Боловсролын салбарт тулгамдаад буй анги танхимын дүүргэлт, хүртээмж багшийн орон тоо гээд боловсролын салбар тойрсон асуудлаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.
-2025-2026 оны хичээлийн жил эхлээд удаагүй байна. Боловсролын салбар энэ хичээлийн жилийн бэлтгэлээ хэр хангав, тулгарч байгаа ямар асуудлууд байна.
-Хот төлөвлөлт, хотхон хороолол их ашиглалтад орж байгаагаас болж хүүхдийн тоо бидний тооцоолсноос хэтэрч байна. Улмаар нэг хэсэгт ачаалал их үүсэж, нөгөө хэсэгт ачаалал бага болоод байна. Энэ бол боловсролын салбарт тулгамдсан асуудал болж байна. Хүүхдийн тоо нэмэгдсэнээр сургууль, цэцэрлэгийн ачаалал эрс нэмэгдсэн. Ингэснээр зарим байршлууд дээр хийсэн байсан зохицуулалтыг дахиж өөрчлөх нөхцөл үүссэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Содон хороололд байрлах ЕБ-ын 154 дүгээр сургуульд 260-270 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ гэж тооцоолоод ингээд гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсч байгаа учраас 4-5 анги бүлгийг түрээсийн байранд шилжүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэтэл тухайн сургуульд 380 хүүхэд нэгдүгээр ангид элсэхээр болсон. Улмаар бидний тооцоолол дээр 120 орчим хүүхэд буюу дахин 4-5 анги бүлэг нэмэгдэж байгаа юм. Мөн ЕБ-ын 34 дүгээр сургууль 900 хүүхдийн суудалтай. Нэг жилийн өмнө тус сургуулийг 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгээр өргөтгөсөн. Дээрээс нь хүүхдүүдийнхээ тоон мэдээнд үндэслээд хоёр түрээсийн байрыг бэлдсэн байсан боловч 1000 хүүхдийн багтаамжтай сургуульд 6300 хүүхэд суралцахаар болж мөн л ачаалал хэтрээд байна. Энэ юунаас болж байна вэ гэхээр шинээр шилжин суурьшиж байгаа иргэд маань хаяг бүртгэлээ хийлгэхгүй байна. Тухайлбал, энэ жил цэцэрлэгт хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж байна. Ингэхэд цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдийн 20 хувь нь шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, хаяг байршлын асуудалтай байна.
Үүнээс үүдэж тухайн цэцэрлэг, сургуульд тэдэн хүүхэд хамрагдана гээд тооцоолсон байсан дээр төлөвлөгдөөгүй нөхцөл байдал үүсч байгаа юм.
Ялангуяа Хан-Уул дүүрэгт сургууль, цэцэрлэгийн ачаалал маш их учир нь тухайн бүсэд түр оршин суугчид болон байрных нь гэрчилгээ гараагүй хүмүүс байрандаа ороод ингээд нөгөө төлөвлөсөн байснаас хэтрээд байгаа юм. Жишээлбэл, албан ёсны бүртгэлтэй 270 мянган хүн байхад бүртгэлгүй хэр нь тэнд амьдардаг 80 орчим мянган байгаад ингээд 350 гаруй мянган оршин суугч байна шүү дээ. Энэ нөхцөл байдал боловсролын салбарын ачааллыг нэмэгдүүлж байна. Үүнээс гадна ЕБ-ын сургуулиуд дээр хүүхдийн тооны өсөлт маш их байна. 2024-2025 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 45 мянган хүүхэд төгссөн бол энэ намар улсын хэмжээнд 78 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна. Үүний 50 хувь нь буюу 39 мянган хүүхэд нь нийслэлд элсэнэ гэж тооцоолсон байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар төлөвлөж байсан хүүхдийн тоо 2000-аар нэмэгдэж 41 мянган хүүхэд нийслэлд нэгдүгээр ангид элсэхээр болсон. Ингэснээр ЕБ-ын сургуулийн хүүхдийн ачаалал асар нэмэгдсэн. Улмаар өмнө нь хийсэн байсан тооцооллыг дахиж өөрчлөхөөр болсон.
