулах, ах нарыг халамжлан хүмүүжүүлэгч залуу үе гэж байхгүй. Намын даргын тамганаас ч илүү намрын халуун өдрүүдийг тодорхойлох том сэдэв нь Харбины гэрээ. Монголчууд Дубайн гэрээн дээр нэмээд Харбины гэрээ гэдэг том асуудлын зах зухтай нь танилцаж эхэлж байна.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын амнаас мөсөн уулын орой л цухуйж байна. Баялгаа авъя гэж хамгийн чанга хашгирч байгаад ардуур нь хийсэн баялгийн жинхэнэ том хулгайн панча нь л олон түмний уур бухимдлын ширээн дээр тавигдлаа.

Гурван Засгийн газар дамжиж арай гэж өрийг нь дарсан Чалкогийн 350 сая долларын гэрээний жишгээр хийсэн “Чайна энержи”-гий гэрээ. Чалкогийн жишигтэй “Чайна энержи”-гийн гэрээ.  Тавантолгойгоос 250 сая тонн нүүрс 16 жил нийлүүлэхдээ 55 хувийг нь коксжих, 35 хувийг нь хагас коксжих, 10 хувийг нь эрчим хүчний нүүрс эзлэх өрмийг нь хамсан.  Өнөөдөр тонн нь бирж дээр 95 доллар байгаа коксжих нүүрсээ 53 доллараар гэрээнд зааснаар эн тэргүүнд өгнө. Харбины гэрээгээр тонн тутмаас 40 доллар, нийтдээ 10 тэрбум доллар алдсан. Арван тэрбум доллар бол улсын жилийн төсвөөс их 36 их наяд төгрөг. 640 хүүхдийн 666 сургууль, эсвэл 10 мянган км зам барих мөнгө.

БОЛДЫН ОСОРЗАЯА  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж