niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 13:02 UTC Эх: https://news.mn/r/2821142/ 4a94ecb2b9cf71de… ← niitlelch.mn руу буцах

Ахмадуудын 50 мянга нь тэтгэврээ 100 хувь зээлд суутгуулж байна

Хуучирсан мэдээ: 2025.09.05-нд нийтлэгдсэн

Ахмадуудын 50 мянга нь тэтгэврээ 100 хувь зээлд суутгуулж байна

Ахмадуудын 50 мянга нь тэтгэврээ 100 хувь зээлд суутгуулж байна

Монголбанкнаас өнөөдөр/2025.09.05/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүллээ.


Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал, гео-эдийн засгийн хуваагдал, худалдааны маргаан зэрэг гадаад шок давамгайлж буй энэ үед макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалах, эдийн засгийн уналтаас сэргийлэх, тогтворжуулах нь бодлогын гол сорилт хэвээр байна. Харин дотоод хүчин зүйлсийн хувьд, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хэт өсөлт, давхар зээлтэй иргэдийн нэмэгдэл зэрэг эрсдэл нь санхүүгийн тогтвортой байдалд эмзэг байдал үүсгэж байгааг илтгэгчид онцлов.

Иймд Монголбанк ирэх онд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд одоогийн 6 хувийн инфляцийн зорилтыг 2027 оноос буюу дунд хугацаанд бууруулж 5 хувь (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Монгол Улсын зээлжих зэрэглэл, гадаад нэр хүнд маш чухал. 2024 онд зээлжих зэрэглэл сайжирсан. Цаашид үнэлгээг бууруулж болзошгүй хүчин зүйл нь түүхий эдийн шок, валютын нөөц, эдийн засгийн өсөлтийн тогтвортой бус байдал зэрэг болно.

Мөнгөний бодлогын хүү буурч чадахгүй байгаа гол чухал хүчин зүйл нь инфляци. Монголын эдийн засаг нийлүүлэлтийн болон улирлын үнийн савлагаанд өртөмтгий инфляцитай.

Одоо инфляци 8.1 хувь байгаа. Үндэсний статистикийн хороо инфляци зарладаг, хэрэглээний сагсаа бүрдүүлэхдээ 429 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг авч үздэг. Үүнээс инфляцид хамгийн нөлөөтэй нь 20 бараа. Үүн дотроо хамгийн нөлөөтэй нь төрийн зохицуулалттай бараа.

Тодруулбал, төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр, ус, цахилгааны төлбөр, автобусны үнэ инфляцид хамгийн их нөлөө үзүүлдэг, Мөн мах, махан бүтээгдэхүүн инфляцид хамгийн их нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүнд ордог.

Эдгээр нь бараг инфляцийн 50 гаруй хувийн савлагааг үүсгэдэг. Ийм өндөр савлагаатай тохиолдолд инфляцийг удирдахад төвөгтэй.

Зээлийн хүү өндөр, зээлийн хүү бага улс орнуудын макро хүчин зүйл юу байн вэ гэдгийг шинжилж үзэхэд хамгийн том ялгаа үзүүлж байгаа нь инфляци, ханшийн хэлбэлзэл хоёр.

Тухайлбал, зээлийн хүү нь 10-аас дээш хувьтай улс орнуудын хувьд дундаж инфляци 7.9 хувь байгаа бол зээлийн хүү нь 10 хувиас бага улс орны хувьд дундаж инфляци нь 2.8 хувь.

Энэ нь 2014-2023 оны тоонд үндэслэж хийсэн судалгаа.

Зээлийн хүү нь 10-аас дээш хувьтай улсын орны хувьд ханшийн хэлбэлзэл нь жилд дунджаар 7.3 хувиар хэлбэлздэг, зээлийн хүү нь 10 хувиас бага орны хувьд ханш нь жилд 2.3 хувиар хэлбэлздэг.