-Сургууль, цэцэрлэгийн урсгал засварыг хийж дууссан уу. Хэчнээн сургууль шинээр барьж хэдэн сургуульд засвар шинэчлэл хийсэн бэ?
-Энэ зун нийслэлийн хэмжээнд нийт 177 сургууль, цэцэрлэгийг хэсэгчилж засварласан. Үүнд 27.1 тэрбум төгрөг зарцууллаа. Мөн 21 аймгийн хэмжээнд байгалийн гамшигт үзэгдлээс шалтгаалж зарим сургуулийн дээвэр хуурсан, хаалга, цонх нь эвдэрсэн асуудлууд бий. Үүнийгээ орон нутгууд эрэмбэлээд ЕБ-ын 90 гаруй сургууль, 200 гаруй цэцэрлэгт их болон урсгал засвар хийж дуусгасан.
-Сурагчдын сандал ширээ стандартын бус, эвдрэл гэмтэлтэй, хүртээмжгүй байна гэдэг асуудлыг иргэд хэлж байна л даа. Ер нь сургуулийн сандал, ширээг хэрхэн, хэзээ шинэчилдэг юм бэ?
-Сургалтын байгууллагын тоног, төхөөрөмжийг Боловсролын яам хариуцдаг. Ингэхдээ есдүгээр сараас эхлэн аль аймгийн хэчнээн сургуульд сандал ширээ хуваарилж, нийлүүлэх үү гэдгийг шийддэг. Одоогийн байдлаар нийслэл болон орон нутгийн хэдэн сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх шаардлагатай байгааг Боловсролын яамнаас авч танилцаж амжаагүй байна. Улсын төсөвт жил болгон тоног төхөөрөмжийн нөхөн хангалт хийх болон шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах зардлыг улсын төсөвт суулгаж өгдөг.
2025 оны улсын төсөвт сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж авах зардалд 32 тэрбум төгрөг суулгаж өгсөн.
2025-2026 оны хичээлийн жилд 72 байрыг боловсролын сургалтын байгууллагын зориулалтаар ашиглалтад оруулна гэж тооцоолсон. Үүнд хэд нь сургуулийн зориулалтаар хэд нь цэцэрлэгийн зориулалтаар байхыг нь тооцож гаргаад ингээд дээр төсөвлөсөн мөнгөө шинээр ашиглалтад орж байгаа болон актлагдсан сургуулийн ширээ, сандал болон цэцэрлэгийн тоног төхөөрөмжид зарцуулдаг. Энэ ажлыг салбарын сайд хариуцаж, худалдан авах ажиллагаа зарлаад явдаг. Мөн зарим сургуулиудын хувьд өргөтгөл ашиглалтад оруулж байгаа тэгэхээр энэ мэтчилэн өргөтгөл барьсан сургуулиуддаа хэдийг нь өгөх юм, шинээр ашиглалтад орсон сургуульдаа хэдэн ширээ, санал нийлүүлэх вэ гээд тухайн жилийн төлөвлөгөөгөө гаргаад нийлүүлэлтээ хийдэг.
– Жил болгон зарим сургуулийн хүүхдүүд түрээсийн байранд хичээллэж байна. Ингэхдээ тухайн байр нь стандартын бус байгаад байна л даа. Түрээсийн байрыг хэрхэн яаж сонгодог юм бэ?
