Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр /2025.09.08/ Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал болж байна. Энэхүү шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Найдалаа нар оролцож байгаа бөгөөд тэднийг гэм буруутай гэж Улсын дээд шүүхээс шийдвэрлэсний дагуу анхан шатны тойргийн шүүх хэргийг ийн дахин хэлэлцэж байгаа юм.
Хэрэг явдлыг тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан автозамыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдан авсан. Мөн “Бэрэн” ХХК-д Хөгжлийн банкнаас зээл олгоход дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг нөлөөлсөн гэж үзэн буруутгаж ирсэн. Эл асуудлыг өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон ч Улсын дээд шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх прокурорын эсэргүүцэл үндэстэй гэж үзэн, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү шилжүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдаж байв. Тэрбээр “Бэрэн групп” ХХК-д 22.7 сая хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гарч байсан.
Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж дүгнэсэн юм.Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоог нотлох баримтад тулгуурлан тодорхойлж үйл баримтын дүгнэлт хийгээгүй. Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн холбогдсон бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны, үндэслэлтэй болсон гэж шийдвэрлэсэн юм.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