Ханш, инфляци хоёр зээлийн хүүнд очиж нөлөөлөөд байгаа юм нь тухайн улсын дотоод валют болон гаднаас орж ирж байгаа валютынх нь суурь өртгийг тодорхойлдог. Валютынх нь суурь өртөг нь санхүүгийн зах зээлийн суурь өртөг болж байгаа учраас зээлийн хүүнд очиж шингээд байгаа. Инфляцийг бууруулахгүй бол зээлийн хүүг бууруулахад маш төвөгтэй. Инфляцийг бууруулж байж, төгрөгийн инфляциар идэгдээд байгаа бодит үнэ цэнэ доошоо бууж орж ирнэ. Энэ нь бодлогын хүү, хадгаламжийн хүү, эх үүсвэрийн хүү доошоо буух бололцоог олгоно.

Доллар талаасаа оруулж ирж байгаа эх үүсвэрийн хүү бол банкууд өнөөдөр 8 орчим хувиар гаднаас эх үүсвэр босгож байгаа. Банкнаас бусад аж ахуй нэгж 9 хувь, Засгийн газрын гадаад бондын хүү 6-7 хувийн хүүтэй байгаа.

Энэ хүүг бид доошоо 200-300 дахин бест пойнтоор буулгаж байж, зээлийн хүү буух орон зай үүсгэнэ гэлээ.

Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өглөө.

-Гадаадын банк Монголд орж ирэхэд эрх зүйн зохицуулалт боломж олгохгүй байна гэдэг асуудал яригддаг?

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.БАЯРДАВАА: 

-Гадаадын банктай холбоотой асуудлыг үндсэн чиглэл дээр тусгасан, эрх зүйн зохицуулалтын хүрээнд хууль журмуудыг нэлээд өөрчилсөн. Гададын банк орж ирэхэд хуучин байсан маш хатуу нөхцлийг сулруулж нээлттэй болгосон. 2023 оноос хойш Монголбанкны ерөнхийлөгч гадаад бизнес уулзалтад оролцохдоо,  гадны банкуудтай уулзахдаа нөхцөл байдлаа танилцуулж, эрх зүйн орчин өөрчлөгдөж зөөлөрсөн гэдэг мэдээллийг өгч байгаа.

Хууль эрх зүйн хүрээнд, бодлого зохицуулалтын хувьд гадаадын банк орж ирэхэд хязгаарласан зүйл байхгүй.

-Өрхийн өрийн дарамт 2026 онд яах вэ. Давхар зээлийн дарамтыг бууруулахад банкны салбарт ямар арга хэмжээ авах вэ. Зээлийн өр, орлогын харьцааны шалгуур үзүүлэлтийг үргэлжлүүлэх үү?

-Макро зохистой бодлогын хүрээнд өр, орлогын харьцааны шаардлага хэрэгжээд явна.  50 хувь болсноор хамгийн бага түвшиндээ хүрсэн. 2018 оноос хойш хэрэгжүүлсэн.   70 хувь байсан өр орлогын харьцаа банкны системд 50 хувь болж  буурсан. Нэг талаасаа өрхийн өрийн дарамтыг бууруулах гэж ярьж байгаа боловч банкны системийн зээлийг бизнесийн зээл рүү чиглүүлэх том агуулгатай. Тэгж байж ажлын байр нэмэгдэж, орлого бий болж Монголын эдийн засаг тэлнэ.

Сүүлийн үед гарч ирж байгаа сорилт бол Зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг бодит цагийн горим руу шилжүүлэх шаардлага үүсэж байгаа. Банк болон санхүүгийн байгууллагын зээлдэгч байгууллагыг илүү финтект суурилсан илүү хурдтай зээлийн шийдвэр гаргаж байгаа нь өөрөө зээл олголтын хурдыг зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл цуглуулах тэр мэдээллийг боловсруулаад эргээд зээлдэгч байгууллага руугаа олгоход хугацааны хоцрогдол үүсгээд эрсдэл үүсэж болзошгүй учраас энэ дээр том хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байгаа.

-Ирэх онд ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үү. Орон сууцжуулалтын банк байгуулах асуудалд Монголбанк оролцох уу?