-Сургалтын зориулалтаар байр түрээсэлж хичээллүүлнэ гэдэг бол түр зуурын л арга хэмжээ. Угтаа хүүхдүүд сургалтын зориулалтаар баригдсан стандартын анги, танхимд хичээллэх ёстой. Улаанбаатар хотод төвлөрөл эрс нэмэгдэж хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь бидний хөрөнгө оруулалтыг нь батлаад шинээр барьж ашиглалтад оруулж байгаа сургуулийн тооноос хүүхдийн тоо хурдтай өссөнөөр сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байна. Зөвхөн 2025 онд боловсролын салбарт 328 хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа ингэснээр сургуулийн тоо 50 мянгаар, цэцэрлэгийн хүүхдийн орны тоо 30 мянгаар нэмэгдэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийлээ. Гэхдээ нэг барилга, байгууламж барьж ашиглалтад оруулахад гурван жил зарцуулна. Гэтэл нэг жилд 30 орчим мянган хүүхэд сургуульд элсэж байна. Нэг үгээр хэлбэл, гурван жилд бид 50 мянган хүүхэд гэж тооцож байхад нэг жилд 30 мянгаар нэмэгдээд байна шүү дээ. Ингээд зөрүү үүсээд байгаа биз. Тэгээд сургууль, цэцэрлэгт хүртээмжгүй болоод байгаа юм.
Энэ жилийн хувьд цэцэрлэгийн 87 байр түрээсэлж, үүнд 11 мянган хүүхдийг сургахаар төлөвлөсөн.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 36 сургуулийн 480 бүлгийн 20 орчим мянган хүүхдэд ачаалал үүсч гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсэх юм байна гэдэг тооцоо судалгааг гаргасан. Ингээд 30 сургуулийн 17 мянган хүүхдийг гурван ээлжээр хичээллэх эрсдэлээс хамгаалж түрээсийн байранд хичээллүүлж байгаа. Мөн хичээлийн шинэ жил эхлэхэд зургаан байршилд хүндрэл үүссэнийг эхнээс нь шийдээд явж байна. Тухайлбал, 141 дүгээр сургууль ачаалал маш их. Тэнд сургалтын байр түрээслэх гэхээр байр олдохгүй байна. Тус сургууль 960 хүүхдийн суудалтай. Гэтэл 200 орчим хүүхэд төгсөж байхад эргээд зөвхөн нэгдүгээр ангид 600 гаруй хүүхэд элсэн орж байна. Дөрвөн жилийн өмнө энд нөхцөл байдал хүндрэх нь ээ. Тэгэхээр шинээр барьж байгаа байрнуудынхаа 1-2 давхрыг цэцэрлэг, сургуулийн сургалтын зориулалтаар авмаар байна аа гэж сануулсаар байна. Гэсэн ч шинээр баригдсан хотхон, хорооллуудад бага сургууль, цэцэрлэгийн зориулалттай байр гаргаж өгөөгүй. Бид тэр хотхон хорооллыг төлөвлөдөггүй. Хот төлөвлөлтийн асуудал боловсролын салбарт ихээхэн хүндрэлтэй байдаг. Тиймээс л түрээсийн байр гэсэн арга ядсан арга хэмжээг авч байна шүү дээ. Дээрээс нь хамран сургах тойргийг нийслэлийн боловсролын газар тогтоодог. Ингэхдээ 2 км-ын зайд нэг л сургууль байлаа гэж бодоход тэнд багтахгүй гэдгийг мэдсээр байж хамран сургах тойргийг тогтоодог энэ мэт асуудлууд бий.
-Боловсролын салбарын бас нэг тулгамдаж буй асуудал багшийн дутагдал. Энэ оны хичээлийн жилд хэчнээн багш дутагдаж байгаа вэ?
-Өнгөрсөн зургадугаар сард гаргасан судалгаагаар, энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ЕБ-ын сургуульд 3324 багш дутагдалтай байсан. Ингээд бид энэ сул орон тоог нөхөхийн тулд орон нутгууд багш бэлтгэдэг сургуулиудтай хамтарч ажилласан. Тухайлбал, тухайн дутагдаж байгаа мэргэжлийн багшаар суралцаж байгаа гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг цалинтай дадлагажигч багшаар урьж ажиллуулж байгаа. Хичээл эхлээд дутагдалтай байсан орон тоо нөхөгдөх юм бол оюутнуудыг цэвэр дадлагыг нь хийлгэхээр төлөвлөж ажиллуулж байна. Мөн багшлах эрх олгох 45 хоногийн сургалтад сууж багшлах эрх авсан болон тэтгэвэртээ гарсан багш нарыг урьж цагаар ажиллуулах гэх мэт зохицуулалтыг хийж байна. Энэ мэт зохицуулалтыг хийж өгснөөр дээрх орон тоог 50 хувь бууруулж одоогийн байдлаар 1672 багшийн сул орон тоо байгаа.
Эдгээр сул орон тоонд байгалийн ухааны чиглэлийн хичээлүүд буюу англи хэл, математик, физик, хими, биологийн хичээлийн багш хамгийн их дутагдаж байна.
Одоогийн бидний тооцоолсноор сургуульд элсэх хүүхдийн тоо нэмэгдэх тусам багшийн сул орон тоо улам л өснө. Учир нь манай ЕБ-ын сурагчдын судлах хичээлийн тоо маш их. Ахлах ангид бараг 20-иод хичээл үзэж байгаа. Тэгэхээр, энэ хичээл болгонд багш хэрэг болно. Тиймээс цаашид хичээлийн хөтөлбөрөө хэрхэн яаж шинэчлэх вэ, одоо үзэж байгаа судлах хичээлийн тоог яаж бууруулж болох вэ, агуулгыг нь нэгтгэх боломжийг судалж бодлогын түвшний шинэчлэлийг хийхээр Боловсролын яам судалгаа хийж байгаа.
-Энэ хичээлийн жилээс гуравдугаар ангийн сурагчдад англи хэл орж эхэлж байгаа тиймээ. Багш нарын хүрэлцээг яаж шийдэж байна.
-Өнгөрсөн 2024-2025 оны хичээлийн жилд 100 орчим сургуулийн гурав, дөрөвдүгээр ангийн сурагчдад англи хэлийг нэмэлтээр орж туршсан. Ингээд энэ чиглэлээр үндэсний сургагч багшийг бэлдсэн. Улмаар энэ хичээлийн жилд төрийн өмчийн 700 орчим сургуулийн гурав, дөрөвдүгээр ангийн 4900 бүлэгт долоо хоногт хоёр цагаар англи хэлний хичээлийг нэмэлтээр орж байгаа.
-2025-2026 оны хичээлийн жилд бага ангийн сурагчдын сурах бичгийн хөтөлбөрийг шинэчилнэ гэж байсан. Гэтэл хичээл эхлээд сурагчид сурах бичиггүй багш нар даалгавраа цаасан дээр хэвлэж өгч байна гэх шүүмжлэлийг эцэг, эхчүүд хэлээд байна л даа. Сурах бичиг шинэчлэх ажил ер нь юу болов.
– Сургуулийн өмнөх болон ЕБ-ын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг шинэчлэх ёстой байсан. Гэвч тодорхой шалтгаан, маргааны улмаас энэ асуудал хойшилж энэ хичээлийн жилд хуучин хөтөлбөрөөр нь сурах бичгүүдээ хэвлэж эхнээсээ орон нутгуудад хүргэж байгаа. Мөн энэ долоо хоногоос эхлэн сургуулиудад тарааж өгнө. Ингэхдээ, нэгдүгээр ангийн хүүхдүүдэд 100 хувь үнэгүй хэвлэж өгдөг бол 2-5 дугаар ангийн сурагчдад актлагдсан сурах бичгийг нэгж байгууллагын захиалгын дагуу үнэ төлбөргүй нөхөж олгодог. 6-12 дугаар ангийнханд түрээсэлж олгодог, худалдаж авч болно. Харин зорилтот бүлгийн хүүхдүүдэд номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй олгож байгаа. 2026-2027 онд хичээлийн хөтөлбөр шинэчилнэ үүнийг дагаад сурах бичиг шинэчлэгдэнэ. Харин СӨБ-ын хөтөлбөрийн шинэчлэл эхэлсэн. Ингэснээр үндэсний сургагч 400 багш бэлдээд эдгээр багш нараар дамжуулж энэ хичээлийн жилд СӨБ-ын бүлэг удирдах 10 мянга гаруй багшид шинэ хичээлийн хөтөлбөрөө таниулах, ойлгуулах ажил хэрэгжиж байгаа.