-Ипотекийн зээл үндсэн чиглэлд тусаагүй. Гэхдээ төв банк энэ зээлийг хариуцах нь зохисгүй, төсвийн шинжтэй арга хэмжээ хэрэгжүүлж байгаа учраас Засгийн газарт өгөх хэрэгтэй гэдэг зөвлөгөөг олон улсын байгууллага өгдөг. Засгийн газар талаас ипотекийн зээлийг яаж авах вэ, том мөнгөн дүнгийн тухай ярьж байгаа учраас тогтвортой хэрэгжүүлэхэд доголдол үүсэх вий гээд шийдэж чадахгүй явж байгаа. Дэлхийн банктай энэ чиглэлээр олон улсын сайн тургшлага судлаад явж байна.

Энэ жил болон ирэх жилийн хувьд ипотекийн эх үүсвэрийн хэмжээний тухайд, хуучин бондын эргэн төлөлтөөс 600 орчим тэрбум, Баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын сангаас 500 тэрбум өнгөрсөн жил орж ирсэн.  Энэ жилийн хувьд оны төгсгөл рүү дээрх хэмжээний эх үүсвэр орж ирэх байх, тэр нь ипотекийн зээл рүү гарах байх. Ирэх жил ч гэсэн энэ дүнгээр ипотекийн санхүүжилт үргэлжлээд явах болов уу.

-Цаашид тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцаанд  хязгаар тавих уу?

-Монголбанк өнгөрсөн гурван сараас эхлээд янз янзаар тогтоож үзээд, больсон. Тэтгэврийн зээлд хязгаар тогтоохын тулд хуулиар л арга хэмжээ авахаас аргагүй юм байна лээ. Агуулга нь юундаа байна вэ гэвэл тэтгэврийн зээл хэтэрхий өсөөд хэрэглээний зээлийг дэвэргээд эдийн засагт сөрөг үр дагавар үүсгээд байгаа даа биш.

Тэтгэврээ барьцаанд тавьж байгаа хүмүүсийн хувьд санхүүгийнх нь хувьд эрх ашиг нь төвөгтэй байдалд орж байгаа талаас нь харж хамгаалах ёстой юм билээ.

Сард 600 мянган төгрөгийн тэтгэвэр аваад 100 хувь банкны зээл болгохоор  дараа нь өдөр тутмын амьжиргааг хангах мөнгөгүй болохоор дараагийнхаа зээлийг сараар сунгаад явдаг тогтолцоо руу орчихоод байгаа. Нийт 500 мянган ахмадаас 50 хувь нь тэтгэврийн зээлтэй. Тэднээс 40-50 мянга нь 100 хувь тэтгэврээ зээлд суутгуулдаг. Зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах талаас харж арга хэмжээ авсан.  Гэвч жагсаал цуглаан хийнэ гэсэн учраас Мөнгөний бодлогын хороон дээр хэлэлцээд  тэтгэврийн зээлд тавьсан шалгуурыг цуцалсан.

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс зохицуулалт авахдаа Санхүүгийн зохицуулах хороо,  Монголбанк хоёр тусдаа зах зээлийг зохицуулж байгаа учраас хуулиар арга хэмжээ авах ёстой юм байна гэдэг бодол надад бий.

Бид нар уг нь санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг боловсруулаад хоёр жилийн өмнө өгсөн ч хэлэлцэлгүй, өдийг хүргэсэн. Тэр төсөл дээр санхүүгийн хэрэглэгчийг өрийн дарамтад оруулахгүй байх хуулийн заалт нь байгаа юм.

-2026 онд төлбөрийн тэнцлийн суурь төсөөллийн төлөв байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Төлбөрийн тэнцлийн суурь төсөөллөөр хамгийн түвэгтэй жил нь энэ жил. Нүүрсний орлого дээр энэ жил 2 тэрбум гаруй ам.доллар алдсан.

Хоёр тэрбум гаруй ам.долларын алдсан орлогын энэхүү дутагдлыг санхүүгийн салбараас нөхөж байгаа. Санхүүгийн салбар 1.5-1.6 тэрбум ам долларыг оны эхнээс Монголын зах зээл рүү оруулж ирж, нийлүүлж байгаа.