-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл гэснээс эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулсан уу, нэг хэсэг энэ хичээлийг хассан байснаа эргээд заавал үзэх хичээл болгож хөтөлбөрт оруулж өгсөн шүү дээ.
-Тийм. 2018-2019 оны хичээлийн жилд эрүүл мэндийн хичээлийг заавал судлах агуулгаар сургалтын төлөвлөгөөнд оруулж өгсөн. Ингэснээр 4-12 дугаар ангид уг хичээлийг зааж байгаа. 2013-2018 оны хооронд эрүүл мэндийн хичээлийг ЕБ-ын сурагчдад ороогүй бараг таван жил тасарсан. Үүнээс буюу 2014 оноос өмнө энэ хичээлийг ордог байхад МУБИС-д эрүүл мэндийн хөтөлбөрийн багшийг байгаль шинжлэл эрүүл мэнд, биеийн тамир эрүүл мэнд гэх мэт хосолсон хэлбэрээр болон дангаар нь гээд 500 гаруй багшийг бэлтгэсэн байдаг. Гэвч дээр хэлсэн хэсэг энэ хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассанаар энэ чиглэлийн багш нарын 50 хувь нь өөр мэргэжлээр мэргэшиж өөр салбар руу орсон. Ингээд энэ хичээлийг сургалтын хөтөлбөрт дахин оруулснаар биологийн хичээлийн багшийг эрүүл мэндийн хичээлийг заахаар зохицуулсан. Улмаар хичээлийн хөтөлбөрт зургаан агуулгыг оруулж өгсөн үүнд бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг бие даасан агуулгаар оруулж өгсөн байгаа.
-Цаашид нэгдүгээр ангид элсэх сурагчдын тоо улам нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, 2030 он гэхэд нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тоо 80 мянга хүрнэ гэдгийг албаныхан мэдээлж байгаа.Тэгэхээр энэ сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх гарц, гаргалаа байна уу?
– Цаашид энэ асуудлыг шийдэх боломж бий л дээ. Энэ юу вэ гэхээр, шинээр бизнесийн зориулалттай ч бай орон сууц гээд барилга байгууламж барихдаа нэг, хоёр давхрыг нь заавал сургууль, цэцэрлэгийн зориулалттай барина гээд бодлогоор төр зохицуулах нь чухал байна. Ингэж чадвал уг асуудлыг шийдэж болно. Бас нэг асуудал байгаа нь эсрэгээрээ хүчин чадалдаа хүрч хүүхэд элсүүлж чадахгүй байгаа 30 гаруй цэцэрлэг байна. Эдгээр цэцэрлэгүүдэд удахгүй нэмэлт элсэлт зарлана.
-Та сая хүүхэд элсүүлж чадахгүй цэцэрлэгүүд байна гэлээ. Энэ ямар шалтгаантай байна.
-Залуучуудын нүүдлээс л шалтгаалж байна л даа. Учир нь залуучууд барилгажилтаа дагаад шилжин суурьших нь нэмэгдэж байна. Ингээд иргэдийн урсгалаа дагаад зарим байршилд ачаалал бага нөгөө талд хотхон хороолол хурдацтай баригдаж байгаа газруудад цэцэрлэг, сургуулиа шийдэж өгөхгүй байснаас ачаалал нь хэт ихсээд байгаа юм. Цаашдаа сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд дээр хэлсэн хотхон хорооллын төлөвлөлттэй уялдуулах шаардлагатай. Магадгүй энэ жил ЕБ-ын 830 мянган хүүхэд хүлээж авч байгаа бол дөрвөн жилийн дараа 900 мянган хүүхэд хүлээж авна. Тиймээс бид үүнд бэлдэх шаардлагатай. Ингэхийн тулд нийслэл болон орон нутагт салбар дундын уялдаа холбоог сайжруулах нь зүйтэй.
3,607.57






















































Холбоотой мэдээ