Энэ бол өнөөдөр үүсэж болзошгүй байсан сөрөг нөлөөллийг зөөллөж, төлбөрийн тэнцлийг өнөөдөр 5.6 тэрбум ам.доллартай гарахад нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл.

Зогсонги байдалд орсон байсан нүүрсний татан авалт өнгөрсөн долоо наймдугаар сараас гацаа нь арилаад хэвийн үргэлжилж байна. Энэ бол сайн мэдээ. Хамгийн том эрсдэл нь нүүрсний орлого дээр дутаж байгаа 2 тэрбум ам.долларын 80 хувь нь үнийн бууралттай холбоотой. Цаашдаа нүүрсний үнэ дээр өөдрөг төсөөлөл тавиагүй. Мөнгөний бодлогод ирэх жил нүүрсний үнэ 60 ам.доллар байх болов уу гэж төсөөлсөн. Төсөв дээр 70 ам.доллараар нүүрсний үнийг тавьсан байгаа. Мөн 2026 оны төсөв дээр 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бид бол 80 орчим сая тонн нүүрс экспортлохоор авсан. Нүүрс төлбөрийн тэнцэл дээр орж ирж байгаа валютын урсгалын талаас дээш хувийг бүрдүүлж байгаа том бүрэлдэхүүн хэсэг.

Нөгөө талаар экспортын орлого дээр Оюутолгой төсөл нөлөө үзүүлнэ. Оюутолгой төсөл хоёр жилийн өмнө 3 тэрбум ам.доллар хүрэхгүй орлоготой байсан бол ирэх жил 4.5 тэрбум ам.долларын орлого олох болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Далд уурхайн бүтээн байгуулалт тэндээс олж байгаа үйлдвэрлэлийн тэлэлттэй холбоотой.

Монголын эдийн засаг руу оруулж байгаа Оюутолгойн том урсгал бол 1.8-1.9 тэрбум орчим ам.доллар байх болов уу. Хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа боловч дотоодын үйл ажиллагаа худалдан авалтаа санхүүжүүлэх юм нь явна. Төсөлтэй холбоотойгоор Оюутолгойн зээл хуримтлагдсан хүүнээсээ тодорхой хэмжээний төлөлтийг 2026 оноос эхлээд хийгээд явна. Энэ нь Монгол Улсын гадаад өрийн хэмжээ буурахад эерэг үр дүнг үзүүлэх болов уу гэдэг хүлээлттэй байна.

Алтны хувьд 15-16 тонн алт дотоодоос худалдан авч экспортлох болов уу гэдэг хүлээлттэй байна. Ирэх жилийн тухайд алтны үнэ дээр тодорхой бус байдалтай боловч 3000 гаруйтай гэдэг дүн яваад байгаа учраас нийтлэг дундаж үнэ авсан.

Төмрийн хүдэр, нефть хоёр дээр том уналт болон дээшээ өссөн үнэ байхгүй тул суурь төсөөллийнхөө орчимд байгаа.

Төлбөрийн тэнцлийнхээ  гарах урсгалын хувьд импорт энэ жилийн хувьд эхний долоон сарын байдлаар өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 8 орчим  хувийн уналттай явж байна.

Бодлогын тохируулга талаасаа ч тэр дээрээс нь нэг удаагийн түр зуурын шинжтэй импорт байсан гэдэг утгаараа импорт агшсан явж байна. Импортын агшилт ирэх жилийн хувьд энэ жилийн төвшнөөс доош унана гэж хүлээхгүй байна. Энэ жилийн хувьд уналттай гарна, ирэх жилийн хувьд бага зэргийн өсөлттэй гарах болов уу.  Төсвийн тэлэлт, бизнесийн тэлэлт, эдийн засгийн өсөлт, зээлийн өсөлт энэ бүхэнтэй нийцтэйгээр тодорхой хэмжээний импортын өсөлт тавьсан.

Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд том төслүүд дээр том урсгал тавиагүй, бусад сектор дээр 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгддэгээрээ хийгдээд явах байх. Оюутолгой төсөл дээр 400-500 сая ам.долларын бүтээн байгуулалттай холбоотой зардал явах болов уу гэдэг төсөөлөлттэй байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж